Өнөөдөр арваннэгдүгээр сарын 14.
Эдүгээгээс яг 50 жилийн өмнөх энэ билэгт өдөр монгол тамирчин дэлхийн аваргын анхны медалийг хүртэж байв. Тэр медалийн эзэн эрхэм бол монголчуудын хүндлэлт хүмүүн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбат билээ.
Тэрбээр Энэтхэгийн Шинэ Дели хотноо 1967 оны арваннэгдүгээр сарын 12-14-нд болсон бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-ын жинд зодоглохдоо 1965 оны дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт, 1967 оны Пан Америкийн наадмын аварга, АНУ-ын бөх Б.Баухманд оноогоор ялагдсан ч Шведийн бөх А.Антонсонийг 3 минут, 30 секундэд цэвэр, ХБНГУ-ын бөх Ю.Иоллыг 8 минут, 30 секундэд мөн цэвэр ялж хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Энэ хүрэл медаль монголчуудын хувьд дэлхийн дэвжээнээс хүртсэн бүх медалийн ууган медаль гэдгээрээ спортын түүхэнд тод бичигдэн үлдсэн.
Анхны медалийн цуурайн чимээтэй түүхэн цаг 1967 он Монголын спортын амьдралд чухам ямраар бичигдэж үлдсэнийг танин мэдэхүйн “Бахархал төв”-өөс эрхлэн гаргасан “Дэлхийн анхны медальт МОНГОЛ буюу Ж.Мөнхбаттай 1967 он” баримт, судалгааны номоос харж болно.
Энэхүү номыг сэтгүүлч Цээнзэнгийн Галбадрах, Дэмчигжавын Отгонбаяр, түүхч Санждоржийн Туяа нар хамтран бүтээж, Монгол хүн дэлхийн аваргын анхны медаль хүртсэн өдрөөр уншигчдын хүртээл болгож байна.
Тэд 1967 онд их спорт, тэр дундаа чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх талаар манай улсын баримталж байсан бодлого, чиглэл, түүнийхээ дагуу гаргасан тогтоол, шийдвэр, гадаад, дотоодын уралдаан тэмцээнүүдэд тамирчид маань хэрхэн оролцож, ямар амжилт гаргаж байсан тухай бүхий л баримт, сонин хэвлэлд гарсан мэдээллийг номдоо багтаахыг зорьжээ.
Цаг хугацаа улиран одох тусам түүхэн баримтууд л улам үнэ цэнэтэй болдог.
Монгол тамирчдын түүчээ амжилтын түүхэн баримтуудыг баринтагласан нь спортын салбарын шинжлэх ухааны судлагдахуун болоод зогсохгүй “Ж.Мөнхбат судлал”-д тодорхой хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.