Categories
гадаад мэдээ

Жо Байден үүрэгт ажилдаа орж, 17 зарлигт гарын үсэг зуржээ

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден, 49 дэх дэд ерөнхийлөгч Камала Харрис нар лхагва гаригт тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Засгийн эрхийг шилжүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ Вашингтон дахь Капитол Хилл ордноо болсон байна. Өдгөө 78 настай Жо Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж байгаа бол дэд ерөнхийлөгч Камала Харрис нь африк, ази гаралтай, анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болоод байгаа юм.

Жо Байден тангараг өргөх үеэрээ “Өнөөдрийн бидний туулж байгаагаас хүнд хэцүү цаг үеийг үзсэн хүн манай орны түүхэнд цөөхөн байдаг. Өвчин зовлон, эдийн засгийн хямрал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, улс төрийн хуваагдалд нэрвэгдсэн улс орноо сэргээн босгоход бүх сэтгэл зүрхээ зориулна” хэмээн онцолжээ.

Жо Байден үүрэгт ажилдаа орсон даруйдаа 17 тушаал удирдамжид гарын үсэг зурсан байна. Тухайлбал, холбооны засгийн газрын байр байгууламжид амны хаалт зүүхийг шаардсан тушаал гаргаж, тус улсад хууль бусаар амьдарч буй сая сая цагаачдад иргэний харьяалал олгох цагаачлалын тухай хуулийн төслийг Конгресст илгээжээ. Тодруулбал, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам үндэсний аюулгүй байдал, хилийн болон нийгмийн аюулгүй байдлыг хангахад голчлон чиглэсэн шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтолцоог шударга, үр дүнтэй болгох зорилгоор зарим ангиллын цагаачдыг албадан гаргах хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн 100 хоногоор түр зогсоож байна. Энэхүү арга хэмжээ нь тус яаманд одоо байгаа асуудлуудыг, тэр дундаа АНУ-ын баруун өмнөд хил дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулах боломжийг олгох аж. Жо Байден мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд АНУ-ыг дахин нэгтгэх, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гишүүнчлэлээ сэргээх шийдвэрийг гаргав. Түүнчлэн зарим лалын шашинт орнуудын эсрэг тавьсан визний хоригийг цуцалжээ. Үүнээс гадна Канад, АНУ-ын хил дээр нефть дамжуулах “Keystone XL” хоолой тавих ажлыг зогсоож, Мексиктэй залгаа хилийн дагуу бүсэд тогтоосон онц байдлын дэглэмийг цуцалж, хилийн хана босгоход зориулсан санхүүжилтийг зогсоох тухай зарлиг буулгасан байна. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр буюу нэгдүгээр сарын 20-ны өдрийг Үндэсний эв нэгдлийн өдөр болгон тунхаглажээ.

Энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа хэд хэдэн онцлогтой болсон байна. Юуны өмнө коронавируст цар тахлын үед болсон тул халдвараас сэргийлэх зорилгоор урьд урьдынхаас цөөн оролцогчтой, цомхон зохион байгуулсан юм. Мөн хоёр долоо хоногийн өмнө Капитол Хилл ордонд гарсан үймээний улмаас энэ удаагийн тангараг өргөх ёслолыг дээд зэргийн харуул хамгаалалтын дор зохион байгуулсан байна. Үүнээс гадна АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп уламжлалыг эвдэж, залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцоогүй юм. Тэрбээр лхагва гаригийн өглөө ерөнхийлөгчийн нисдэг тэргээр гэр бүлийн хамт Флорида муж улсын Пальм Бич дэх хувийнхаа амралтын газрыг зорьсон юм.

Жо Байдены тангаргийн ёслолд өмнөх засаг захиргааны дэд ерөнхийлөгч Майк Пэнс оролцсоноос гадна Б.Клинтон, Ж.Буш, Б.Обама зэрэг экс ерөнхийлөгч нар гэргий нарын хамт оролцсон байна. Түүнчлэн тангараг өргөх ёслолд Вашингтонд суугаа Тайванийн төлөөлөгч Сяо Биким (Сяо Мэйзинь) анх удаа албан ёсоор оролцсон байна. Сяо Биким 1979 оноос хойш тангараг өргөх ёслолд оролцох урилгыг албан ёсоор хүлээн авсан арлын анхны албан тушаалтан болсон байна. Энэ нь АНУ-ын шинэ засаг захиргаа Тайбэйтэй ойр, найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгааг харуулж буй дохио юм гэж ажиглагчид онцолжээ.

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа дэлхийн улс орнуудын удирдагчид түүнд баяр хүргэжээ. Тухайлбал, Японы гүйцэтгэх засаглалын тэргүүн Сүга Ёсихидэ “АНУ, Япон хоёр улс нь найрсаг харилцаа, нийтлэг үнэт зүйлсээр бат бөх холбогдсон холбоотнууд билээ. Миний бие хоёр улсын эвслийг бэхжүүлэх, чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд тантай, таны багтай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Францын ерөнхийлөгч Э.Макрон “Америкийн ард түмний хувьд ихээхэн ач холбогдолтой өдөр тохиож байна. Бид энэ цагт тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулж, хамтдаа сайхан ирээдүйг бүтээж, хамтдаа эх дэлхийгээ хамгаалж чадна. Парисын уур амьсгалын хэлэлцээрт эргэн тавтай морил” гэсэн байна. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “ОХУ, ОХУ-ын ерөнхийлөгч Зэвсэглэлд хяналт тавих тухай гэрээг сунгах хүсэлтэй байна. Хэрэв АНУ энэхүү гэрээг сунгах шийдвэр гаргавал таатайгаар хүлээн авах болно” хэмээжээ. Канадын ерөнхий сайд Ж.Трюдо “Дэлхий дахин коронавируст цар тахалтай тэмцэж, эдийн засгаа тогтвортой сэргээхийг эрмэлзэж буй энэ цаг үед хоёр улсын түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлснээр сайхан ирээдүйг эргэн цогцлоох болно. Бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эдийн засгаа өсгөх, улс орондоо төдийгүй дэлхий даяар ардчилал, энх тайван, аюулгүй байдлыг цогцлоох чиглэлд хамтран ажиллана” гэсэн байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *