Categories
мэдээ нийгэм

Жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажил хэвийн үргэлжилж байна

Жолооны үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа талаар ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвөөс мэдээлж байна. Энэ ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хийж буй аж. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хагас жилийн хугацаанд хэвлэлийн бэлдэц тасарсан шалтгаанаар жолооны үнэмлэх хэвлэх ажил саатаж түр үнэмлэх олгож байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажил хэвийн үргэлжилж байгааг тус газраас хэллээ. Өнгөрсөн онд худалдан авах ажиллагаанаас шалтгаалаад жолооны үнэмлэхний хэвлэх бэлдэц, дагалдах хор, хэрэгсэл тасалджээ. Энэ оны гуравдугаар сараас бэлдэц болон дагалдах хор, хэрэгслийг бүрэн нийлүүлж эхэлсэн байна. Жолооны үнэмлэх хэвлэх бэлдэц болон хэвлэх машины хор худалдан авахад жилд дунджаар 1.3-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Жил бүр 50 мянга орчим иргэн жолоодох эрхийн үнэмлэх шинээр авдаг бол мөн 40 мянга орчим иргэн хаяж гээгдүүлсэн үнэмлэхээ нөхөн захиалдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *