Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

К.Нямдаваа: Экологийн цагдаагийн алба урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна DNN.mn

Нийслэлийн иргэний танхимд өчигдөр “Хүн бүр байгаль хамгаалагч” зөвлөгөөнийг зохион байгуулллаа. Зөвлөгөөнийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн байгаль орчны газар хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр Экологийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваатай ярилцлаа.


-Өнөөдрийн (өчигдөр) “Хүн бүр байгаль хамгаалагч” зөвлөгөөний үр дүнг юу гэж харж байна вэ?

-Өнөөдөр (өчигдөр) Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал, Нийслэлийн байгаль орчны газартай хамтарч “Хүн бүр байгаль хамгаалагч” нэртэй зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөний зорилго нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, салбарын бодлого, зорилтын хэрэгжилтийг хангах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.

Түүнчлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурласан урьдчилан сэргийлэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх агуулгатай юм. Түүнчлэн энэ сарын 15-наас эхэлж нэг сарын хугацаатай “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг зохион байгуулна. Энэхүү аяны зорилго, чиглэлийг иргэд олон нийтэд хүргэхэд мөн энэ зөвлөгөөнд чухал ач холбогдолтой юм.

Зөвлөгөөнд байгаль орчны чиглэлээр тулгамдаж буй зарим асуудлыг судалсан судлаач эрдэмтдийн илтгэлийг гарган тавьж байгаа нь чухал ач холбогдолтой байна. Тухайлбал ой мод, ус, ургамал, хөрсний бохирдол зэрэг тулгамдаж буй асуудлыг тодорхой судалгааны үндсэнд гаргаж илтгэлүүдийг танилцуулж байна.

-Өнөөдрийн байдлаар хөдөө орон нутагт экологийн цагдаагийн орон тоо хэд байна вэ. Сум бүрт экологийн цагдаа бий юу, хэсгийн төлөөлөгч нь давхар хийж байна уу?

-Экологийн цагдаагийн алба нь 2022 онд байгуулагдсан. Тус байгууллага нь Нийслэл хотод алба, 21 аймагт экологийн цагдаагийн албаны ажил хариуцсан байцаагч, мэргэжилтнүүд гээд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Түүнчлэн бүх сумдад биш ч зайлшгүй нэн шаардлагатай аймгийн зарим сумдад бие даасан экологийн асуудал хариуцсан байцаагч нар ажиллаж байна. Тус алба нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиг үүргийн нэгжүүдтэй юм. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын орц гарцын найман цэгт хяналт, шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шалган нэвтрүүлэх цэгүүдийг хариуцсан нэгж гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Экологийн цагдаагийн алба нь зөвхөн бие дааж үйл ажиллагаа явуулахаас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн байгаль орчны газрууд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтарч байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг юм. Бидний тавьж буй зорилго нь байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахаас, устгаж сүйтгэхээс нь өмнө хамгаалахад анхаарал хандуулан ажиллах юм. 2023 онд Экологийн цагдаагийн алба урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгох зорилт тавин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг зохион байгуулсан. Орчны бохирдол гэж юу вэ, хөрс, ус, агаарын бохирдол юунаас үүдэлтэй вэ гэдгийг мөн хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан бохирдол яаж үүсдэг вэ гэдэг талаар иргэдэд мэдээлэл өгөх нь чухал. Тухайлбал, ундны усны бохирдол юунаас шалтгаалдгийг иргэдэд ойлгуулж, таниулах нь чухал юм. Үүнд, Нийслэл Улаанбаатар хотын хувьд ундны усны гол тэжээгч бол Туул гол. Газрын гүний хөрсний ус, Туул гол хоёр харилцан бие биенээ тэжээж байдаг учраас хөрсний бохирдол гэдэг асуудалд иргэд анхааралтай хандах ёстой. Ялангуяа гол мөрний татмыг бохирдуулахгүй, гуу жалгыг хог хаягдлаар дүүргэхгүй байж, гэр хорооллын нөхцөлд муу ус, нүхэн жорлонгийн асуудлууд стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Хөрс бохирдсоноор ундны усны тэжээгч болох Туул гол бохирдох аюултай юм.

-Экологийн албаны хувьд хууль бус ан агнуур, хууль бус мод бэлтгэлтэй хэрхэн тэмцэж, ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?

-Хууль бус мод бэлтгэл нь хөдөө орон нутагт ихэнхдээ үйлдэгддэг гэмт хэрэг. Үүнд бид өөрсдийн хариуцсан мэргэжилтнүүддээ ямар ажил арга хэмжээг зохион байгуулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх ёстой вэ гэдэг заавар зөвлөгөөг өгдөг. Түүнчлэн хөдөө орон нутагт амьдардаг иргэд зохих зөвшөөрөлгүйгээр дур зоргоороо мод тайрах, огтлох үйлдэл гаргаж байна. Мөн модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд онцгой анхаарал тавьж хяналт шалгалтын ажлыг хийдэг. Орон нутагт энэ чиглэлээр явуулын хяналт шалгалтыг давхар хийж байгаа. Мөн орон нутгийн зам дагуух болон ойн бүсэд хяналт шалгалтыг хийж, зохих зөвшөөрөлтэй ч зөвшөөрлөө буруугаар ашиглаж мод бэлтгэж, сүйтгэсэн асуудлууд илэрч байна. Бид цаашдаа өргөн хүрээнд технологийн шийдлийг ашиглаж хяналтын системээ далайцтай үргэлжлүүлнэ.

Орон нутагт үйлдэгдэж буй хууль бус ан, агнуурын хувьд зэрлэг амьтны эд эрхтнийг янз бүрийн дам яриа байдлаар ашиглаж, хэрэглэдэг гэсэн буруу зөрүү мэдээллээс болоод агнах явдал цөөнгүй байна. Тухайлбал, тарваганы эд эрхтэн биеийн эд эрхтэнд сайн, янгир, гөрөөсний цус уух, хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэх зэрэг иргэд дундын аман ярианууд нь шинжлэх ухаанаар батлагдаагүй юм аа. Зэрлэг амьтад нь янз бүрийн празит шимэгч вирус тээгчид байдаг учраас хүний биед орох үед ямар сөрөг нөлөө, өвчлөл үүсгэх вэ гэдгийг иргэдэд ойлгуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг давхар зохион байгуулна.

-Нийслэл Улаанбаатар хотын хувьд экологийн хамгийн тулгамдсан асуудал бол агаарын бохирдол шүү дээ. Үүнтэй хэрхэн тэмцэж, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Агаарын бохирдолтой тэмцэх асуудалд Экологийн цагдаагийн албаны хувьд агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлс юу байна, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан бохирдол үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар зөв ойлголт, мэдээлэл өгөх чиглэлийн ажлыг хийж байна. Түүнчлэн хяналт шалгалтын чиглэлээр давхар ажлыг зохион байгуулж байгаа. Янз бүрийн шатах материалыг шатааж түлж, галлагаанд хэрэглэх асуудалд бие даасан хяналт шалгалтын ажлыг явуулдаг.

-Машины нүүрсэн яндан экологийн хамгийн том асуудал шүү дээ. Нүүрсэн яндангийн асуудал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Нүүрсэн яндан нь автомашины яндангаас гарч буй утааны хортой бодисын элементүүдийг ялгаж авах зориулалттай. Нүүрсэн янданг ашиг олох, үнэд хүрдэг гэдгээс үүдэж хулгайлах асуудлууд их байдаг. Энэ чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтарч нүүрсэн яндангийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дорвитой ажлуудыг зохион байгуулж өнгөрсөн хугацаанд нүүрсэн яндангийн хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн. Түүнчлэн зарим хүмүүс нүүрсэн яндангийн учир холбогдлыг мэдэхгүйгээсээ болоод цөөхөн хэдэн төгрөгийн ашиг олох зорилгоор яндангаа аваад бусдад зарах тохиолдол ч гардаг. Ингэж болохгүй юм. Тиймээс агаарын бохирдолд энэ асуудал асар их нөлөө үзүүлдэг учраас танин мэдэхүйн шинжтэй сурталчилгаа, үйл ажиллагааг явуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *