Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Золжаргал: Эрчим хүчний салбар хоцрогдчихоод эдийн засгийн өсөлтөө боомилоод байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай эрчим хүчний томоохон төсөл, тус салбарын цаашдын бодлогын талаар ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Таны хувьд төсвийн тодотгол дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинээр Засгийн газар байгуулагдаад төсвийг тодотгох нь угаасаа зүй ёсны хэрэг. Тодотголыг хийх ёстой. Харин хийхдээ 2024 оны төсвийн тодотгол, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хууль хамт орж ирж байгаа. Мэдээж энэ хуулийг дагасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ч гэсэн орж ирж байгаа юм. Цэвэр хуулийнхаа үүднээс аваад үзэхээр төсвийн мэдэгдлээ хүчинтэй хуулийн заалтад тулгуурлаж хийх ёстой. Тэр нь төсвийн тогтвортой байдлын тусгай шаардлагууд. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа биш өөрчлөлт орсны дараа гарч ирэх заалтад тулгуурлаж хийсэн. Улмаар тэр нь нийцтэй байна гэсэн дүгнэлттэй орж ирсэн нь УИХ дээр нэлээд маргаан үүсгээд буцаалаа. Энэ мэтийн алдаа дутагдлыг засах нь зүйтэй. Хоёрдугаарт, улс орны хэмжээний том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд төсвийн тогтвортой байдлынхаа тусгай шаардлагад өөрчлөлт оруулж, арай сулруулж байгаад явуулна гэсэн зүйл ярьж байгаа. Том төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага байна гэдэг дээр бүрэн дүүрэн санал нийлж байна. Гэхдээ аль болохоор төсвийн оролцоо бага, эрх зүйн орчныг өөрчлөх замаар буюу татварын, бодлогын дэмжлэгийг үзүүлж, хувийн хэвшил, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалтыг татаж хийхийг зорих нь зөв.

Тэгэхгүйгээр төсөв ашигтай байна гээд л Засгийн газар хийгээд байх юм бол нэгдүгээрт их үрэлгэн, хоёрдугаар эрсдэл их байгаа.

-Тухайлбал ямар эрсдлүүд байна вэ?

-Өнөөдөр бид олон улсын улс төрийн байдал, эдийн засаг хаашаа яаж эргэхийг урьдчилан харж чадахгүй байна шүү дээ. Тийм болохоор ийм үед бүгдийг нь өөр дээрээ аваад явах нь эрсдэлтэй. Тиймээс хамгийн чухал төслүүд нь яг юу юм бэ гэдгээ барьж авмаар байгаа юм. Гоё, гоё романтик төслүүдийн заримыг нь хойшлуулж болно. Ийм шаардлага ч гарч магадгүй.

-Таныхаар яг аль төслүүд нь нэн шаардлагатай юм бэ?

-Эрчим хүчний төслүүд зайлшгүй хийгдэх шаардлага байна. Тавантолгойн цахилгаан станц гэж их олон жил яригдсан. Жил бүр бараг цахилгаан станц барих хэмжээний мөнгөөр БНХАУ-аас эрчим хүч худалдан авч, Оюутолгойг ажиллуулж байна. Энэ бол мэдээж Монголын эдийн засгийн хамгийн том мотор. Мөн Улаанбаатар хотод шинэ эх үүсвэр барина гээд бас л олон жил боллоо.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, нийслэлийн хэрэгцээг хангана гээд байгаа?

-Тийм. Дээрээс нь манайх чинь Оросоос сүлжээнийхээ дутагдлыг нөхөж, хэлбэлзлээ хаадаг шүү дээ. Үүнийгээ аль болох бие даасан байдалтай болгох хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрыг зайлшгүй хийх ёстой. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц чухал. Баруун бүсийн эрчим хүч хэтэрхий импортын хамааралтай. Найдвартай бус байсаар ирсэн. Тиймээс энэ том төслүүдээс нүүрсний болон усан цахилгаан станцуудаа яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би бодож байгаа.

-Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бас л олон жил ярьж байна. Уг нь анх ярьж байснаараа бол хэдийнэ ашиглалтад орох болчихсон. Тэгэхээр ер нь хэлж, ярьж байгаа том төслүүдээ товлосон цаг хугацаандаа ашиглалтад оруулаад дараагийн төслөө эхлүүлдэг байхын тулд яах ёстой бэ?

-Эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд төрөөс шийдвэр гаргаад, хөрөнгө оруулагч нь эдийн засгийн хувьд ашигтай ажиллах нөхцөлтэй болгоод өгмөөр байгаа юм. Төр сонгон шалгаруулаад, өөр дээрээ хариуцлага авч хийнэ гэхээр л улс төрөөсөө хамаараад их олон жилийн хугацаа алдаж байна. Би ингэж л боддог. Тийм болохоор аль болохоор л зах зээлийн систем рүү нь оруулах ёстой.

-Эрчим хүчний суурь үнийг нэмэх, либералчлах асуудал сүүлийн үед нэлээн яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Монголд үйлдвэрлэл, барилга, бизнес хөгжүүлье гэхээр эрчим хүч хүрдэггүй. Олон төсөл, үйлдвэр эрчим хүч, цахилгааны техникийн нөхцөлөө авах гээд чаддаггүй байдалтай байгаа. Хэрвээ хангалттай эрчим хүч байсан бол улам их орлого нэмэгдэж, эдийн засаг тэлнэ. Тэгэхээр манай эрчим хүчний салбар маань хоцрогдчихоод эдийн засгийн өсөлтөө боомилоод байгаа юм.

Нэмэгдүүлээд хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт татах гэхээр цахилгааны тарифын асуудал гарч ирдэг. Дотоодынхоо цахилгаан станцын үнээс хоёр дахин өндөр үнээр Орос, Хятадаас импортоор авч байгаа. Ийм болохоор энэ салбарт хөрөнгө оруулалт ордоггүй. Үүнээсээ болоод эдийн засаг өсөхгүй, монголчуудын орлого нэмэгдэхгүй болчихоод байгаа юм. Тийм болохоор эрчим хүчний үйлдвэрлэл хөрөнгө оруулалт татахуйц хэмжээний тариф хэрэгтэй. Хоёрдугаарт, одоо ажиллаж байгаа төрийн өмчит цахилгаан станцууд үйл ажиллагааныхаа зардлаас хямдаар бүтээгдэхүүнээ зарж байгаа. Ингээд технологийн шинэчлэл хийж чадахгүй. Өрийн сүлжээнд орчихсон. Цахилгаан станц нь ингэж хямдаар бүтээгдэхүүнээ зараад байгаа болохоор тэдэнд нүүрс нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол зэрэг уурхайнууд ч нэг тонн нүүрсээ олборлосон өртгөөсөө хямдаар зардаг. Ингэж хаа, хаанаа алдагдалтай ажиллаж байгаагаа Засгийн газрын өрийг нэмж аргалдаг. Эргээд түүнийх нь хүү, төлбөрийг бид бүгдээрээ хувааж төлдөг байдалтай явсаар ирсэн. Ийм байдалтай байсаар нэг л өдөр Монголын эрчим хүч тэр чигээрээ савлах юм бол юун хөгжил манатай л болно. Тэгэхээр тарифыг бодит байдал руу нь оруулах хэрэгтэй байна. Ядаж алдагдлаа нөхөх хэрэгтэй. Ингэхээр тариф мэдэгдэхүйц хэмжээгээр өснө. Гэвч өслөө гээд Орос, Хятадаас хямд, Европын улсуудтай харьцуулахад бүр хэд дахин хямд байна. Алдагдал нь буураад эрчим хүчний салбар доголдолгүй ажиллаад ирэхээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, өрсөлдөх боломж үүснэ. Мөн тарифаас гадна өртөгөө нөхөх гэсэн асуудал байна. Хэтэрхий үрэлгэн байдлаас болоод өртөг нь хэтэрхий өндөр гарч байгаа зүйл бий.

-Үрэлгэн гэдгээ тодруулахгүй юу?

-Төрийн өмчийн компаниудад өнөөдөр шаардлагатайгаасаа хэд дахин их хүн ажиллаж байна. Мөн янз бүрийн шахаанууд яригддаг. Цахилгаан дамжуулах сүлжээний алдагдал гэж маш том зүйл байна. Энэ бүхнийг сайжруулбал өртөг буурна. Түүнээс биш зөвхөн механикаар тариф нэмээд алдагдалгүй болгоод байж болохгүй. Зэрэгцээд өртөгөө бууруулах ёстой. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын засаглал өнөөдөр өөрчлөгдөх хэрэгтэй. Улс төрөөс хамааралтай, Засгийн газраас томилгоо хийдэг байх юм бол өртөг буурахгүй. Нээлттэй компанийн журмаар, мэргэжлийн хүмүүс гэрээгээр үйл ажиллагааг нь удирддаг. Улс төрийн нөлөө байхгүй. Улстөрчийн найзууд нь тэнд мөнгө эргэлдүүлж, элдэв зүйл шахаа хийдэггүй л болох хэрэгтэй. Өртөг буурвал үнээ хэт өндөр болгоод байх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, өртгөө нөхөхүйц үнэ тариф тогтоолоо гэхэд менежментийг нь давхар заавал хийж явах нь чухал. Тэгэхгүйгээр ганцхан үнэ нэмээд байвал жилийн дараа дахиад л өртөг нь өндөр болчихно. Түүнийгээ нөхөхийн тулд үнээ нэмэх хэрэгтэй гэдэг зүйл мөнхөд яригдах болно.

-Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, олон нийтэд нээлттэй болгох асуудлыг өмнөх Засгийн газар ч ярьж л байсан. Харамсалтай нь дорвитой ажил хийгдэхгүй байсаар өдийг хүрлээ. Тэгэхээр засагт хамтарсан ХҮН энэ асуудал дээр цаашид хэрхэн анхаарч, засаж залруулах тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?

-Ерөөсөө төрийн өмч нийтийн өмчлөлтэй хувьцаат компани л болох хэрэгтэй. Том алдагдалтай байгаа цахилгаан станц, уурхайнуудыг хувьчиллаа гэхэд хувьцаа нь үнэ хүрэхгүй. Дотооддоо олигтой авч чадахгүй. Гаднын ганц, хоёрхон компани аваад дарчихвал яах вэ. Дараагаар нь дуртай үнээ хэлээд монопол болчихвол яана гэсэн айдас байдаг шүү дээ. Үүнээс болоод эрчим хүчний салбарын хувьчлал хойшоо шидэгдэж ирсэн. Тэгэхээр юуны өмнө бие даасан, алдагдлаа нөхдөг хэмжээнд ажиллуулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, өмчийн дийлэнхийг нь биржээр зардаггүй юм гэхэд Засгийн газраас хамаагүй, гэрээт байдлаар мэргэжлийн удирдлагатай болгох хэрэгтэй. Гуравдугаарт, эрт, орой хэзээ нэгэн цагт хувьчлах л ёстой. Хувьчлахдаа зах зээл дээр олон талхны үйлдвэр байх юм бол талхны үнийг чөлөөтэй орхиж болно. Харин хоёр, гуравхан байхад нь үнийг чөлөөтэй орхиж болохгүй.

-Үгсэн тохирох зэргээр асуудал үүснэ гэж үү?

-Тийм. Одоо гэтэл Монголын эрчим хүчний 60-70 орчим хувь нь ганцхан том станц байна. Хувийн өмчийн үйлдвэрлэж байгаа эрчим хүч гэж маш бага шүү дээ. Тийм болохоор яг одоогийн байдлаар чөлөөлнө гэдэг үг утгагүй болчихоод байгаа юм. Эрчим хүчний тухай хуульд эрчим хүч үйлдвэрлэхэд үнэ тариф нь бизнесийн хувьд үр ашигтай байх, хөрөнгө оруулалтаа нөхөхүйц байх ёстой гэсэн заалт бий. Үүнийгээ л эхний ээлжинд хэрэгжүүлэх асуудал байна. Харин үүний дараа үйлдвэрлэл нь ашигтай ажиллаад, хөрөнгө оруулалт нь нэмэгдээд, олон үйлдвэрлэгч бий болсны дараа бид чөлөөлөх асуудал ярьж болж байгаа юм. Ер нь эрчим хүчний хөгжлийн загварын хувьд Монгол Улс том, том станц биш, жижиг, дунд оврын олон тархмал эх үүсвэр байх хэрэгтэй. Тэр нь нүүрс, сэргээгдэх буюу нар, салхи, усных байна. Сүүлийн үед хүмүүс атомын цахилгаан станц ярьдаг болж байгаа. Жижиг атомын станцууд байдаг л даа. Жишээлбэл, хойд туйл дээр усан онгоц очоод зогсчихсон, 20 гаруй жил ажиллаж л байна. Энэ мэтээр олон жижиг станцууд байх ёстой. Монгол чинь том газар нутагтай. Төвлөрсөн цэгээс эрчим хүч үйлдвэрлээд түгээхээр алдагдал өндөр. Алдагдлаа багасгахын тулд тархмал байх хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Хоёрдугаарт, аюулгүй байдал талаасаа ч чухал.

-Аймаг бүр л цахилгаан станцтай байна гэсэн үг үү?

-Аймаг бүр л станцтай. Гэхдээ бие даасан биш. Хоорондоо сүлжээгээр холбогддог байх хэрэгтэй. Өнөөдөр чинь дөрөвдүгээр цахилгаан станц зогсоход л улс орон даяараа зогсчих гээд байгаа. Ийм байж болохгүй. Мөн эх үүсвэрийг нь ганцхан сэргээгдэх эрчим хүч гэж туйлширч ерөөсөө болохгүй. Манайх хүйтэн газар. Нүүрсний станцууд зайлшгүй хэрэгтэй. Дорнод аймагт ноднин жил 50 Мвт-ын станц ашиглалтад орсон. Завхан аймгийн Тосонцэнгэлд жижиг станцын, Сэлэнгэ аймагт дунд оврын төсөл эхлэхээр болсон.

Миний мэдэхээр Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Нарийнсухайтын уурхай орчимд жижиг төсөл яригдаж байгаа. Иймэрхүү 20-50 МВт-ын нүүрсний станцууд хэрэгтэй байна. Ингээд олноороо баригдаад эхлэхээр хоорондоо өрсөлдөөн үүснэ. Ашигтай ажилладаг болохоор улсын эдийн засаг нэмэгдэж, эрчим хүчний хангалт сайжирна. Тэр цагт үнийг бүрэн чөлөөлөх асуудал ярьж болно.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *