-Олон жил морь унасан хүүхэд үргүйдэх аюултай гэнэ-
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэ жил “Хурдан морины хаврын уралдаан дахь хүүхдийн эрх” нэртэй судалгааг унаач хүүхэд, тэдний эцэг эх, уяач, багш, эмнэлгийн ажилтны дунд явуулжээ. Судалгааны тайлан мэдээллийг өчигдөр танилцуулж, холбогдох албаныхны дунд энэхүү судалгааны талаар хэлэлцүүлэг явууллаа.
Хурдан морины өвлийн уралдаан нь унаач хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж, тэдний эрүүл мэнд амь насанд сөргөөр нөлөөлж буй хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болох талаар манай сонин өмнө нь удаа дараа бичиж байсан билээ. Үүний үр дүнд хуулийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, мэргэжлийн холбооны зүгээс эл асуудлыг анхааралдаа авах болсон. Мөн өвлийн цагаар бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлт гэж үзэн өвлийн уралдаанд хязгаарлалт тавих болсон билээ. Гэвч олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор яг хурдан морины унаач хүүхдүүдэд хандсан тусгайлсан эрх зүйн зохицуулалт байдаггүй. Түүнчлэн манай улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид, 2001 онд Олон улсын хүүхдийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай конвенцид нэгдэн орсон хэдий ч төр засгаас хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаагийн улмаас өвөл, хаврын хахирган цагаар хүүхдээр хурдны морь унуулж, тэдний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа жишээнээс харж болно. Мөн энэ чиглэлийн нэгдсэн судалгаа ч өдгөө хүртэл байдаггүй аж.
“Хурдан морины хаврын уралдаан дахь хүүхдийн эрх” судалгааны тайлан
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судалгааны багийн ажилтнууд энэхүү судалгаагаа хурдан морины уралдаан хамгийн их болдог Төв аймгийн Зуунмод Зүүндэлгэр, ХУД-ийн Өлзийт хороолол, Налайх хот, Булган, Хэнтий, Сүхбаатар аймгуудийн морь унаач хүүхдүүд, уяач, эцэг эх, эмч, багш нарын дунд явуулжээ.
Судалгаанд 529 хүүхэд, 120 уяач, уяач хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл болж 67 хүн, 15 эмч, эмнэлгийн ажилтан 85 багш нийгмийн ажилтан болон энгийн иргэд оролцсон байна. Үүнээс хурдны морь унаач хүүхдүүдээс авсан судалгаан дээр үндэслэн дараах ьмэдээллийг танилцуулсан юм.
Судалгаагаар хурдны морь унадаг хүүхдүүдийн дийлэнх хувь нь 10-17 насны хүүхэд байдаг бөгөөд 64 хувь нь 10-15 настай аж. Үүнээс 95,6 хувь нь эрэгтэй хүүхэд юм. Тэдний 68.4 хувь нь 5-7 наснаасаа хурдан морь унаж эхэлсэн хэмээн хариулсан байна. Уралдаан болон бэлтгэлийн үед хаана байдаг вэ гэсэн асуултад дийлэнх нь хамаатан садан болон уяачийндаа байдаг хэмээн хариулсан бол хэний морийг унадаг вэ гэсэн асуултад хамаатан садны болон уяачдынхаа морийг унадаг хэмээн ихэнх хэсэг нь хариулжээ. Судалгаанаас аав, ээж хамаатан садныхаа морийг унаж байгаа хүүхэд цалин, шан харамж авдаггүй бол уяачдын морийг унаж байгаа хүүхдүүд тодорхой хэмжээний мөнгө авдаг гэжээ. Ихэвчлэн төвийн бүсэд хүүхдүүдийг мөнгөөр морь унуулдаг аж.
Харин багш, нийгмийн ажилчдаас авсан судалгаанаас үзэхэд унаач хүүхдүүдийн дийлэнх нь ар гэрийн байдал дунд буюу дундаас доогуур, хүүхдэдээ зориулах анхаарал халамж тааруу айлуудын хүүхдүүд байгаа нь харагдсан байна. Тэдгээр хүүхдүүд сургууль завсардсан тохиолдол бага хэдий ч ихэнх нь хичээлийн хоцрогдолд орж, “С”-ээс доогуур үнэлгээтэй суралцан, үеийнхнээсээ сэтгэхүйгээрээ муу байгаа нь багш нарын өгсөн судалгааны хариултаас ажиглагджээ. Сэтгэлзүйн хувьд уралдаан бэлтгэл сунгааны үеэр хамаатан садан тэр дундаа уяачийндаа байсан хүүхдүүд нь сэтгэлийн дарамттай, өөртөө итгэлгүй, дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй болсон байдаг аж. Харин гэртээ байсан унаач хүүхдүүд нь харьцангуй өөртөө итгэлтэй, морь унадгаараа бахархдаг, өөрийгөө өндрөөр үнэлдэг болохыг сэтгэл судлаачид мэдэгджээ.
Улирлын тухайд судалгаанд хамрагдсан 529 хүүхдээс 299 нь зөвхөн зун уралдах гоё гэсэн хариулт өгчээ. Уралдахад хамгийн хэцүү нь өвөл, хаврын улирал гэж хүүхдүүд хариулсан байна.
Харин хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсдөг үү гэсэн асуултад уралдаан болон бэлтгэл сунгааны аль алинд өмсдөг гэж 178 хүүхэд хариулсан бол, зөвхөн уралдааны үеэр өмсдөг гэж 367 хүүхэд хариулт өгчээ. Уралдаан болон бэлтгэлийн үеэр бэртэж байсан эсэхийг тодруулахад 331 хүүхэд бэртэж байгаагүй гэсэн бол үлдсэн хэсэг нь тодорхой хэмжээнд бэртэл авч байсан ч ялимгүй гэмтэл байсан учраас тэр бүр эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй гэсэн байна. Тэд ихэвчлэн толгой тархиа доргиох, хөл гараа бэртээх, хацраа хайруулах, шалбалах зэрэг бэртэл авдаг аж.
Замын халтиргаа, гулгаа, уралдааны тоосноос зам харагдахгүй байх, нүх рүү мориных нь хөл орох зэрэг шалтгаанаас хүүхдүүд унаж бэртдэг байна.
Эмч нарын өгсөн судалгаанаас зургаагаас наймдугаар сард хамгийн их хүүхэд бэртэж ирсэн гэжээ. Энэ нь тухайн уралдааны цар хүрээнээс болдог байна. Харин иргэдийн дийлэнх хэсэг нь өвөл, хаврын морин уралдаан бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр мөн гэж хариулсан бол хурдан морь унах насны тухайд 7-9 нас хамгийн тохиромжтой гэжээ. Хавар морь уралдуулах нь зохимжгүй гэдэгтэй иргэдийн 71 хувь санал нэгджээ.
“Хурдан морины хаврын уралдаан дахь хүүхдийн эрх” судалгаанаас өвөл болон хаврын улиралд хүүхдээр морь унуулах нь олон сөрөг үр дагавартай юм гэдэг нь ийн харагдаж байна.
Судалгааг гаргаад байгаа ч нэгдсэн тайланг хараахан боловсруулж, ажил хэрэг болгоогүй байна гэдгийг албаны хүмүүс онцолж байв.
Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг иргэд, уяачид хаврын морин уралдааныг үндэсний соёл, ёс уламжлал нэрээр их халхавчилдаг. Гэвч Монгол Улсын Үндэсний архивын газар хадгалагдсан мэдээгээр хавар уралдаан зохион байгуулж байсан уламжлал байгаагүй гэдэг нь харагдаж байна. Иймээс ерөнхий хаврын уралдааныг бүр мөсөн болиулах нь зүйтэй юм гэдгийг хэлж байлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Уламжлалаа үргэлжлүүлэх нь чухал хэдий ч хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр хэрхэн хуульд тусгавал зөв зүйтэй талаар хэлэлцэж байна. Ялангуяа өвөл, хаврын уралдааныг явуулахгүй байх хэрэгтэй гэдэгт УИХ-ын гишүүд болон морь уяач холбооны гишүүд санал нэгтэй байгаа” гэв.
Манай улсын хүүхдийг морь уралдуулах нь тэвчишгүй хөдөлмөр мөн юм гэсэн зүйл заалт байхгүй хэдий ч Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар хүүхдийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталсан байдаг. Энэ нь Монгол Улсад хурдан морь унахыг хүүхдийн тэвчишгүй хэлбэр гэж хүлээн зөвшөөрч байгаа илрэл хэмээн албаныхан мэдэгдэж байв.
Олон жил морь уралдсанаар хүүхдэд ямар хор хөнөөлтэй талаар Анагаахын шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, дотрын эмч доктор н.Баясгалан ярьсан юм. Тэрбээр “Морь унаснаар механик гэмтлээс гадна, дотор эрхтэн, арьс нүүрэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар нэгдсэн судалгаа байдаггүй. Хэдий тийм ч бага насандаа уралдааны морь унаж байсан гэх бөөр, давсагны өвчлөлтэй хэд хэдэн хүн хандаж байсан. Хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай. Ганцхан хамгаалалтын хувцас хэрэглэл өмссөнөөр эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэсэн баталгаа байхгүй” гэж байв.
Хэлэлцүүлгийн үеэр манай оронд унаач хүүхдүүдийн бэртэл, эндэгдэл хэр их байгаа талаар мөн мэдээлэл өгсөн юм. ГССҮТ-өөс өгсөн мэдээллээр 2012-2014 оны хооронд ойролцоогоор жил бүр хоёр хүүхэд мориноос унасны улмаас амиа алддаг аж. Мөн жилд дунджаар 300-320 гаруй хүүхэд мориноос унаж бэртэн, түүнээс 180-220 гаруй хүүхэд нь хүнд хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Бэртэж гэмтсэн хүүхдүүдийн 36-48 нь эрэгтэй хүүхэд бөгөөд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж ч чадахгүй долоо хүртэлх насны балчир хүүхэд 67 байжээ. Ийм балчир хүүхдүүдийг адгуус амьтны нуруун дээр суулгачихаад бэртээж байгаа нь яах аргагүй томчуудын буруу юм. Эдгээр гэмтэж бэртсэн хүүхдүүд нь зөвхөн Төв, Булган зэрэг нийслэл хоттой ойрхон аймгуудаас ирсэн хүүхдүүд болохыг ГССҮТ-ийн эмч нар хэлж байв. Бусад аймаг, сумдад хичнээн тооны хүүхэд ийм шалтгаанаар бэртэж байгаа нь тодорхойгүй аж.
Хэлэлцүүлгийн үеэр нэгдүгээрт хаврын уралдааныг хориглох, уралдааны хүүхдийн насыг дор хаяж 12-оос дээш болгох мөн уралдааны замыг стандартын болгож өгөх нь чухал юм байна гэсэн асуудлуудыг дэвшүүлэн хэлэлцлээ. Мөн энэхүү судалгаан дээр үндэслэн тодорхой зөвлөмж, тогтоомж гаргах нь нэн даруй шийдэх асуудал мөн гэж байв.