Categories
мэдээ нийгэм

Жижиглэн худалдаа эрхлэгчид Хангарьд ордонд эсэргүүцэл илэрхийлэв

-168 ЦАГ ӨЛСЛӨӨ, ШИЙДВЭР ГАРГАЖ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА ГЭВ-

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас Хархорин зах, 32-ын автобусны буудал орчимд зогсдог наймаачдыг худалдаа хийхийг хориглосон. Тус автобусны буудлын наймаачид 10-ыг харьцах 60 метр квадрат хөрс нь бохирдсон талбайд худалдаа эрхлэх зөвшөөрөл хүссэн ч тус дүүргийн тамгын газар хариу өгөөгүй байна. Жижиглэн худалдаа эрхэлдэг 12 иргэн ажлын байраа хамгаалахаар 168 цаг өлсгөлөн зарласан ч тус дүүргийн удирдлагууд хариу өгөөгүй гэлээ. Тиймээс эдгээр иргэд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байгаа танхимын гадна ирж эсэргүүцэл илэрхийлэв. Тэд мөн аравдугаар сарын 4-нөөс хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм. Өлсгөлөн зарласан 12 иргэний бие муу байгаа бөгөөд дөрвөн иргэний бие огцом муудаж эмнэлэгт хүргэгджээ. Эдгээр 12 иргэний олонхи нь эмэгтэй, 0-2 насны хөхүүл эхчүүд гэнэ.

Цуглаанд оролцсон иргэн Г.Ганцэцэгээс энэ талаар тодруулав.

-Өлсгөлөн зарласан иргэдийн бие хэр байна?

-Өлсгөлөн зарлаж байгаа 12 хүний дөрвийнх нь бие муудсан. Есөн хүн үлдсэн тэд бүгд өрх толгойлсон эмэгтэй, өндөр настан, 0-2 насны хүүхэдтэй хөхүүл эхчүүд байгаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэнэ гэдэг ч өлсгөлөн зарлаж буй 12 хүний дийлэнх нь эмэгтэйчүүд байхад яагаад нэг ч удаа очиж уулзсангүй вэ? Бид юм идэхгүй хоёр цаг болоход яадаг билээ тэр хүмүүс бүхэл бүтэн 168 цаг юм идээгүй. Бид ямар нэг шийдэлд хүрэх гээд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болох Хангарьд ордонд ирээд байгаа юм.

-Баянгол дүүргээс холбогдох хүмүүс ирж та бүхэнтэй уулзсан уу?

-Биднийг өлсгөлөн зарлаад долоо хонож байхад С.Одонтуяа дарга нэг ч удаа ирж уулзаагүй. Улсаас халамж шаардалгүй, өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр 200 хүний ажлын байр гаргахын төлөө тэр талбайн зөвшөөрлийг авах гэсэн юм. Тэр хүн одоо онгоцоор нисээд л дээгүүр явж байгаа байх.

-Холбогдох газраас тайлбар авч чадсан уу?

-Бүтэн долоо хоноход нэг ч тайлбар авсангүй. Биднийг өлсгөлөн зарласан өдөр одонгоо авсан. Тэгээд одонгоо ч авчихлаа, хогоо ч цэвэрлэчихлээ гэсэн. Хог нь бид нар л байгаа байхгүй юу. Гадаа худалдаа наймаа хийдэг хүмүүсийг бүгдийг нь зогсоосон. Жижигхэн талбайд ажлын байр байгуулаад өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр ажлын байр баръя, та зөвшөөрөл өгөөч гэхэд тэр хүн өрөөсгөл мэдээлэл цацаад байгаа.

-Холбогдох газраас хариу ирэхгүй тохиолдолд цаашдаа яах вэ?

-Ямар нэг арга хэмжээ авч өгөхгүй бол аравдугаар сарын 4-нд хуурай өлсгөлөн зарлана. Хэдэн хүний амь хохирохыг С. Одонтуяа дарга харах гээд байгаа юм байлгүй. С.Одонтуяа даргыг бид их хүлээж байгаа гэв.

Бэлтгэсэн Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *