Замын хөдөлгөөний тухай шинэчилсэн хууль өнгөрөгч есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл жолооны сургуулиудад хуучин Замын хөдөлгөөний тухай хуулийг зааж байгаа. Түүнчлэн дүрмийн шалгалтыг ч мөн хуучин хуулиар авч байгаа юм. Бид энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Замын хөдөлгөөний тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрмийг мөн шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Тодруулбал, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэх ажлын хэсэг ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралджээ. Ажлын хэсэг чухам хэдийгээр дүрмийг шинэчлэн батлах нь хараахан тодорхойгүй байгаа бөгөөд ирэх 2016 оны нэгдүгээр сар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
Үүнээс гадна хуулийн дагуу батлагдсан шинэ журамд Жолооны авто сургуулиудаас шалгалт авах төв байгуулахаар заасан. Уг төвийг байгуулах ажлыг мөн хийж буй юм байна. Харин Жолооны төвд суралцагчдаас шалгалт авах шинэчилсэн журам батлагдаад бэлэн болсон байгаа ажээ. Тиймээс ирэх оны нэгдүгээр сарын сүүл гэхэд авто сургуулиудад Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм зааж эхлэх бөгөөд шалгалт авах картыг нь мөн бүрэн шинэчлэх юм байна.