Categories
мэдээ нийгэм

Жижиг “Таван толгой”-н хувьцааны луйврыг Л.Энхболд “эхнэртэй”-гээ нийлээд хийчихсэн юм биш үү? DNN.mn

Монгол Улсад сонгууль бүрээр сөхөгддөг цөөн хэдэн сэдэв байдаг. Одоогоос 25 жилийн өмнө Монголын улс төрийн томоохон зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг сонгуулийн жинхэнэ шоу болж, байсхийгээд л гаргаж ирдэг мөнхийн сэдэв болгосон. Хэдхэн хоногийн өмнө энэ хэрэгт гурван шатны шүүхээр ял сонсоод байсан хүмүүсийг цагаатгаж, хэргийг дахин олон нийтийн анхааралд оруулж ирлээ. Энэ бол сонгууль дөхсөний илрэл. Ингэж л С.Зориг амиа алдсан хэргээр сонгууль бүрээр шоу хийж, улс төрд байраа эзэлсэн олон эрхэм бий болсон.

Яг үүнтэй агаар нэг сэдэв бол “жижиг” Таван толгой буюу орон нутгийн “Таван толгой” компанийг тойрсон хувьцааны маргаан юм. Орон нутгийн “Таван толгой” компанийн хувьцааг ард иргэдээс луйвардсан, луйвардаагүй, ажнай Д.Бат-Эрдэнэ энэ хэргийн эзэн мөн, биш. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд энэ хэргийн ард байдаг, байдаггүй гэх ийм нэгэн будлиантай сэдэв сүүлийн 10-аад жил олны дунд яригдаж, сөхөгдөж ирлээ. Ерөөс ийм сэдвийг мухарлах ёстой юм. Олон нийтийг төөрөгдүүлсэн, туйлшруулсан, сонгууль бүрээр гаргаж ирдэг санаатай, зохион байгуулалттай юм шиг ийм асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэж, буруутай нэгэнд нь хариуцлага хүлээлгэн, энэ сэдвийг бүрмөсөн хаах хэрэгтэй юм. Эс бөгөөс олон нийт хий талцаж, нийгмийн бухимдлыг өдөөсөн муйхар сэдэв болж гүйцлээ.

…1994 оны арванхоёрдугаар сарын 5. Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын тогтоолоор Таван толгойн уурхайг хувьчлах тухай шийдвэрийг гаргаж байлаа. Ингэснээр тус компани нээлттэй хувьцаат компани болж, хэнбугай ч тус компанийн хувьцааг худалдан авах боломжтой болсон юм. Өнөөдөр эдүгээ “Таван толгой” компанийн 51 хувь нь орон нутгийн өмчит буюу Өмнөговь аймгийн мэдлийнх. Үлдсэн 49 хувь нь 23 орны 2600 гаруй хувьцаа эзэмшигчдийн өмчлөлийнх болсон.

Задалж харвал, “Таван толгой” компанийн 49 хувийг 19.69 хувийг эзэмшдэг “Ажнай” корпораци, 16.31 хувийг эзэмшдэг “Шандас импекс” буюу “Ээрмэл”-ийн С.Мөнхжаргал болон бусад хувьцаа эзэмшигчид гэж хуваагддаг.

Хувьцааны луйвар гэх асуудал “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнийн нэгэн цагт брокер дээрээс худалдаж авсан хувьцаан дээр хөндөгддөг. Түүний худалдаж авсан хувьцаа иргэдийнх байсан. Иргэдээс хувьцааг нь авахдаа заримыг нь төөрөгдүүлж хууль бусаар авсан гэгддэг. Өнөөг хүртэл маргааны гол сэдэв болсоор байгаа хувьцааны ард яг юу болсон бэ. Эндээс л хувьцаа тойрсон будлиан эцэслэгдэх учиртай.

УИХ-ын гишүүн асан Л.Энхболд хэвлэлд “…Нүүрсний араас хөөцөлдөж эхлээд над руу маш их сөрөг дайралтууд ирэх болсон. Миний эсрэг зогсож байгаа хүмүүс маш их мөнгөтэй. 1998 онд би ТУЗ-ын гишүүн /Тавантолгой/ байсан. Миний хувьд 49 хувь дотор нь 10 гаруй хувийг нь эзэмшдэг байлаа. Найз нөхдийн журмаар нөхөр “Ажнай” Д.Бат-Эрдэнийн брокерийн пүүс нааш цааш нь болгочихсон л доо. Тэр үед Ажнай корпораци руу шилжсэн үү, хэн нэгэн рүү шилжсэн үү тэгээд явчихсан. Тухайн үед тэднийг маш сайн таньдаг байсан учраас тоолгүй өнгөрсөн” хэмээн ярьсан удаатай. Ер нь иймэрхүү агуулгатай зүйлийг тэрээр үе, үе тэрээр хэвлэлд ярьдаг юм. Эндээс харахад иргэдийн алдсан гээд байгаа хувьцааны түүхийг Л.Энхболд хамгийн сайн мэднэ гэсэн үг. Үнэхээр ч тийм юм.

Д.Бат-Эрдэнэ, Л.Энхболд хоёрын харилцаа нэлээд эртнээс эхтэй. 1997 онд Улаанбаатар зочид буудлын том хувьцааг худалдаж авсан Д.Бат-Эрдэнэ тус буудлын гүйцэтгэх захирлыг томилох эрхтэй болсон байдаг. Тэрээр Л.Энхболдын ах, сүүлд Татварын ерөнхий газраар овоглох болсон, нэг нутаг Л.Нэргүйг томилжээ. Тэр үед Л.Энхболд ОХУ-д сурч байгаад Монголд ирчихсэн, тодорхой ажилгүй нэгэн байж. Шинэхэн захирал Л.Нэргүй дүү Л.Энхболдоо татаж, харуул манаачийн ажилд түр оруулсан байсныг Д.Бат-Эрдэнэ анзаарч, Маркетингийн албандаа ажиллуулах болсон гэдэг. Ингэж л тэдний харилцаа эхэлсэн гэж нутгийнхан ярьдаг юм билээ.

…1998 он. Энэ үед Монголын нүүрс өнөөдрийнх шиг эрэлттэй, үр ашигтай байсангүй. Үүний адил “Таван толгой”-н уурхай экспорт хийдэггүй, ойр орчмынхоо аймаг сумдыг нүүрсээр хангадаг, ашиг багатай жижиг үйл ажиллагаатай уурхай байв. Тиймдээ ч уурхайн хувьцаа үнэгүй шахуу. Нөгөө л цэнхэр, ягаан тасалбар шиг айлуудын авдарт үнэ цэнэгүй хэвтэж байсан. Ихэнх нь түүнийг ч мартсан.

Л.Энхболд хэвлэлд ярьдаг шигээ Таван толгойн хувьцаа эзэмшигч хэрхэн болсон гэдэг нь анхаарал татдаг. Тэрээр тус уурхайд ажиллаж байсан түүхгүй нэгэн. Харин тэр үед буюу 1998 онд түүний хамтран амьдрагч Н.Баярт-Од “Таван толгой” компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан байдаг. Нэг ёсондоо тэрээр тус компанийн санхүү, тэр дундаа хувьцааны талаар хамгийн сайн ойлголттой нэгэн байсан байж таарна. Ийнхүү Л.Энхболд, өөрийн хамтран амьдрагч Н.Баярт-Одтой орон нутгаар явж, Таван толгойн мартагдсан хувьцааг нь худалдаж авч эхэлсэн байдаг юм байна. Үнэ цэнэгүй шахуу, тэр үед хувьцааны зах зээл бужигнаангүй, Таван толгойн үйл ажиллагаа тийм ч сайнгүй байсан үе учир иргэд хувьцаандаа онц ач холбогдол өгсөнгүй. Тиймээс Л.Энхболд, Н.Баярт-Од нарын хэлсэн үнээр хувьцаагаа зарсан иргэд олон. Тэд иргэдээс хувьцааг нь зөвхөн худалдаж авахаас гадна зарим өндөр настай, араас нь хөөцөлдөх хүн бүлгүй, хувьцааны талаар мэдлэггүй хүмүүсийн хувьцааг өөрсдийнхөө данс руу шууд шилжүүлэн авсан ноцтой үйлдлүүд нь тодорхой болсон юм.

Хувьцааны маргаантай холбоотой энэ асуудал дээр хуулийнхан 2010-аад оны үед урт хугацаанд шалгалтын ажиллагаа явуулж байлаа. Тус хэрэгт хариуцагчаар татагдсан Н.Баярт-Од шүүхэд мэдүүлэхдээ “…Хамтран амьдрагч байсан Л.Энхболд нь хувьцааны үнэ өснө гэж тооцон Өмнөговь аймгаар явж хувьцаа цуглуулж байсан. Өөрөө уг хэрэгт гар бие оролцоогүй. Цуглуулсан хувьцаагаа Л.Энхболд хоёр нэрэн дээрээ данс нээн байршуулсан. Түүнийгээ Д.Бат-Эрдэнэд зарсан” гэж мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэвлэлээр ярьдаг Д.Бат-Эрдэнэд зарсан гэх 10 хувийн хувьцаагаа Л.Энхболд ийм л замаар бүрдүүлжээ.

Түүгээр зогсохгүй Л.Энхболд, Н.Баярт-Од нар иргэдээс хууль бусаар хувьцааг нь авсныг хөдөлшгүй баримтаар тогтоосон тухай шүүхийн шийдвэрт дурдагджээ. Тодруулбал “…Н.Баярт-Одын худалдан авсан эдгээр 7979 ширхэг “Таван толгой” ХК-ийн хувьцааны 302 дугаар хэлцлээр худалдан авсан 100 ширхэг хувьцаа нь иргэн С.Мөнхжаргалын, 309 дүгээр хэлцлээр худалдан авсан 5292 ширхэг хувьцааны 2919 ширхэг хувьцаа нь иргэн Д.Отгонбаяр, Ж.Ганхүү нарынх, 312 дугаар хэлцлээр худалдан авсан 892 ширхэг хувьцаа нь иргэн М.Аварганэргүй нарын зөвшөөрөлгүй худалдагдсан буюу тус хороонд (Санхүүгийн зохицуулах хороо) хандан өргөдөл гаргасан эдгээр иргэдийн хувьцаа болохыг ҮЦТТТХ-ын дансны хуулгаар нотлогдож байна” гэжээ. Энэ тухай саяхан бас нэгэн хохирогч Ж.Ганхүү гэх иргэн ТВ8 телевиз ярьжээ. Тэрээр “1719 хувьцаагаа хулгайд алдсан. Хуурамч хэлцэл арилжаагаар хувьцаа маань зарагдсан байсан” гэж тодорхой хэлсэн байв.

Уг хэрэг шүүхээр эцэслэгдэж, 2010 оны аравдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс “…Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэрийг гаргасан байдаг юм байна. Энэ үед хэрэг нь илэрсэн Н.Баярт-Од гадагшаа дүрвэж, олон жил гадаадад амьдарчээ.

Л.Энхболдын эзэмшиж байсан гэх “Тавантолгой”-н хувьцааны 10 хувийн түүх ерөөсөө л ийм аж. Нэг ёсондоо түүний “…1998 онд би ТУЗ-ын гишүүн /Тавантолгой/ байсан. Би 49 хувь дотор нь 10 гаруй хувийг нь эзэмшдэг байлаа. Найз нөхдийн журмаар нөхөр “Ажнай” Д.Бат-Эрдэнийн брокерийн пүүс нааш цааш нь болгочихсон л доо. Тэр үед Ажнай корпораци руу шилжсэн үү, хэн нэгэн рүү шилжсэн үү тэгээд явчихсан. Тухайн үед тэднийг маш сайн таньдаг байсан учраас тоолгүй өнгөрсөн” гэх ярианы тайлал энэ байна. Тэрээр Таван толгойн 49 хувийн 10 хувийг хамтран амьдрагч Н.Баярт-Одтой үгсэн яаж нутгийн иргэдээсээ луйвардсан, түүнийгээ Н.Баярт-Одоор дамжуулан бусдад хэрхэн зарсан нь шүүхийн шийдвэрээр батлагджээ.

Энэ бол нэг ёсны санхүүгийн луйврын хэрэг юм. Н.Баярт-Од нь Таван толгой компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх үеийн албан тушаалаа урвуулан ашиглаж компанийн хувьцааг ямар иргэд эзэмшдэг, тэдгээрээс яаж хэрхэн авч болох талаар судлаад Л.Энхболдтой үгсэн иргэдийг хохироосон ноцтой үйлдэл юм. Тиймээс одоо хувьцаагаа луйвардуулсан иргэд Л.Энхболд, Н.Баярт-Од нараас хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй болж байна. Хэрэв тэд иргэдийг луйвардаж, төөрөгдүүлж хууль бусаар хувьцааг нь аваагүй бол хувьцааны арилжаа хийгдэхгүй байсан хэрэг. Тэгэхээр өнөөдөр хүртэл өрнөж байгаа хувьцааны маргааны эзэн Л.Энхболд ажээ. Тэрээр “Д.Бат-Эрдэнэд би 10 хувиа зарсан…Би Д.Бат-Эрдэнийг тэрбумтан болгосон” гэж хэлэх дуртай нэгэн. Мань эр 1999 онд Н.Баярт-Одоор дамжуулж 10 хувиа 300.000 төгрөгөөр зарсан. Л.Энхболд ашиг олсон уу, олсон. Хувьцааны үнэ хэзээ, хэрхэн өсөхийг хэн ч таашгүй. 1999 онд цаас шахам байсан Таван толгойн нэгж ширхэг хувьцаа өнөөдөр 11 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. Хөрөнгийн зах зээлийн зарчим нь ерөөсөө л энэ юм. Үүнийг Л.Энхболд хүлээн зөвшөөрч чаддаггүй, нутгийн ард түмнээсээ луйвар залилангаар олж авсан хувьцаагаа өнөөдрийн ашигтай харьцуулж, бусдад зарсандаа харамсаж явдаг гэмээр үг, үйлдлүүд гаргадаг. Үүнийгээ сонгууль болохоор л амилуулж, энд тэнд ярьж олон нийтийг төөрөгдүүлдэг.

Үнэндээ энэ хэргийн жинхэнэ эзэн, санхүүгийн луйврыг зохион байгуулсан, нутгийн иргэдээ хохироосон гэмтнээр Л.Энхбодыг л хуулийн байгууллага шалгах учиртай ажээ.

Б.ЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *