Х-Түц продакшны жүжигчдийг хөшигний араас харлаа. Тэдний тоглосон “Бид амьдралд хайртай” шоу тоглолт Соёлын төв өргөөнд өдөр бүр болж буй. Энэ удаагийн тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар хамтарч байгаагаараа онцлог билээ. 18:00 цагт Соёлын төв өргөөг зорин очиход хамтлагийн уран бүтээлчид тоглолтдоо бэлдэж тус, тусын ажлаа амжуулан завгүй гүйцгээх аж. Тайзны арын хувцасны өрөө рүү ороход өрөөг өлгүүрээр хоёр хэсэг болгон хуваажээ. Өрөөний зүүн талд эмэгтэйчүүдийн хувцсаа сольж нүүр будах хэсэг байв. Жүжигчин И.Одончимэг, Г.Ундармаа нар гоо сайхны ширээний ард үсээ янзлуулан, нүүрээ будаж суулаа. Тасалгаатай өлгүүрт янз бүрийн хувцас ёстой л загвар загвараараа байх юм. Нүдний шил, малгай, этгээд загвараас авахуулаад эмээ, өвөөгийн өмсөх гутал ч харагдлаа. Харин баруун талд нь эрчүүдийн хувцас солих хэсэг байх бөгөөд хамгийн түрүүнд жүжигчин Т.Бархүү хувцсаа солин, цэнхэр өнгийн костюм өмсөж байв. Тэрээр толинд харан хувцсаа янзлангаа “Тэвэр улаан наран зулай дээрээс төөнөхөөр, Тэрлэг нь хүндэдсэн ээжийгээ өрөвдөхийн эрхэнд дуулна” хэмээн аялж байлаа.
Тус тоглолтод СУИС-ийн гуравдугаар курсийнхэн хамтарч, бүжиглэж байгаа гэнэ. Бүгд ижил өнгийн хувцсаар жигдэрч нааш, цааш инээд алдан холхиж байв. Мөн жүжигчдийн хүүхдүүд аав, ээжийгээ тойглож хаашаа л явна дагах учир хэн нь хэний хүүхэд болохыг төвөггүй мэдчихлээ. Хэзээ нэг өдөр энэ хүүхдүүдээс тайзнаа гарч ард түмнээ баясгах байх даа гэсэн бодол төрж байв. Энд байгаа уран бүтээлчид бүгд л эрч хүчтэй, баяр баясалтай харагдана.
Харин жүжигчин Н.Онон буйдан дээр тухлангаа асуултад маань хариулсан юм. Тэрээр “Манай X-Түц продакшны намар цагийн нээлтийн тоглолт урьд урьдынхаасаа онцлог болж байна. Манай 20 жил хамтран тоглосон баг бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Д.Хүрэлхүү, Г.Ундармаа хоёрыгоо урьж оролцуулж байна. Бидний бэлтгэл, сургуулилт хийх арга барил нь хүртэл өөр байна. Нэг сарын турш сургуулилт хийлээ. Бие биеийнхээ бэлэн болчихсон уран бүтээлийг л үзэж байсан болохоос хэрхэн ажиллаж, бэлэн болдог гэдгийг нь төдийлөн мэддэггүй байж. Бид ингэж бэлддэг гэхэд “Манайх ингэж хийдэг ш дээ, ямар сонин юм” гэх тохиолдол их байлаа.
Ер нь “Сэрүүн хасын нууц”, “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” гээд уран бүтээлүүд дээр маань жүжигчид урилгаар оролцож байсан удаа бий. Ямартай ч бид цаашдаа дахин хамтрах үгүй нь нууц хэвээр байвал сонин байх. Эхний уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэлээ. Урлагт ажилласан цаг хугацаа, нас намбаа бодсон ч бид зөв зүйлийг л тусгах нь зүйн хэрэг. Тиймээс тоглолтынхоо үзэгдэл болгонд хүмүүсийн мэддэг хэрнээ анзаарахгүй алдаа гаргадаг зүйлийг сануулахыг хичээсэн. Олон хүний санаа, сэтгэл нийлсэн сайхан уран бүтээл боллоо гэж бодож байна. Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулгын хувьд жүжигчин Н.Ариунболдтой хамтран уран бүтээлээ туурвиж байгаа. Гэхдээ энэ талаар их юм яриад яахав. Өнгөрсөн хуудсыг сөхөж яримааргүй байна” гэсэн юм. Мөн түүний хувьд “Боловсрол” суваг телевизээс зохион байгуулсан “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажилласан. Шоуны талаар сонирхоход “Шүүгчээр ажилласандаа их баяртай байгаа. Авьяаслаг, чадалтай, найман залууг шүүхэд маш хүнд байлаа. Залуу уран бүтээлчид маань ур чадвар, нөөц бололцоо үнэхээр ихтэй юм гэж бодож байна. Харин үүнийгээ нээхийн тулд бага хөдөлмөрлөдөг юм болов уу гэж бодогдсон. Илүү их хөдөлмөрлөвөл түүнээс ч их авьяас билиг, шинэ содон бүхэн гарч чадахаар харагдаж байсан. Б.Маралжингоогийн дуулсан “Тэнгэр ээж минь өршөө” дуун дээр яалт ч үгүй нулимс дуслуулсан. Ганцхан би ч биш үзэж суусан хүн бүхний сэтгэлийн утсыг хөглөж чадсан. Тэр хүн яг сэтгэлээсээ дуулж байгаа нь мэдрэгдсэн л дээ. Ямар ч уран бүтээл дээр хүний сэтгэлээ шингээсэн бүхэн хүнд хүрч, сэтгэлийг нь хөдөлгөж чаддаг юм. Одоо бол энэ залуучуудынхаа улаан фэн нь болсон. Зурагтаар гарч л байвал үзэж суудаг даа” гэлээ. Ийнхүү ярилцаж суухад тоглолтын цаг тун дөхсөн учир жүжигчин Н.Онон, Д.Хүрэлхүү нар хувцсаа сольж эхэллээ.
Энэ хооронд эмэгтэйчүүдийн хувцас солих хэсэгт гавьяат жүжигчин И.Одончимэг “Миний цагаан палааж харагдана уу” хэмээн асуух нь сонсогдов. Эмэгтэйчүүдийн хэсэгт орвол хувцсаа өмсөж дуусаж байлаа. И.Одончимэг, Г.Ундармаа хоёр яг ижилхэн нил ягаан өнгийн, урт даашинзаар гоёжээ. Г.Ундармаагаас шинэ хамт олонтой, тайзан дээрээ эргэн гарахад ямар байгаа талаар асуухад “Манай урлагийнхан цөөхүүлээ, тиймээс бүгд л нэг хамт олон шиг ойрхон байдаг. Одоо бол гэртээ ирж байгаа юм шиг л байна. Тайзан дээр гараагүй гурван жил болжээ. Дахин тайзан дээрээ гарах юмсан гэж битүүхэн мөрөөддөг байсан. Энэ хүслийг минь сонссон юм шиг Одноо эгч, Онон ах хоёр маань санал тавьсан. Хамгаас хүндэлж явдаг Одноо эгчтэйгээ нэгэн тайзнаа гарах гэж байгаадаа баяртай байна. Маш их догдолж байна. Тайван, сандралгүй байхын тулд бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Хуучин шигээ хурдан дасна гэж байхгүй ч чадлынхаа хэрээр сайн бэлтгэсэн. Би тайзнаа гараагүй хугацаандаа жилд нэг удаа эмнэлэг тохижуулж, бас кинон дээр ажиллаж байлаа. Сайн үйлсийн аян хийж байгаа болохоор маш олон хүнээс урмын сайхан үгс ирж байна. Миний хувьд энэ бол хүмүүст зайлшгүй хэрэгтэй, тэгсэн мөртлөө орхигдсон орон зай юм байна л гэж бодогддог. Цаашид ч зорилгынхоо дагуу энэ ажлууд маань үргэлжилсээр байх болно. Удахгүй инээдмийн жанрын кино хийхээр бэлтгэл ажлаа дуусаад, зураг авалтдаа орох гэж байна” гэсэн юм.
Харин жүжигчин И.Одончимэг хэлэхдээ “Шинэ бүрэлдэхүүнтэй хамтарч тоглож байна. Их сонин байна. Бэлтгэл сургуулилт хийж олон хоногийг дурсамж дүүрэн, сайхан өнгөрөөлөө. Г.Ундармаатайгаа мөн л анх удаа тайзнаа гарлаа. Миний хувьд хүндэлж явдаг Монголын сайхан эмэгтэй жүжигчдийн нэг. Тоглолт маань үзэгчдэд маш сайхан хүрч байна. Хамтран уран бүтээл хийж байгаад ч хүмүүс ам сайтай байна” гэлээ.
Жүжигчин Н.Онон маш хурдан нүүр будалтаа хийж, хувцсаа сольсон байлаа. Хамтлагийн эрчүүд бүгд тоглолтдоо ороход бэлэн тайзны ард зогсчээ.
Т.Бархүү, И.Одончимэг хоёрын охин Б.Сүндари ирсэн байв. Тэрээр ааваасаа огтхон ч салдаггүй бололтой. Аавыгаа тайзнаа гарах хүртэл хөтлөлцсөөр байв. Т.Бархүүгээс шинэхэн шоу тоглолтын сэтгэгдлийг сонсоход “Энэ жилийн намар цагийн нээлтийн тоглолт маань шинэ содон зүйлээр дүүрэн үргэлжилж байна. Бид өөрсдийнхөө ур ухааныг уралдуулж, нөөц бололцоогоо ашиглан туршлагатай хүмүүстэй хамтарч ажиллаж байгаадаа таатай байна. Бидэнд хамтдаа тайзан дээр гарч уран бүтээлээ туурвих мөч олдож байна гэдэг нь хамгийн сайхан. Удаан тайзнаа хараагүй жүжигчдээ үзэгчид маань халуун алга ташилтаар хүлээж авч байна. Манай Х-Түц продакшн ч эмэгтэйчүүдийн баяраас хойш тайзнаа гараагүй. Тиймээс аль болох сайхан тоглолт үзүүлж, эерэг зүйлийг уриалахыг хүслээ” гэв.
Энэ үеэр жүжигчин Д.Хүрэлхүү “Би анх Х-Түц продакшныг үүсгэн байгуулалцаж, нэг жил хамтран уран бүтээл хийж байсан. Түүнээс хойш 20 жил хамт тайзан дээр гарсангүй. Мөн би тайзны урлагаас хөндийрөөд есөн жил болсон байна. Эргэн хошин урлагийнхаа тайзнаа гарч байгаадаа баярлахаас яахав. Сэтгэл их хөдөлж байна” хэмээн яриад эрч хүч дүүрэн тайзнаа гарлаа.
Тоглолт эхлэн жүжигчин Д.Хүрэлхүү, Г.Ундармаа хэмээн зарлахад үзэгчид алга ташилт бэлэглэн, халуун дулаанаар хүлээж авч байлаа. Үзэгдэл эхлэхээс өмнө Д.Хүрэлхүү “Бууны салаа” хэмээн дуудахад, хэсэг залуус үзэгчид рүү усан буугаар шүршсэн нь хүмүүсийг ихэд хөгжөөв. “Бид амьдралд хайртай” шоу нийт долоон үзэгдэлтэй юм. Т.Бархүүгийн аялж байсан “Ээждээ өргөх дуу” тоглолт дундуур дуулагдаад амжлаа. Энэхүү тоглолтын хүмүүст хүргэж буй санаа нь ямар ч зүйл тохиолдсон хайрлах сэтгэлээ бүү гээгээрэй, эрх мэдэл, эд хөрөнгөөс илүү бие биедээ итгэх итгэл, халуун дулаан гэр бүл чухал шүү гэдгийг харуулжээ. Харин тоглолтын сүүлийн үзэгдэлд жүжигчин Г.Ундармаа Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Даваахүүгийн “Соёл эрдэнэ” дууг дуулсан нь үзэгчдэд ихэд таалагдлаа.
Тоглолт дуусан хүмүүс гарах үед настай ээжийгээ сугадсан залуу ээждээ хандан “Гоё байна уу ээж, хааяа ч гэсэн надтай гарч ийм гоё юм үзэж бай л даа” гэхэд “Одоо үзэж байна аа, телевизээр үзэхээс гоё байдаг юм байна” гээд инээд алдан алхлаа. Оюутан залуус ангиараа ирж үзсэн нь цөөнгүй байв. Х-Түц продакшны “Бид амьдралд хайртай” шоу тоглолт нэг сар үргэлжилнэ гэсэн.
О.АРИУНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ