Categories
мэдээ нийгэм

Жаргалантын тариаланчид ирэх сарын 3-наас улаан буудайгаа тарина

Жаргалантын тариалан­чид тариалалтаа эхлэхэд бэлэн болчихож. Саяхан тариа­ланчдынхаа зөвлөлгөөнийг хийж тариалалт эхлэх хугацаагаа товлоод авч. Ирэх сарын гуравнаас улаан буудайн тариалалт эхлэх юм байна. Ногоочдын хувьд ажил нь аль гуравдугаар сараас эхэлжээ. Тариа, ногооны гол сумдын нэг Төв аймгийн Жаргалант суманд хаврын тариалалтын ажил ид өрнөж байна. Гурван жилийн өмнө улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарч байсан “Алтан залаа” компанийн захирал Цэвэлмаатай уулз­лаа. Тариалалт хийх техни­күүдээ жин тан болгожээ. Энэ жил сумынхаа төвөөс 30 гаруй км зайтай Буйрын даваа гэдэг газар 500 га-д улаан буудай тарих юм байна. Үрийнхээ будааг агуулахаас гаргаж, цэвэрлэж, хордуулж, ачаад явах л дутуу байгаа аж.Тариалалтаа ирэх сарын 3-нд эхэлж, 8-10 хоногт дуусгах төлөвлөгөө гаргажээ. Нэг га-гаас 18-20 тонн буудай хурааж авах гэнэ. Талбайнхаа арав орчим хувьд рапс тарьдаг гэж компанийн захирал сонирхуулав. Гэхдээ энэ жил бага талбайд тарихаар болжээ. Рапс хөрсийг үржил шимгүй болгож, гэмтээдэг гэсэн яриа ортой эсэхийг сонирхоход “Буруу ойлголт. Рапсын хувьд бусад таримлуудтай нь харьцуулахад хөрснөөс арай илүү тэжээл авдаг. Хөрсийг гэмтээдэг гэж ойлгож болохгүй. Таримлын сэлгээнд зайлшгүй байх ёстой гэж саяын зөвлөгөөнөөр эрдэмтэд зөвлөж байсан” гэсэн хариу өгөв.

Аж ахуйн хашааг нь сонир­хов. Энд будаа хадгалдаг хоёр ч том сав байна. Нэг нь 300, нөгөө нь 100 тонных. Томд нь зарах буудайгаа, жижигт нь үрийн буудайгаа хадгалжээ.

Буудай хадгалдаг ийм аварга эд Жаргалант сумын Загдал багийн “Саян түрүү” компанид л бий гэнэ. Тэр нь 100 тонных аж. Өнгөрсөн жил хураасан буудайнаас нь 40 тонн л үлджээ. Үлдсэнийг нь “Өег гурил” компанид борлуулсан байна. Гэхдээ тал мөнгийг нь аваагүй гэнэ.” Мөнгөө авч амжихгүй бол тариалалтаа зээл тавиад л эхлүүлнэ дээ” гэж байна. Саяхан болсон тариаланчдын зөвлөгөөнөөр сумынх нь ихэнх компани буудайгаа зарж чадаагүй, зарсан ч мөнгийг нь аваагүй гэсэн зовлон ярьж байжээ.Үрийн агуулахад нь 70 тонн үр байгаа аж. Импортоор орж ирсэн Алтайский 530 сортын үр юм байна. Үрийн нөөц хангалттай гэж Цэвэлмаа захирал ярив. Эдний компани үр үржүүлэх тусгай зөвшөөрөл авчээ. Өнгөрсөн жил Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд гаргасан Дархан-144 сортын элит үрийгүржүүлээд онцгой байдлын үрийн агуулахад өгчээ. Энэ жил Дарханы хүрээлэнгээс Монголд шинээр үйлдвэрлэсэн элит үрийг үржүүлэхээр авчирчээ. Дархан-131 гэсэн энэ сортбогино болцтой, ганд тэсвэртэй, ургац гайгүй авдаг гэсэн давуу талтай аж. Эдний компани элит үр авч үржүүлж тариаланчдад нийлүүлдэг юм байна.

Аж ахуйн хашаанд нь борной, будаа цэвэрлэдэг, ангилж хаддаг, ачдаг гээд хэд хэдэн зориулалтын техник харагдав. “Алтан залаа” компани энэ жил техникийн шинэчлэлдээ анхаарчээ. Украйнаас хүнд борной гэдэг техник оруулж иржээ. Хоёр тонн гаруй жинтэй энэ техникийг 26 сая төгрөгөөр авчээ. Тариа хураасны дараа талбай дээр үлдсэн соломыгхэрчиж жижиглээд хөрстэй нь хольж өгдөг эд аж. Ингэснээр соломыг малын идэш болголгүй, хөрсөнд нь шингээх сайн талтай гэнэ. Хөрсний үржил шимд сайнаар нөлөөлдөг юм байна.Үүнээс гадна будаа ачдаг шинэ техник, тус бүр нь арван сая төгрөгийн үнэтэй “Омечка” гэдэг силк авчээ. Комбайн, трактор зэрэг техникүүд нь өөр хашаанд байгаа гэнэ.

Хаврын тариалалтад 12-15 хүн ажиллуулах гэнэ. Цэвэлмаа “Тавдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадастай юм билээ. Хур тунадас нь сарынхаа сүүл хавьд учраас тариалалтад сүртэйнөлөөлөхгүй” хэмээн ярилаа.

Хүлэмжийн гүзээлзгэнийг зургадугаар сард амтална

Жаргалант суманд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг айлууд олон байдаг аж. Нарийн ногоо, жимсийг төрөл төрлөөр нь тариад хэрэгцээгээ хангачихдаг айлууд ч байна. Тэдний нэг нь О.Ишдоржийнх. Тэтгэвэртээ гараад хөгшинтэйгөө энэ суманд ирж суурьшжээ. Энэ айлын эзэгтэйг Ж.Хандсүрэн гэдэг юм байна. Хашаа нь тэр чигтээ мод, зүлэг юм. Завсар зайгаар нь явган хүний зориулалтын зам хийжээ. Хүлэмжээ саяхан угсарч дууссан гэнэ. Хүлэмжиндээ сонгино үрслүүлжээ. Оронгуут л сонгинын хурц үнэр хамар цоргилоо. Удахгүй гадаа талбайд шилжүүлж суулгах аж. Цаахан талд нь гүзээлзгэнийн үрсэлгээ суулгажээ. Эзэгтэй “Өнгөрсөн намар таван кг, хачин гоё амттай том том гүзээлзгэнэ хурааж авч ойр дотнын хүмүүсээ дайлсан. Энэ жил ч таван кг гүзээлзгэнэ хурааж авна. Миний тарьсан гүзээлзгэнэ зургадугаар сарын дундуур гэхэд болчихно” гэж сонирхууллаа. Энэ хүлэмжинд улаан лооль, өргөст хэмх, чинжүү, эрдэнэшиш, вандуй гээд төрөл бүрийн нарийн ногоо тарьдаг юм байна. Өнгөрсөн жил хүнсний ногоо, нарийн ногоо, жимс нийлээд 24 төрөл болжээ. Хулуу гэхэдл таван төрлийг тарьсан байна. Өргөст хэмхийн суулгацыг гэртээ бэлдсэн гэнэ. Удахгүй хүлэмж рүүгээ шилжүүлэх аж. Хүлэмжинд тарьсан нарийн ногоогоо гэр бүлийнхээ хүнсэнд л хэрэглэдэг юм байна.

Хашаандаа чацаргана, тоор, үхрийн нүдний мод тарьжээ. Арчилгаагаа аль хэдийнэ эхэлжээ.Өнгөрсөн жил 50 кг чацаргана хурааж авч байж. Жимсний модны завсар зайгаар салатны навч, ногоон сонгино тарьжээ. Сонгино нь хүнсэнд хэрэглэж болохоор шахуу ургасан харагдав. Хүнсний ногоог төрөл бүрээр нь тарих гэнэ. Артишок ч тарих юм байна. Дотор эрхтэн цэвэрлэх үйлчилгээтэйэнэ ургамлыг хандалж, жүүс хийж хүнсэндээхэрэглэдэг аж. Эднийх ногоогоо арчлахын тулд зуу гаруй сая төгрөгөөр худаг гаргуулжээ. Гэрийн эзэгтэй “Газрын шим гэж сайхан юм. Өөрсдөө хичээвэл хөгшин гэхгүй сайхан амьдрах боломж байна шүү” гэж ярьсаар биднийг үдсэн юм.

Ногоочид төмсөө нарлуулж байна

Жаргалантын шар төмс дангаараа нийслэлийн хэрэглээний дөчин хувийг хангадаг гэсэн албан бус статистик бий. Жаргалант сум улсын төмсний нийт хэрэгцээний дөрөвний нэгийг хангадаг гэсэн албан тоо сонсогддог. 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл төмс тарьж байгаа “Жинсрэгт хайрхан” компанийн ажлын явцыг сонирхлоо. Техник нь тариалалтад гарахад бэлэн болжээ. Бэлтгэл нь 90 гаруй хувьтай байгаа гэнэ. Үрээ зоориноос гаргаж нарлуулж байгаа юм байна. 50 га-д төмс тарихаар төлөвлөжээ.Үрээ соёолуулсны дараа, ирэх сарын 5-нд тариалалтаа эхлүүлнэ гэж тус компанийн зөвлөх Баасанжав сонирхууллаа. Хаврын тариалалтад хориод хүн ажиллах гэнэ. Харин намар зуу гаруй хүн ажиллуулдаг байна. Өнгөрсөн намар Жаргалантынхан сумаа “Монголын Сөүл” гэцгээн хошигнон нэрлэж байж. Төмс их ургасан учраас Архангай, Хөвсгөл зэрэг холын аймгуудаас хүмүүс майхан савтайгаа ирж төмс хураан дажгүй мөнгө олоод буцсаныг ингэж хошигносон хэрэг. “Жинсрэгт хайрхан” компани сэлгээний талбайгүй учраас айлын газар түрээсэлж тарьдаг юм байна. Нэг га талбайг 150 мянган төгрөгөөр түрээсэлдэг гэнэ. Нэг га-гаас хорин тонн төмс хурааж авдаг аж. Нийтдээ мянга гаруй тонн төмс хурааж авах юм байна.

Голланд сортын байцаагаар нийслэлийг хангана гэв

“Ногооны тариалалтын ажил эхлээд сар болж байна” гэж хүнсний ногооны агрономич С.Энхболд ярилаа. Энэ эрхэм сумын агропаркийг хариуцдаг. Бас бордооны үйлдвэрийн дарга. Монгол төмс хөтөлбөрийн агрономи гээд хэд хэдэн алба хашдаг юм билээ. Сумын хүнсний ногоо тарьдаг хүмүүстүрслэг бэлтгэж өгдөг аж. Голдуу эрт, орой, дунд болцын байцааны үрслэг иргэдэд нийлүүлдэг гэнэ. Мөн өргөст хэмх, улаан лооль, чинжүү гээд хүлэмжинд тарьдаг ногоонуудын үрслэгийг ч нийлүүлдэг байна. Жаргалантын жилийн хэрэгцээний артишокийг тарьчихдаг гэж сонирхуулав. Элэг, цөс нойр булчирхай, хоол боловсруулах эрхтний хордлого тайлах үйлчилгээтэй энэ ургамлыг яаж хандалж хэрэглэдгийг ч сумынхандаа заагаад өгчихөж. ХААИС-ийн эрдэм шинжилгээ судалгааны “Нарт” төвд ажиллаж байхдаа “Газар шим” компанитай хамтарчар тишок дээр ажиллаж байж.Нэг хүлэмжээ артишок ургамалд зориулжээ. Айлууд С.Энхболдоос артишокны суулгац авч тарьж эхэлжээ. С.Энхболдын хүү нь эхнэртэйгээ хаврын ажилд нь туслахаар иржээ. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн гэнэ.

Голланд сортын байцааны үрслэгээ тав, зургадугаар сарын заагаар талбайд шилжүүлж, зөрүүлээд өргөст хэмхээ тарьдаг аж. Байцааны 70-80 хувийгурд хөршөөс импортолдог гэсэн статистик бий. Энэ хувийг багасгахад түүний үрсэлгээ хийж байгаа голланд сортын байцаа мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх гэнэ. Энэ жил сумын хэмжээнд 20 гаруй га-д байцаа тарих юм байна.

Наадмаар эрт ургацын төмс гарна

Чинжүү, улаан лооль, артишокийн хувьд ургалтын хугацаа урт учраас гуравдугаар сарын 15-наас тарьж эхэлжээ. С.Энхболд нэг хүлэмжиндээ төмс соёолуулжээ. Эрт ургацын төмс тарих юм байна. Тэрээр наадмаар эрт ургацын төмс худалдаж эхэлнэ гэсэн мэдээ дуулгалаа. Агрономич “Манай суманд “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнднүхэн зоорины төсөл хэрэгжүүлж, айл бүрд мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Үүний үр дүнд бид нийслэлийг жилийн турш төмсөөр хангах боломжтой болсон” гэж ярилаа. Гурван га-д төмс тариад 100 тонн ургац авчихдаг гэнэ. С.Энхболдын хашаанд Японы хөрөнгө оруулалтаар боссон бордооны үйлдвэр ажиллаж байна. ХААИС-тай хамтарч бактерийн бордоо үйлдвэрлэж байгаа юм байна. Бууцан болон шингэн гэсэн хоёр хэлбэрийн бордоо үйлдвэрлэж байгаа аж. Шингэн бордоогоо литрийг нь 3000, бууцан бордоогоо кг-ыгнь 500 төгрөгөөр үнэлжээ. Бууцан бордооныхоо онцлогийг “Бууц шинэ, хуучин гээд янз бүр. Шинэ бууц хийхэд нэг сул тал бий. Малын ялгадсаар гарсан өт хорхой, авгалдай хөрс бохирдуулдаг. Мөн хог ургамлын үр малын ходоодонд боловсордоггүй. Баасаар нь гарчихдаг. Талбайд бууц хэлбэрээр очихоороо хогийн ургамлын үр таригдаад ургадаг. Ийм учраас хүмүүс бууц хэрэглэхээр хог ургамал нь дийлдэхгүй юм гээд байдаг. Гэтэл бид тийм асуудалтай бууцыг боловсруулж байна. Шинэ бууцыг 70-80 градусын халуунаар үлээлгэхэд хог ургамлын үр, хорхой шавьж нь үхдэг. Ургамалд шингэх процесс нь түргэсдэг юм” гэж тайлбарлав.

Хөрсөнд агуулагддаг бичил биетүүд ашигтай, ашиггүй гэж хоёр янз байдаг аж. Ашиггүй нь дийлээд ирвэл хөрсний ялзмагжих процесс арилж үржил шимгүй болдог байна. Хөрсөнд байгаа бактеруудаас ашигтайг нь ялгажавч шингэн бордоогоо хийдэг гэнэ. С.Энхболд “Нэг грамм дусалд нэг тэрбум ашигтай бактери үрждэг. Тэрийг өсгөвөрлөж байгаад хөрсөнд нь хийгээд өгчихдөг. Айраг исгэхтэй л адил процесс. Ургамал эрдэс бодисоор хооллодог. Малын бууц шим бордоо гэж явдаг. Шим бордоо эрдэсжинэ. Эрдэсжих процессыг түргэтгэх зүйлийгэнэ шингэн бордоо хийж өгнө. Манай бордоог хэрэглэвэл ургац хоёр дахин нэмэгдэж байгаа. Бүр үүнээс ч илүү байж болно. Үр сортоо шинэчилсэн ч хөрсөө тордохгүй бол нэмэргүй. Хөрснийхөө асуудлыг шийдээд өгчихвөл эрүүл ногоо иднэ. Хүнсээрээ дамжаад хүн төрөлхтөн эрүүлжинэ. 1959 онд атар газар эзэмшиж Угтаал, Жаргалант зэрэг сангийн аж ахуйнууд байгуулагдсан цагаас хойш хөрсний үржил шим 50 хувь буурсан. Дахиад хагас зуун жил газар тариалан эрхлэхэд ургамал ургахгүй шинжиндээ орох нь байна. Тэгэхээр халгүй аргаар хөрсөө бордох хэрэгтэй” гэж ярилаа. Сумын тариаланчдын зөвлөгөөний үеэр бүтээгдэхүүнээ танил­цуулснаас хойш бордооных нь эрэлт эрс өссөн гэнэ. Хөрөнгө санхүү нь байвал үйлдвэрлэж буй бордоогоороо улсын хэрэгцээг хангах боломжтой аж. С.Энхболд “Дэлхийд бордооны үйлдвэргүй тавиад улс бий. Энэ орнуудыг ургац нь бага, ургацынх нь чанар муу, хүнсний аюулгүй байдлын чанар алдагдсан гэж үздэг. Бусад 150 орон нь бордоотой. Монгол бордооны үйлдвэртэй. Тэр дундаа сангийн аж ахуй дотор манай сум л бордооны үйлдвэртэй” хэмээн онцоллоо. Жаргалант сум энэ жил 10500 га-д үр тариа, 2300 га-д төмс, 130 га-д нарийн ногоо тарина гэсэн мэдээллийг сумын газар тариалангийн мэргэжилтэн өглөө.

Ц.Баасансүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *