Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Оюунчимэг: Анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэлж байна DNN.mn

“Батзүү” ХХК-ийн ерөнхий захирал, Монголын оёдлын салбарын мэргэжлийн зөвлөлийн дарга Ж.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Танай компани Монгол Улсад анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэлжээ. Нарийн сүлжмэл даавуугаар ямар хувцас эдлэл хийх, ямар давуу талтай вэ?

-Манай “Батзүү” ХХК 26 жилийн түүхтэй. Зөөлөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад Монгол Улсаа үйлдвэрлэгч орон болоход тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж нүцгэн биен дээр шууд өмсдөг подволк, ретуз, дотуур хувцсаа эко даавуугаар үйлдвэрлэхийг зорьсон. Анхны даавуугаа үйлдвэрлээд Монголын оёдлын холбоотой ярилцаад 60 гаруй оёдлын компани нэгдэж кластерын системээр цэцэрлэгийн хүүхдийн подволк, шортыг үйлдвэрлэх санал гаргаж одоогоор 10 мянга орчмыг үйлдвэрлэсэн. Эцэг эхчүүд маш сэтгэл хангалуун байна. Өмнө нь бид нүцгэн биен дээр өмсдөг хувцсыг зах зээлээс авдаг, эрүүл мэндэд ямар хор нөлөөтэйг мэддэггүй байснаа ч илэрхийлж байна.

-Кластерын үйлдвэр гэж яг ямар үйлдвэрлэлийг хэлж байна вэ?

-Энэ нь нэг оёдлын компани даавуугаа, нөгөө нь эсгэнэ, нөгөө нь оёно гэх мэт гурвалсан, дөрвөлсөн сүлжээг хэлж байгаа юм. Манай компани зөвхөн даавуугаа үйлдвэрлэнэ, өөр компани эсгэнэ, өөр компани оёно. Нэг үйл ажиллагаагаараа дагнана гэсэн үг. Энэ бол Монголдоо хийж байгаа бас нэг шилдэг инноваци гэж харж байгаа.

-Ямар төхөөрөмж ашиглаж байна вэ?

-Цар тахал гарахаас өмнө Герман улсад хандаж дэлхийд гуравхан гарсан хамгийн сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжийн нэгийг Монгол Улсад оруулж ирсэн. Цар тахлын үед тоног төхөөрөмж маань ирээд өнгөрсөн долдугаар сарын 20-доор Германаас мэргэжилтнүүд ирж 14 хоног сургалт орж төхөөрөмжөө угсарсан. Наймдугаар сарын дундаас нарийн сүлжмэл даавуугаа үйлдвэрлэж эхэлсэн. Монгол Улс түүхэндээ анх удаа сүлжмэл нарийн даавууг үйлдвэрлэж эхэлж байна.

-Төхөөрөмж хэдэн хувийн механик ажиллагаатай вэ?

-Төхөөрөмжийн давуу тал бол зүү нь утасны чанар таньдаг. Хуучин бараа материалаа заавал лабораторийн шинжилгээнд өгдөг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Чанарын шаардлага хангахгүй утсаар даавуу үйлдвэрлэж болохгүй, төхөөрөмж ажиллахгүй. Төхөөрөмж хоногт 4500 метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай. Захиалга илүү нэмэгдэж хүчин чадлаа бүрэн ашиглавал цаана нь гурван машины тоног төхөөрөмж нь дутуу байгаа.

Түүнийгээ шийдчихвэл хүчин чадлаа бүрэн ашиглаж Монгол Улсынхаа биеийн тамирын хувцас, подволкны зах зээлийн 90 хувийг хангах боломжтой. Төхөөрөмж 30-50 жилийн баталгаатай. Төхөөрөмж өөрөө лабораторитой. Лабораториор материалын агшилт, суналт, хөлс шингээлт гэх мэт бүгдийг шинжилдэг.

-Техниктэй ажиллахад монгол инженерүүдээс ихээхэн чадвар шаардаж байна уу?

-Герман мэргэжилтэн Монголд ирээд төхөөрөмжөө задлаад 7-10 хоногт угсрах байх гээд орхисон. Гэтэл манай хоёр инженер 300 гаруй зүү, хамгаалалт гээд бүх зүйлийг.дөрөв хоногт угсарсан. Тэр герман инженер монгол инженерийн чадварыг биширсэн. Ийм инженерүүд байхад ийм тоног төхөөрөмжийг авч ажиллуулахад ямар ч асуудалгүй, цөөхүүлээ ард түмэн эко бүтээгдэхүүн хүсээд авч байгаад маш талархалтай байсан.

-Лаборатори болон даавууны үйлдвэрт хэдэн хүн ажиллаж байна?

-Энэ тал дээр ШУТИС-ийн мэргэжлийн багтай хамтарч ажиллаж байгаа. Одоогоор ШУТИС-ийн мэргэжлийн IV дамжааны оюутан, багштайгаа лабораторийн бүх үйл ажиллагааг хянаж, хариуцаж ажиллаж байна. Даавуу үйлдвэрлэхэд ямар ч хүний оролцоо байхгүй, 100 хувь ухаалаг. Жишээлбэл, нэг машинд 200 гаруй утас ордог. Тэдний нэг нь л чанарын шаардлагагүй утас байвал зүү нь хөдлөхгүй. Хянагч компьютертээ анхааруулга өгдөг. Хүмүүс үйл явц, компьютерээ л хянах үүрэгтэй. Үйлдвэрт одоогоор зургаан хүн ажиллаж байна

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Хамгийн чанартай утсыг Турк, Энэтхэг, Хятадад үйлдвэрлэдэг. Төхөөрөмжийнхөө кодоор утас, хөвөн холионуудаа Туркээс захиалж авсан. Бэлэн утас биш холиогоо тааруулаад захиалдаг.

-Даавуундаа яаж өнгө оруулдаг вэ, хэдэн сонголттой байгаа вэ?

-Дэлхийд 900 гаруй нэр төрлийн өнгө байдаг. Бид дуртай өнгөө кодоор нь захиалдаг. Одоогоор түгээмэл 15 төрлийн өнгөөр үйлдвэрлэж байна. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн подволк бүдэг номин цэнхэр өнгө сонгосон нь зах зээлд энэ өнгө харааахан байхгүй учраас хуурамчаар дуурайлган үйлдвэрлэх боломжгүй. Захиалагч өнгөө сонгоход бид тэр өнгөөр нь нэхэж өгнө.

-Цаашид гадны орон руу экспортлох боломж бий юү?

-АНУ-ын хоёр эрдэмтэн ирээд АНУ руу экспортлох боломжтой гэсэн. Тэдний шалгуур нь Монголд үйлдвэрлэл явагддаг, 100 хувь эко байх ёстой. Эхлээд бид дотоодын хэрэгцээгээ хангаад дараа нь гадны орон руу экспортлох зорилготой. Эхний хоёр жилдээ улсынхаа хэрэгцээг хангасны дараа малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуураас утсандаа оруулж хүйтэн орон руу дулаан бүтээгдэхүүн экспортлох зорилготой.

-Даавуу бөөсрөх, сунах гэх мэт хэрэглээний хувьд ямар вэ?

-Чанарыг нэгдүгээрт зүү, хоёрдугаар чанарыг лаборатори шинжилж байгаа. Хамгийн дээд зэргийн даавуугаар хийж байна л гэсэн үг.

One reply on “Ж.Оюунчимэг: Анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэлж байна DNN.mn”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *