Categories
гадаад мэдээ

Жо Байден вакцин шинээр хийлгэсэн иргэдэд 100 долларын урамшуулал олгохыг уриаллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мужийн эрх баригчдыг шинээр вакцин хийлгэсэн хүмүүст 100 долларын урамшуулал олгохыг уриалжээ.

Түүнчлэн хоёр сая орчим хүнтэй тус улсын хамгийн том ажиллах хүч болох АНУ-ын холбооны албан хаагчдад вакцины шинэ хатуу шаардлага гаргасан байна. Энэхүү шаардлагад ажилтнууд вакцин хийлгэсэн нотлох баримт үзүүлэх эсвэл заавал шинжилгээ хийлгэж, маск зүүх ёстой болсон талаар тусгажээ.

Цагаан ордонд пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ Байден коронавирусний дельта хувилбар нөхцөл байдлыг улам дордуулж байгаа учраас энэхүү арга хэмжээг шинээр тогтоож байна гэв. Тэрээр “Нас барах эрсдэлгүй байсан хүмүүс ч амиа алдаж байна. Цаашид ч амиа алдах эрсдэлтэй байна” гэж хэлжээ.

Одоогоор АНУ-ын иргэдийн тал хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна. Ерөнхийлөгч Байден “Мөнгөн урамшуулал нь вакцин хийлгэсэн америкчуудад шударга бус мэт санагдаж болох ч илүү олон хүнийг вакцинд хамруулж чадвал бид бүгдэд ашиг тусаа өгөх болно” гэж хэлсэн байна. Мужууд урамшууллын мөнгийг Америкийг аврах төлөвлөгөө бүхий 1.9 их наяд долларын төсвөөс санхүүжүүлэх гэнэ.

Вакцин хийлгэх ажилчдад цалинтай чөлөө олгох жижиг дунд бизнес эрхлэгчдэд Холбооны засгийн газраас нөхөн олговор олгох болно гэжээ.

Вакцин хийлгэхээс татгалзсан төрийн албан хаагчдыг ажлаас нь халахгүй ч Цагаан ордны энэхүү алхам нь улсын хэмжээнд бусад ажил олгогчдод үлгэр жишээ үзүүлэх зорилготой аж. Түүнчлэн Байден АНУ-ын холбооны засгийн газар иргэдээ бүгдийг нь вакцинд хамруулахыг шаардах бүрэн эрх байгаа эсэхийг мэдэхгүй гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *