Өдрийн сонины архиваас…………….
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараатай ярилцлаа.
-Алдарт “Хар ус нуурын шагшуурга” дуунаас тань яриагаа эхэлье дээ. Таны “Хар ус нуурын шагшуурга” бол ардын дуу шиг мөнхийн бүтээл. Давтагдашгүй чанар нь эгшиглэгээний дотоод гоо зүйдээ байна уу?
-Би анх “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуугаа 1962 онд бичсэн юм шүү дээ. Намайг хөгжим бүжгийн сургуульд хийлийн багшаар ажиллаж байхад Зангад Ховдын театрт нэг жил ажиллаад ирсэн юм. Зангад бид хоёр 35, 36 гэсэн тоот зэргэлдээ өрөөнд суудаг байлаа. Хоёулаа хорин хэдтэй залуучууд, ерөөсөө л юм хийхийн хүслэн байсан юм биз дээ. “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ” дуугаа биччихээд Зангадад өгсөн. Дараа нь “Чиний минь хайр” гэдэг дуугаа бичсэн, мөн л Зангад дуулсан. Гурав дахь дуу маань “Хар ус нуурын шагшуурга” юм л даа. Энэ дууг бичсэн түүх сонин шүү.
-Б.Явуухулан гуайн номоос шүлгийг нь авсан уу?
-Үгүй. Яруу найрагч Намжимын Очирбат нэг өдөр манай сургууль дээр гүйгээд ирлээ. Чи энэ шүлэгт ая хийгээдэхээч, миний багшийн шүлэг байгаа юм гээд үг барьчихсан ирлээ. Явуухулан гуайн “Хар ус нуурын шагшуурга” нэртэй шүлгийн түүвэр нь гарчихсан байсан юм байна. Тэндээс нь гараар хуулж бичээд надад авчирчээ. “Багш энийг дуу гэж бичээгүй. Гэхдээ ая хийж болох болов уу, үгүй болов уу” гэчихээд яваад өгсөн. Уншлаа. “Шагшуурга” гэдэг үгийг нь би мэдэхгүй. Хар ус нуурыг нь ч үзээгүй. Гэсэн ч ая хийгээд жин тан болгочихоод Зангадад сонсголоо. Зангадаасаа шагшуурга гэж юу юм гэж асуусан ч үгүй. Тэгэхэд Явуухулан гуай Зохиолчдын хорооны Яруу найргийн секторын эрхлэгч байв. Залуу ч байж, их ч зоригтой байжээ, би. Жижүүрийн утсаар Явуухулан гуайтай холбогдлоо. “Таны шүлэгт би ая хийлээ. Та ирээд сонсохгүй юу” гэсэн. “Тэгье, тэгье. Би одоохон яваад очъё” гэж байна шүү, ээ, бурхан зүг минь ээ. Төдөлгүй л ороод ирлээ. Анх удаа Явуухулан гуайг харж байгаа минь тэр. Миний “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Чиний минь хайр” хоёр дууг сонсчихсон юм байна л даа. Дуугаа сонсголоо. “Сайхан дуу болжээ” гэж байна. Зориг ороод “Явуухулан гуай, энэ шагшуурга гэдэг чинь юу гэсэн үг вэ” гээд асуучихсан. “Чи хө, Шараа, энэ Туулын голоор явсан уу” гэж асуудаг юм. Туулын шугуй ямар гоё найгаж байдаг билээ, би анх хотод орж ирээд биширч байснаа түрүүн хэлсэн. Явуухулан гуай Хар ус нуураа, шагшуурга гэдгээ нүдэнд харагдтал дүрсэлж тайлбарлаж өгөөд “Чи нэг ёсондоо Туулын бургасаа л бодчих” гэсэн дээ. Илүү гоё төсөөллийг өгсөн байхгүй юу. Тэгмэгц “Нэг, хоёр, гурав, нэг хоёр” гэсэн солигдмол хэмнэлийг эхнээс нь төгсгөл хүртэл хэрэглэсэн. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. 1964 онд Хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурлын илтгэлд орсон л доо. “Хар ус нуурын шагшуурга” бол Монголын орчин үеийн дуунд шинэчлэл хийсэн бүтээл” гэж тэр илтгэлд онцолжээ. Яагаад гэвэл, солигдмол хэмнэлийг анх удаа оруулж ирсэн байх нь. Тэр хэмнэл, тэр үгэндээ л хүний сэтгэлд хүрэх учир нь байгаа байхгүй юу. Үгийг нь уншиж байхад надад “Хотон шувуудаа явчихаар
Зүүн гараас Шараа, Н.Очирбат, Явуухулан, Ш.Цогт, Б.Зангад, Дарьсүрэн зохиолч Ш.Шагдар
Хатан Хар ус уйдаа юу” гэсэн хоёр мөр их сайхан санагдсан. Энэ бол хүн байгалийг холбосон гүн ухааны үг. Сэтгэл их хөдөлгөсөн л дөө. Явуухулан гуай хажууд суугаад өөрөө ярьж өгсөн болохоор би тэр дор нь хэмнэлээ өөрчилж засварласан юм. Зангад маань өөрөө Ховд нутгийн хүн. Хар ус нуураа мэддэг учраас ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан дуулсан даа. Тэгээд болоогүй ээ. Зангад бид хоёр 1964 онд хөгжмийн зохиолчдын анхдугаар их хуралд оролцов оо. Хоёулаа их хурлын төлөөлөгчөөр сонгогдлоо. “Хар ус нуурын шагшуурга”-тай хамт “Чиний минь хайр”, “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Миний ээж” гэсэн гурван дуу маань илтгэлд сайшаагдаад орчихсон. Нөгөө их хурлын төлөөлөгчид чинь “Улаанбаатар” ресторанд хүлээн авалт хийв ээ. Зангад бид хоёр залуухан хоёр, үүд хавиар л байв. Зохиолч Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн гуай, Бэгзийн Явуухулан гуай гэсэн томчууд хоймроор яриа хөөрөө дэлгэсэн шиг байцгаана. Тэгж байтал Явуухулан гуай хундагатайгаа барьчихсан ирж явна аа. Ирээд “Хар ус нуурын шагшуурга” бол дахин давтагдашгүй бүтээл. Үүний төлөө хундага өргөе. Та хоёрын цаашдын бүтээлд амжилт хүсч байна аа” гэв ээ. Сүүлд бодох нь ээ, энэ бол хаанаас ч хэзээ ч олдохгүй өндөр шагнал байсан байна.
-Бага насныхаа дурсамжаас сонирхуулахгүй юу?
-Би Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул хүн дээ. Жаахан шаргын нутаг шүү дээ. Аав ээжийнхээ есөн хүүхдийн хамгийн бага нь. 1948 онд аравтайдаа Асгат сумынхаа бага сургуульд орсон. Манай ангийн багш Шагдарсүрэн гэдэг сайхан эмэгтэй Халзан сумын долдугаар ангийг төгсөөд ирсэн байлаа. Тэр үеийн долдугаар анги төгссөн хүн гэдэг чинь одоогийн их дээд сургууль төгссөн хүнтэй л адил байлаа л даа. Бадарчийн Сүхбаатар гэж мөн л Халзан сумын долдугаар ангийг төгсөөд ирсэн ийм хоёр сайхан багшаар бичиг ном заалгасан. 1952 онд сургуулиа онц төгслөө. Онц төгссөн гээд манай ангийн Шүхэрдорж, Цэнд-Арслан бид гуравт Офицерийн сургуулийн хуваарь өгөв өө. Зун нь эгч минь намайг шуудангийн машинд суулгаад хот руу үдэж өглөө. Гурав дахь эгч Дарьсүрэн маань Улаанбаатар хотод амьдардаг байв. Шуудангийн машин ховор байсан. Намайг хотод авчирсан Цээсүрэн гэдэг жолоочийг би одоо ч санадаг юм. Тэр хүн Сүхбаатар аймгаас өглөө гараад орой нар жаргаж байхад Улаанбаатар хотод 22-ын товчоон дээр ирж байсан даа. Би дөнгөж дөрөвдүгээр анги төгссөн, хот мэдэхгүй, аймгийн төвийг дөнгөж зам зуур дайраад ирж байгаа. 22-ын товчоо гэдэг машин тэрэг гэж жигтэйхэн, нар жаргаад л их л гоё санагдаж байж билээ. Туул гол дээр сал урсаад л. Нөгөө алдартай Туулын шугуй гэдэг чинь зогсоо хүн харагдахгүй тийм гоё байсан юм. Анх удаа хотын зах харж байгаа хөдөөний жаал надад гайхалтай гоё сэтгэгдэл төрсөн дөө. Нөгөө жолооч намайг эгчийнд авчирч өгөхөд эгч танихгүй байж билээ. Хотод ирээд удаж байсан болохоор тэр л дээ. Нэлээн харж байснаа таньж, миний дүү байна шүү дээ гээд үнсч билээ. Эгч тэгэхэд нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байсан юм. Гэр нь Чойжин ламын сүмийн хажууд хашаанд ганц гэр, хойхнотоо нь нэг дан байшин байсан юм. Би нэг морин хууртай, нэг төмөр лимбэтэй хотод ирсэн. Сургуульд орохоосоо өмнө сонсголоороо морин хуур тоглож сурсан. Дараа нь сумын клубийн эрхлэгч Буд гэдэг хүн надад лимбэ зааж өгсөн юм. Эгч ажилдаа явахдаа хар цай чанаж, баахан гамбир хайрч тавьчихаад явна. Би гэрт нь ганцаараа, хот газар гэрээсээ гарч болохгүй гэсэн захиастай, морин хуур, лимбээ тоглоод үлдэнэ.
-Офицерийн сургуульдаа очиход ямар байв?
-Тэр сургуульд ороогүй. Манай хойд хашаанд цэргийн хувцастай хүмүүс ирээд, дуулж хуурдаад л байдаг байсан юм. Нэг өдөр эгч тэр айлд оржээ. Айлын хүн эгчээс намайг ямар сургуульд ирснийг асууж л дээ. Тэр үед дөрөвдүгээр анги төгссөн хүүхэд техникумд ордог байсан үе. Эгч Офицерийн сургуульд ирсэн л гэж. Гэтэл нөгөө хүн “Миний бодлоор энэ хүүхэд урлагт их сонирхолтой хүүхэд шиг байна. Уран сайхны сургууль гэж байдаг юм. Тэнд сард 120 төгрөгийн цалинтай” гэжээ. Хожим мэдэх нь ээ тэр хүн эрхэм уран зохиолч Цэнд-Очир гуай байсан юм билээ. Тэгээд Цэнд-Очир гуай намайг дагуулаад явлаа. Цэнд-Очир гуай Урлагийн хороонд ажиллаж байсан юм байна. Ажил дээрээ ирээд нэг боровтор царайтай хүнд намайг хөтлүүлээд Уран сайхны сургуульд шалгуулахаар явууллаа. Хуучин циркийн ар талд тэр сургууль байсан юм. Нэг хаалга онгойлгосонд цоохордуу царайтай хүн сууж байна. Уран сайхны сургуулийн захирал Түдэв гэдэг хүн байж. Намайг хөтөлж очсон хүнийг жигтэйхэн уриалгахан хүлээж аваад “Манай дээр шалгалт авахгүй байгаа. Хөгжимт драматик театр дээр авч байгаа. Та тэнд очоод шалгуул” гэв. Нөгөө хүнтэйгээ хөтлөлцөөд Хөгжимт драматик театр дээр нь ирсэнд энд тэнд хөгжим дуугарсан хонь хурга нийлж байгаа юм шиг л шуугиан дунд ороод ирлээ. Нэг өрөөнд яваад ортол ёстой л лусын дагина шиг сайхан эмэгтэй байна аа. “Лусын дагина гэдэг л ийм байдаг байх даа” гэж дотроо бодож зогслоо. Нөгөө лусын дагина чинь бид хоёрыг дагуулаад өөр нэг өрөө рүү орлоо. Өрөөний буланд их гоё гялтганасан хар авдар байна. Амьдралдаа ер үзээгүй, ямар гоё хар авдар вэ гэж бодоод л зогсч байлаа, би. Тэгж байтал нэг хүн өнөө хар авдарныхаа тагийг онгойлгосон чинь хар цагаан хоёр юм ярааж байна аа. Мандолинаас өөр юм мэдэхгүй хөдөөний хүүхэд амьдралдаа анх удаа харсан гайхсан юм л тэр байлаа. Миний сонсголыг шалгалаа. Дараа нь нөгөө лусын дагина шиг эмэгтэй нь гар хурууг минь үзээд, цээжийг минь хоёр тийш нь эргүүлж үзчихээд за боллоо, түр гадаа хүлээж бай гэв. Төд удалгүй дагуулж очсон хүн маань инээчихсэн гарч ирлээ. Тэнцчихжээ. Эргээд Урлагийн хороо руугаа явах замдаа нөгөө шалгасан гурван хүний тухай ярьж өглөө. Сүүлд мэдэхэд, алдарт морин хуурч Жамьян, удирдаач Ж.Чулуун, нөгөө лусын дагина шиг эмэгтэй нь удирдаач Ц.Намсрайжав гуайн гэргий Цэрэндолгор гэдэг хийлч байжээ. Тэгж тэр агуу хүмүүс хөгжмийн ертөнцөд алхах алтан шар замыг минь нээж өгсөн юм. 1955 он хүртэл Уран сайхны сургуульд сураад хойшоо Орос руу Мусоргскийн нэрэмжит Уралын Консерваторид хийлийн ангид явсан л даа.
-Тантай хамт хэн явж байв?
-Бэгз бид хоёр явсан юм. Тэр жил тэндээс Новиков гэдэг багш өвөл ирж дуулаачдыг шалгаруулж аваад, хийлийн хоёр хүүхэд авахад Отгонбаярын Бэгз бид хоёр тэнцээд, дуучдаас Пүрэвдорж гуай, Банди, Цэвэлсүрэн гуай, Цэрэнсодном, Дарьсүрэн гээд Монголоос анхны оюутнууд дээд сургуульд сурахаар явсан. Биднийг очиход Урал хаалттай хот байсан. Гадаадын хүн ер хүлээж аваагүй байсан үе юм байна.
-Яагаад хаалттай байсан юм бол?
-Дайны үед бүх том том үйлдвэрүүдээ Уралд төвлөрүүлчихсэн учраас хаалттай хот байж л дээ. Галт тэргээр бараг арваад хоног явж байж Уралд хүрсэн юм даг. Энд тэнд очоод зогсчихно. Тэгж явсаар Свердловскт шөнө орой очсон юм. Бид хэдийг жигтэйхэн сайхан угтаж авлаа. Цагаан толгойтой өндөр хүн “Волга” машинтай зогсч байна. Бид хэл мэдэхгүй. Пүрэвдорж гуай “Энэ чинь Уралын Консерваторийн проректор байна гэж байна. Нөгөө том хүн чинь “За, та нар олон хоног явж ядарсан байх. “Урал” зочид буудалд байрлуулна аа. Манай оюутны байр засвартай байгаа” гэж байна шүү. Шөнө унтаж байтал халуураад, хамаг бие загатнаад, сэрье гэвч сэрж чаддаггүй, үхэх нь ээ. Тэндээс Пүрэвдорж гуай сэрж, гэрэл асааж харчихаад “Пээ, бясаанд эзэмдүүлээд үхлээ шүү дээ” гэдэг юм. Би тэр бясаагий нь мэдэхгүй. Орны цагаан даавуун дээр баахан улаан юмнууд гүйлдэж байх юм. Дайны дараа анх удаа гадаадын хүмүүс хүлээж авч байгаа учраас бидний орох байрыг засварлаж байж л дээ. Өглөө нь босоод Банди маань чемоданаа таксинд мартаад буучихсанаа санадаг юм. Одоо ч өнгөрлөө гэж байтал нөгөө жолооч чемоданыг нь аваад ирсэн. Тэр үеийн хүмүүс ийм л сайхан байлаа. Тэгж хөглөж Свердловскт очоод зургаан жил сурсан.
-Арван долоотой, хэлийг нь мэдэхгүй газар ямархуу байв?
-Хэцүү ч гэсэн залуу хүүхэд учраас хэл сурахад бас ч гайгүй байсан. Гадаадынханд орос хэл заадаг мундаг сайхан багш байсан юм. Тэр хүн бол бидэндтэй маш их ажилласан. Ерөөсөө л эх хүн шиг чин сэтгэлээсээ ажилласан даа. Гуанзанд орно. Авдаг хоол нь котлет, хар талх, цай гурав. “Котлет, чёрный хлеб, чай” гэсэн гурван үг мэднэ. Тэрийгээ хэлээд авдаг, котлет талх идсээр байгаад жигтэйхэн мариалаад ирж билээ. Уралын консерваторид бид 60 рублийн цалинтай, дээрээс нь онц сурсны нэмэгдэл авдаг байлаа. Гадаадаас анх удаа оюутан очсон нь бидний монгол оюутнууд байв. Дараа нь Политехникийн дээд сургууль нь манайхаас оюутан авч, тэгж үргэлжилсэн түүхтэй л дээ.
-Аав ээжийнхээ тухай дурсахгүй юу?
-Хөдөөний л малчин хүмүүс байсан даа, миний ээж аав хоёр. Аав минь ан гөрөө хийдэг, тухайн үедээ хоршооныхоо төлөвлөгөөг биелүүлдэг хүн байсан. Ан хийхдээ бууддаггүй, дандаа хавхаар авладаг байсан.
-Анчид буу хэрэглэдэггүй байсан үе юм уу?
-Манай нутагт зарим хүмүүс цахиур буу хэрэглэдэг байсан. Аав, ээж минь үнэхээр ажилсаг хүмүүс байсныг би одоо хүртэл санадаг юм. Аав бэлтгэлийнхээ тарваганд явна. Намар орж ирнэ. Тарваганы махыг далбайтал хатаагаад, томоо цагаан хайрцганд дүүрэн давхарлаад ирдэг сэн. Тарваганыхаа тосыг шар тос болгоод яг есийн тос шиг болгочихно. Өвөл нь тэр тосоор нь шарвин хийнэ. Хатаасан тарваганы махаа иднэ. Дараагийн өвөл хүртэл бараг түүгээрээ хооллочихдог байсан сан.
-Та анхны зохиолоо хэдийд, ямар зохиол бичиж байв. Бодвол, Уралд бичээ байх, тийм үү. Хаана тоглуулж байв?
-“Монгол аялгуу” гэж хийл, төгөлдөр хуурын бүтээл байгаа юм. Дөрөвдүгээр курст байхдаа бичсэн. Манай багш Наум Абрамович Шварц гэж тэндээ их нэр хүндтэй профессор байв. Шалгалт болоход багш намайг тэр зохиолоо тогло гэдэг юм. Ж.Чулуун багшийн Ардын хоёр дууны найруулга, Билигийн Дамдинсүрэн гуайн “Хэнтийн өндөр ууланд”, мөн БНХАУ-ын хөгжмийн зохиолчийн нэг зохиолыг тоглосон л доо. Тэгээд сонгодгоос нэг зохиол тоглосон. Багш намайг өөрийнхөө зохиолыг хөтөлбөртөө оруулаад тогло гэсний дагуу би “Монгол ялгуу”-гаа тоглосон л доо. Шалгалтын дүн гарлаа, сайн авлаа. Тэр үед гурав авбал ер нь боллоо л гэж баярлана. Багш тэгэхэд надад их урам зориг өгсөн шүү. Шалгалтын дараа “За, би чиний зохиолыг авч тоглоё. Чи дараагийн хичээлд ирэхдээ клавериэ аваад ир” гэдэг юм. Би ч дотроо эргэлзэж байлаа. Багш намайг даапаалж байна даа. Ийм том профессор хүн миний зохиолыг тоглоно гэж юу байхав гэж л бодсон. Тэгээд клавериэ авч очсонгүй. Багш дараагийн хичээлд ирэхдээ “Хаана байна, нөгөө клавер чинь” гэж байна аа. Уучлаарай, би мартчихаж л гэсэн. Тэгвэл дараагийн хичээл дээр аваад ирээрэй гэхээр нь сая л итгэж эхэллээ л дээ. Удаа ч үгүй, сар ч болоогүй байтал багш “За, би чиний зохиолыг тоглоод Свердловскийн радиод бичүүлчихсэн шүү. Маргааш радиогоор явна, чи сонсоорой” гэлээ. Тэнд нь доцент Багомаль гэж мундаг концертмейстртэй хамт багш тогложээ. Нөгөөдөхөө сонслоо. Тэр том профессорын тоглосон, миний тоглосон хоёр гэдэг чинь газар тэнгэр шиг л хол зөрүүтэй юм байхгүй юу. Багшдаа баярлалаа л гэсэн, өөр юу хэлэхэв дээ. Зун болж нутаг явах боллоо. Би ч зориг орчихсон, нөгөө бичлэгээ багшаар хуулуулж аваад ирсэн. Тэр бичлэг манай Радиогийн алтан фондод орсон юм. Тэр чинь 1961 он юм. “Монгол аялгуу” нэртэй хийл, төгөлдөр хуурын тэр бүтээлээрээ би хөгжмийн урлагт хөл тавьсан хүн дээ. Нийтийн дуугаар ороогүй. Төгсч ирээд би Хөгжим бүжгийн дунд сургуульд хийл хөгжмийн багшаар, Бэгз маань Улсын Филармонид хөгжимчнөөр орсон юм. Тэгэхэд хөгжим бүжгийн сургуульд Зөвлөлтийн мэргэжилтэн 30 гаруй хүн байлаа шүү дээ. Монгол талаас би анх удаа хийлийн ангийг хүлээж авч байлаа.
-Таны дууны санд Ж.Бадраа гуайн шүлэг хэд хэд бий. Бадраа гуайн шүлгүүдэд монгол хэлний яруу тансаг сонсголон, утга агуулга хоёр онцгой гайхалтайгаар зохицон нийцсэн байх юм л даа. Хөгжмийн чамгүй боловсролтой, судлаач хүн. Та хоёр хэрхэн хамтарч байв?
-Нэг сайхан ая орж ирлээ. Ноотолчихоод Бадраа гуайд үзүүллээ. Бадраа гуай их айхтар. Баян хуур хөгжимтэй. Ноотоо ч мэднэ. Шууд баян дээрээ тоглож үзээд “би хийе ээ” гэж байна. Хэдхэн хоногийн дараа ирж үгээ аваарай гэж байна. Очсон чинь “Мөрөөдөл” гэдэг сайхан шүлэг биччихэж.
Цэцэгтэй хөндийгөөр
Цэнгэлтэй ч явж билээ
Амраг хайрт чамтайгаа
Ахин яаж учирна вэ… гэсэн сайхан шүлэг бичжээ. Зангад маань дууллаа. Дараа нь Найдалмаа дуулсан. Энэ дууг романс гэдэг л дээ. Бадраа гуайтай дуу хийх болсон минь ингэж эхэлсэн дээ. Хэдэн сайхан дуу хийсэн. Бадраа гуайн хөгжмийн торгон мэдрэмж, монгол хэлний үгийн тансаг сайхан аялгуу гэдэг чинь ёстой л дахин давтагдашгүй, сайхан.
-“Монгол аялгуу” хийл, төгөлдөр хуурын зохиолыг тань хожим нь манай хөгжимчид тоглосон уу?
-Монгол хөгжимчид миний дан хөгжмийн бүтээлүүдийг ер тоглоогүй. Энд миний буруу бий. Би клавериа өгөөгүй болохоор хэн тоглох вэ дээ. Дандаа Оросын хөгжимчид тоглосон. Москвагийн Консерваторийн профессор, олон улсын шагналтай Шихмаразаева миний “Цоглог аялгуу”-г тоглосон, “Монгол аялгуу”-г Шварц багш тоглосон. “Элегия”, Ноктюрн эд нарыг дандаа Оросын хөгжимчид тоглосон. Манай Радиогийн алтан фондод бүгд тэдний тоглосноор байгаа юм. Би ойрдоо зөвхөн хийлийн бүтээлүүдээрээ цомог хэвлүүлэх бодолтой. Өмнө нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсан, судлаач, миний шавь Батжаргал хоёр “Эх орны уянга” нэртэй дууны түүврийг минь гаргаж өгсөн. Харин дан хөгжмийн бүтээлээрээ “Эх орны уянга-2” нэртэй цомог гаргана. Ирэх арав юм уу арваннэгдүгээр сард гаргачих байх.
Н.ПАГМА