Categories
мэдээ цаг-үе

Ж.Үйлст: Хүмүүст томоохон баярууд нь мөнгөний дарамт болсноос аймшигт хэргүүд нэмэгддэг

Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ярилцлаа.


-Баярын өдрүүд дөхөх тусам хүмүүсийн уур бухимдал улам нэмэгдээд байх шиг. Та сэтгэл зүйчийн хувьд яаж харж байна вэ?

-Үүнийг сэтгэл зүйн талаас нь бус монгол хүний амьдралын хэв маягтай холбож тайлбарлавал илүү оновчтой байх. Учир нь манайханд аливаа зүйлийг төлөвлөх, мөнгөө хуримтлуулах гэсэн хоёр зан үйл дутагдаж байдаг. Баярын өдрүүд дөхөх тусам хүмүүсийн мөнгөний хэрэглээ улам нэмэгддэг. Тиймээс ихэнх хүмүүс хаанаас, яаж мөнгө олох вэ гэж бодон өөрсдийгөө стресст автуулдаг. Гэтэл гадны орнуудад ч гэсэн уламжлалт баярууд нь болдгоороо болдог. Түүнд зарцуулагдах мөнгө нь ч гэсэн манайхантай яг л адилхан байдаг. Гэхдээ тэр мөнгө нь ард иргэдийнх нь хувьд тэгтлээ их ачаалал болж, сэтгэл зүйд нь дарамт учруулдаггүй. Монголчууд яагаад ингээд баяр болохоор илүү их стресстээд байна гэхээр мэддэг хэрнээ, хэнэггүй өнгөрдөг зангаас нь үйддэг юм. Өөрөөр хэлбэл, бид жил бүр Цагаан сар болдог гэдгийг мэддэг. Тэгсэн хэрнээ үүндээ зориулж ямар нэгэн байдлаар мөнгө хуримтлуулдаггүй. Өнөөдөр олсон мөнгөө өнөөдөртөө үрж, зарцуулдаг. Энэ хэнэггүй байдал нь эргээд өөрсдийг нь бухимдуулах шалтгаан болдог юм. Бидний хувьд хүүхэд байхаасаа л төлөвлөгөө гаргах гэдэг зүйлд суралцаагүйгээс болоод үүнийг үл тоодог. Энэ жил шинэ оны баяр, Цагаан сартай нэлээд ойрхон байсан учраас санхүүгийн дарамт ард иргэдэд илүү их мэдрэгдэж байгаа. Уг нь бүтэн жилийн өмнөөс дараа жилийн цагаан сар хэзээ болох нь тодорхой болчихдог болохоор хүмүүс хэдэн төгрөгийг юунд зарцуулахаа тооцоолж аажмаар өөрсдийгөө хүндрэлгүйгээр бэлдэх ёстой л доо.

-Цагаан сарын баяраар ялангуяа өндөр настнуудад мөнгөний хэрэгцээ илүү их байдаг гэж хүмүүс ярьдаг.

-2017 онд хийгдсэн судалгаагаар 30-аас доош насныхны 15 хувь нь, 30-45 насныхны 55 хувь нь, 45-аас дээш насныхны 95 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэдэг гэсэн судалгаа гарсан. Үүнээс үзэхэд, 45-аас дээш насны бүх хүмүүс зөвхөн өөрсдийнхөө олсон орлогоор баярын бэлтгэлээ хийдэггүй. Ялангуяа тэтгэвэрт гарсан иргэдийн гэр бүлийн бүх гишүүд Цагаан сарын баярын бэлтгэлд оролцдог. Тэгэхээр баяр нь зөвхөн 30-аас дээш насныханд дарамт болоод байгаа юм уу гэхээр бас үгүй. Учир нь Ардчилал гарснаас хойш өндөр настантай мөнгө барьж золгодог жишиг тогтчихоод байгаа. Энэ нь нэг талаараа хөгшчүүдэд гаргасан зардлаа нөхөх боломж олгож байгаа ч залуучуудад уг зардал нь Цагаан сарын баярыг бие даан тэмдэглэсэнтэй дүйцэхүйц нөлөөлдөг. Сүүлийн үед Цагаан сарыг уламжлалт баяр бус дарамт гэж хүлээж авах хүмүүс их болоод байна. Магадгүй тухайн жил нь ямар нэгэн байдлаар энэ баярыг тэмдэглэхгүй байх нь тэдний хувьд баярлууштай үйл явдал мэт. Тэгэхээр энэ баярыг дарамт болтол нь хавтгайруулж тэмдэглэх шаардлага байгаа үгүйг бодох хэрэгтэй. Маргааш хэрэглэх хоолны мөнгөгүй байж зээл тавин байж, бүх мөнгөө зарцуулан Цагаан сарыг тэмдэглэдэг. Гэтэл баярын дараа хоосон хонохоор хэмжээний айлууд бодит амьдрал дээр зөндөө бий.

-Дараа нь өлсөхөө мэдсээр байж яагаад Цагаан сард хамаг юмаа зориулдаг юм бол?

-Үүнийг хэрэгцээний шатлалтай холбож тайлбарлавал, хүнд үндсэн таван хэрэгцээ байдаг. Нэгдүгээрт, физиологийн хэрэгцээ орно. Хооллох, унтах, бэлгийн хэрэгцээ нь хангагдаж байж дараагийн хэрэгцээ нь нөхөгддөг. Хоёрт, аюулгүй байдлын хэрэгцээ гэж бий. Үүнд хүнийг айдас, түгшүүргүй амьдруулах бүх зүйл багтана. Хоол хүнсээр дутагдахгүй байх нь үүнд мөн хамаарна. Гуравдугаарт, нийгмийн хэрэгцээ буюу хайрлуулах багтана. Өөрөөр хэлбэл, ганцаардахгүй, хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөн амьдрахыг хэлээд байгаа юм. Үүний дараа өөрийгөө хүндлэх, хүндлүүлэх хэрэгцээ багтдаг. Энэ нь бусдаар өөрийгөө хүндлүүлэх, нэр хүндтэй байх, амжилтад хүрэх, бусдаар магтуулах зэргийг хэлж болно. Хамгийн сүүлд өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ ордог. Үүнээс харахад нийгмийн хэрэгцээ болон өөрийгөө хүндлэх хоёрт иргэд түлхүү анхаарлаа хандуулж, өдөр тутамд ашиглагддаг аюулгүй байдал, физиологийн хэрэгцээндээ анхаардаггүй. Магадгүй түрээсийн байранд байгаа, дараа сарынхаа түрээсийн мөнгийг хойшлуулан Цагаан сараас шалтгаалан зээл тавин баяраа тэмдэглэж аюулгүй байдлаа эрсдэлд оруулдаг хүмүүс олон. Суурь хэрэгцээгээ алдагдуулан байж үүн рүү тэмүүлээд байгаа нь өөрийгөө хүмүүсээр хүндлүүлэх, хэн нэгэнд гадуурхагдалгүй хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хэрэгцээнд туульширч байгаатай холбоотой.

-Бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн сэтгэл зүй нь монголчуудад яагаад илүүтэй давамгайлаад байгаа юм бэ?

-Уг нь хүүхдэд нийгмийн хэрэгцээ 12 настайгаас нь эхлэн үүсдэг бөгөөд энэ нь хамт олон, найз нөхөдтэйгөө ойр байхаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд үерхэл нөхөрлөлөөр дамжуулан хамт олон дундаа байр суурьтай байх гэж оролддог. Гэтэл монголчууд хүүхдийнхээ эрх чөлөөг боогдуулж, үерхэл, нөхөрлөлийг нь хүртэл хязгаарладаг. Энэ байдлууд нь хүнд нийгмийн хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөлийг бүрдүүлж өгдөг бөгөөд өөрийн үнэлэмжийг нь алдагдуулдаг. Үүнийгээ ямар нэгэн байдлаар нөхөх гэж оролдох хэлбэр нь хэн нэгэнтэй өрсөлдөх, нэгнээсээ илүү гарах гэж оролддог байдлаар илэрдэг.

-Тэгэхээр ууцны том жижиг, буузны их багаар өрсөлдөх нь ч гэсэн үүнтэй холбоотой гэж ойлгож болох уу?

-Ууц, бууз, тавгийн чихэр, идээгээрээ өөрийгөө илүү гэдгээ бусдад харуулах, эсвэл манай гэр бүл энэ жил их сайн байсан гэдгээ илэрхийлэх гэсэн нэг оролдлого нь болж хувираад байгаа юм. Өөрөө өөртөө сэтгэл ханамжтай байхаас илүү бусад хүмүүс намайг юу гэж харж, бодох бол гэсэн сэтгэл зүй нь нийгэмд зонхилчихоод байна гэж харагдаад байгаа. Бас нийгэмд инфляци унаад ирэхээр хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө их гарч ирдэг. Ингэснээр мөнгөний үнэ цэнэ унаж, иргэд ядуурдаг. Ийм байх тусам хүмүүсийн сэтгэл зүйд ядуугаа нууж, далдлах гэсэн хүсэл бий болдог. Сүүлийн жилүүдэд сувинерийн дэлгүүр нэмэгдсэн нь хээнцэр зүйлээр муугаа далдлах гэсэн иргэдийн оролдлоготой холбоотой. Тэгэхээр баярыг өргөн дэлгэр тэмдэглэх гээд байгаагийн цаана ядуу гэдгээ нуух гэсэн үйлдэл оршиж байгаа гэж харж болно.

-Хүн энгийн амьдрахын тулд яах ёстой юм бэ?

-Хүн юунаас хамааралтай байгаа вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Сэтгэл зүй тогтворгүй болж, асуудалд орох үед хүн ямар нэгэн зүйлд донтох буюу аливаад хамааралтай болдог. Зарим хүмүүс дэлгүүр хэсэж хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулдаг бол зарим нь нэг хүнээс хамааралтай болж, ажилдаа улам шаргуу болно. Мөн бусдын юу ярих, нийгэм ямар зүйлд анхаарлаа төвлөрүүлж байгааг илүү анхаарч эхэлдэг. Энэ байдлаасаа татгалзах шаардлагатай. Хэн нэгний чиг хандлагад автан улайрах тусам өөртөө итгэлгүй болж, бусадтай өөрийгөө харьцуулдаг. Тэгэхээр материаллаг хэрэгцээн дээр суурилсан сэтгэл зүйн асуудлаа шийдэх нь зөв. Ингэснээр өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, түүнээсээ аз жаргал мэдрэх болно.

-Энэ надаас илүү гарчихлаа, би яахаараа чаддаггүй юм гэхчлэн өөрийгөө бусадтай харьцуулдаг шүү дээ.

-Уг үйлдэл нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй байгаатай л холбоотой. Энэ нь эргээд өөрийг нь бухимдуулж, стресстүүлээд байгаа юм. Бусдын өмнө хүлээн зөвшөөрөгдөхөөс илүү өөртөө сэтгэл ханамжтай байх нь чухал. Заавал өр зээл тавьж бус өөрийнхөө чадлын хэрээр энэ баярыг ёслон тэмдэглэх нь зөв. Хэрэв энэ үзлийг түгээж чадвал хүмүүст түгсэн буруу үзэл хандлагыг засч болно. Өөрийгөө танин мэдээгүй хүмүүс л бусдаас илүү гарах гэж харьцуулж байдаг юм. Үүнээсээ болоод өөрсдийгөө мөнгөний дарамтад оруулдаг зүйлүүдэд ачаалал өгч байдаг.

-Сүүлийн үед монголчуудын сэтгэлгээнд ажиглагдаж байгаа түгээмэл алдаа юу байна вэ?

-Бид хүнээс заавал хариу авч байж тусална гэж үзээд байдаг. Хэн нэгэнд тусалснаар ямар нэгэн хариу ирнэ гэдэг сэтгэл зүйн хүлээлттэй болчихоод байгаа. Энэ нь мөн Цагаан сарын баярын бэлтгэл дээр ажиглагддаг. Би энэ хүнд бэлэг өгч, сэтгэл гаргасан учраас эргээд надад бэлэг өгөх ёстой гэдэг байдлаар ханддаг.

-Баярын өдрүүд дөхөх тусам гэмт хэргийн гаралт улам нэмэгддэг. Үүнийг сэтгэл зүйн талаас нь тайлбарлаж болох уу?

-Хулгай хийдэг хүнийг аваад үзвэл, баяр дөхөөд ирэхээр хүмүүс гар дээрээ бэлэн мөнгө ихтэй явдаг. Тэр тусмаа хөгшид болон хөдөө орон нутгаас ирж байгаа хүмүүс бэлэн мөнгөтэй явж, зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлдэг. Тэгэхээр энэ нь хулгайчдын хувьд олз болон хувирдаг юм. Харин дээрэм, танхай, хүчингийн болон хүний амь насанд аюул учруулсан хэргүүд нь архидалттай шууд хамааралтай. Баяр болох гэж байна, баяр болчихлоо гэж хэт их архи ууснаас болж гэмт хэрэг үйлдэх, өртөх эрсдэл улам нэмэгддэг. Хүмүүст томоохон баярууд нь мөнгөний дарамт болсноос аймшигт хэргүүд нэмэгддэг байж болох талтай. Түүнчлэн хамт олон, найз нөхөд, удаан уулзаагүй хүмүүсийн уулзах хэв шинж нь архиар илэрдэг. Ер нь Цагаан сарыг архигүй тэмдэглэдэг болчиход болохгүй зүйлгүй.

-Гэхдээ нэг үеэ бодоход баярын өдрүүдээр архины хэрэглээ багассан юм шиг харагдаад байгаа?

-Энэ нь бүс нутгаасаа хамааралтай. Мөн нийгмийн ямар давхаргад байгаагаас шалтгаалан архины хэрэглээний их, бага нь тодорхойлогдоод байна. Хүмүүсийн амьдрал дээшлээд ирэхээр аливаа зүйлд хандах хандлага нь хүртэл өөрчлөгддөг. Гэвч одоо хэрнээ хотоос зайдуу захын хорооллуудаар болон алслагдсан сумдад хавтгайрсан архидалт хэвээрээ байгаа.

-Баярын үеэрх нийгмийн сэтгэл зүйг тодорхойлооч?

-Цагаан сараар хэн нэгнээр хүндлүүлдэг учир ихэнх хүмүүс баярыг заавал тэмдэглэх ёстой гэж үздэг. Тэгэхээр баярын үеийн энэ сэтгэл зүйг бараг л өөрчлөх боломжгүй. Баярын өмнө хүмүүс хэн нэгэнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн ойлголтоор баяртаа бэлддэг бол баярын үеэр амжилтад хүрсэн, эсвэл сайхан амьдарч байгаагаа хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлж байгаа болохоор сэтгэл ханамжтай болдог. Гэтэл баярын өмнө болон баярын үеэр гарч ирсэн санхүүгийн бэрхшээл нь баярын дараа дарамт болж улам стресстүүлдэг. Баяраас авч байгаа сэтгэл ханамж нь удаан үргэлжлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *