“Эх яагаад эндэв” итгэмжит лавлагаа судалгааг 2012-2015 онд хийсэн. Улсын хэмжээнд эндсэн 118 эхийн 87.3 хувь нь буюу 103 тохиолдол нь ямар нэгэн хавсарсан эмгэгтэй байсан бөгөөд эхийн эндэгдлийн шалтгаанд жирэмсэн үеийн хавсарсан эмгэгтэй эхийн эзлэх хувь өсөж байгааг уг судалгааны дүн харуулсан юм. Эмэгтэйчүүд жирэмслэхээс өмнө эрүүл мэнддээ анхаарч архаг хууч өвчнөө эмчлүүлэх, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарах учиртай.
Энэ шалтгаанаар Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нарт эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйн хяналтыг сайжруулах, төрөлтийг удирдах онцлогийн талаар гурав хоногийн сургалтхийв.
Энэ удаагийнсургалтад 21 аймаг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нар хамрагдлаа.
“Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмсэн” сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үг хэлэхдээ: Эх, нярайн эндэгдлийг бууруулахад зөвхөн эх барих, эмэгтэйчүүд, нярай, эрчимт эмчилгээний эмч нар төдийгүй дотор, мэс засал, эмгэг судлалын эмч нарыг чадавхижуулж, төрөлжсөн мэргэшлийн эмч нарын ажлын уялдааг сайжруулах, багаар хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, өвчтөн шилжүүлэхдээ гараас гарт хариуцлагатай хүлээлгэн өгч хэвших шаардлагатай байгааг онцоллоо. Энэ сургалтыг зөвхөн тэнхмийн сургалт хэлбэрээр зохиохгүй, ЭХЭМҮТ-ийн Жирэмсний эмгэгийг эмчлэх тасаг, эрчимт эмчилгээний тасагт сургалтанд оролцогсод жижүүр гарч, тус тасгуудад эмчлэгдэж байгаа эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг үзэж, эмчилгээний арга барилтай танилцаж, төрөлт удирдахад оролцлоо.