ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Мэндээтэй ярилцлаа.
-Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан уг хурал өнөө жил ямар онцлог, ач холбогдолтой болов. Ер нь хоёр том гүрний дунд, хил гааль хаалттай, эдийн засаг хүнд байдалд орсон Монгол Улсыг дэлхийн улс орнууд өмөөрч дуугарч байх юм уу. Энэ хүнд байдлаас гарахад нь туслах санал, санаачилга гаргаж байна уу?
-Цар тахлын үр дагавар хараахан арилаагүй, их гүрнүүдийн хоорондын геополитикийн сөргөлдөөн хурцадсан нөхцөлд манай улс “Нээлттэй, олон тулгуурт, бие даасан” гадаадын бодлогын хүрээнд олон улсын хурлаа зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд Япон, БНСУ, ОХУ, АНУ, Канад, Энэтхэг, Кыргызистан, Франц, Австрали, Турк зэрэг улсын 30 орчим төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, олон улсын 10 байгууллагын 15 төлөөлөгч, мөн манай улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын 30 гаруй төлөөлөгч оролцлоо. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн учраас БНХАУ-аас ирж оролцохоо бидэнд мэдэгдээд байсан зочид маань орж чадсангүй. Гэхдээ тус улсын судлаачид онлайнаар оролцож, байр сууриа илэрхийлэв. БНАСАУ-ын төлөөлөгчид, судлаачид энэ удаа ямар нэгэн байдлаар оролцож чадсангүй. Энэ удаагийн хурлын хамгийн сонирхолтой, оролцогчдын анхаарал татсан, талархал хүлээсэн хуралдаан бол НҮБ-ын Улс төрийн газартай хамтран зохион байгуулсан залуучуудын хуралдаан байв. Тус газар, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-тай хамтран хэрэгжүүлж байгааг “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй” төсөлд оролцож буй бүс нутгийн залуучуудын төлөөллийг оролцуулж,тэдний байр суурийг илэрхийлэх зорилгоор энэ хуралдааныг зохион байгуулсан. Гадаад, дотоодын туршлагатай судлаачдад залуусыг сонсож, ярилцсан энэ хэсэг таалагдсан, цаашид залуусын оролцоог нэмэгдүүлэхийг хүсч байлаа. Мөн Кыргызистаны төлөөлөгчид хуралдаанд оролцож, ялангуяа, ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Хэдийгээр Зүүн хойд Азийн бүс нутгийн арга хэмжээ боловч Төв Азийн улс орон оролцсон нь манай улсын газарзүйн байрлал, гадаад бодлогын онцлогийг харуулсан болов уу. Бид яах аргагүй, хоёр бүс нутгийг холбон оршдог, Төв Азийн улс орнуудтай түүхэн болон орчин цагийн холбоо хэлхээ, хамтын ажиллагаатай. Дүгнээд хэлэхэд, бид “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээ амь оруулж, олон улсын төлөөлөгчид, судлаачидтай Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар мэтгэлцсэн хурлаа амжилттай хийлээ.
-Энэ удаагийн бага хурлын хүрээнд таван салбар хуралдаан болсон. Эрдэмтэн судлаачдаас ямар шинэ санаа, шийдэл дэвшүүлэв?
-Энэ удаагийн хурал таван үндсэн хэсгээс бүрдсэн. Хуралдааны нэгдүгээр хэсэг нь бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудын талаар БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Канад болон манай улсын судлаачид хэлэлцэж, Зүүн хойд Азийн бүс нутагт зөрчил, мөргөлдөөний эх сурвалжууд хэвээр байна. Бүгдийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа асуудал бол Орос-Украины хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөн, Солонгосын хойгийн байдал, Хятад-Америкийн харилцааны цаашдын чиг хандлага гэж дүгнэлээ. Хоёрдугаар хэсэгт бүс нутгийн итгэлцлийг бэхжүүлэх арга механизм боломжийн талаар судлаачид байр сууриа солилцлоо. Цаашид хямралт нөхцөл байдал үүсэх, гүнзгийрэхээс сэргийлэх чухал арга зам нь яриа, хэлэлцээний механизм гэдэг дээр бүгд санал нэг байгаа нь ажиглагдав. Олонх судлаач “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г жишээ болгож байлаа. Мөн энэ хэсэгт Европын судлаачдыг оролцуулж, тэдний арга, туршлагыг сонсохыг эрмэлзсэн. Гуравдугаар хэсгийн хуралдаанд Зүүн хойд Азийн бүс нутгийн залуусын төлөөлөл оролцож, бүс нутагт энх тайван ч ирээдүйг бий болгоход залуусын үүрэг оролцооны талаар санал дэвшүүлж, өөрсдийн судалгааныхаа үр дүнг танилцуулсан. Дөрөвдүгээр хэсгийн хуралдааныг Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар олон улсын байгууллага, төр, засгийн байгууллагын төлөөлөл, судлаачид санал солилцох боломж олгов. Тавдугаар хуралдаанаар олон улсын банк санхүүгийн байгууллага, судалгааны хүрээлэн, судлаачдын төлөөлөлтэйгөөр Зүүн хойд Азийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ, цаашдын хандлага, боломж, сорилтын талаар ярилцлаа. Мэдээж хэрэг, “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр бүс нутгийн хүндрэлтэй асуудлыг бүгдийг нь хэлэлцээд, оновчтой хувилбар гаргах, шийдэл олох боломжгүй. Харин бид эдгээр асуудлуудыг чөлөөтэй, нээлттэй ярилцах боломжоор хангаж байгаа юм.
-Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагааны үр дүнгийн талаар та сонирхуулахгүй юу?
-Зүүн хойд Азийн бүс нутагт хамтын ажиллагаа нэлээд сул гэж дүгнэж болно. Бүс нутагт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх маш олон санал санаачилгыг улс орнууд гаргадаг. Гэхдээ их гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн, сөргөлдөөн, түүхэн болон ирээдүйн нөхцөл байдалтай холбоотой үл итгэлцсэн байдал давамгайлсан, зарим улсын хувьд дайны аюул занал арилаагүй, зөвхөн гал зогсоосон байдалтай байгаа зэргээс шалтгаалаад эдгээр санал санаачилгууд хэрэгждэггүй, тэгсхийгээд намждаг. Зарим улсад дотоодын улс төрийн нөхцөл байдлаас ч болдог болов уу. Хэдийгээр эдийн засгийн хувьд биднээс илүү чадавх боломжтой, олон улсын тавцанд нөлөө бүхий улс орнууд ч хамтран ажиллахад хүндрэлтэй. Харин манай улсын хувьд эдийн засаг болон олон улсын харилцаанд нөлөө багатай ч бүс нутгийн улс орнуудтайгаа ямар нэгэн зөрчилгүй, бүх улс орнуудтай адил түвшинд харилцдаг, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг, төвийг сахисан давуу талаа ашиглан энэхүү олон улсын арга хэмжээг зохион байгуулж байна. Хамгийн гол үр дүн нь манай судалгааны байгууллага, судлаачид гадны судлаачидтай санал солилцох, олон улсын байгууллага, улс орнуудын төлөөлөл бүс нутгийн асуудлаар харилцан ярилцах боломжийг олгож байгаад хурлын үр дүнд орших болов уу.
-Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хувьд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Энэ удаагийн эдийн засгийн хуралдаанд оролцогчид дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн цаашдын төлөв байдал хүндхэн байгаа талаар ярилцлаа. Цар тахлын нөлөөг бууруулахын тулд олон улсын санхүүгийн байгууллагууд болон улс орнууд томоохон бодлогын арга хэмжээ, дэмжлэгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Ази, Номхон далайн ихэнх орнууд, ялангуяа Зүүн хойд болон Төв Азийн орнууд цар тахлаас бүрэн ангижирч чадаагүй байгаа. Украин, Оросын дайн үргэлжлэх тусам хүнс, эрчим хүчний үнийн өсөлт инфляцид үзүүлэх нөлөөг бууруулахын тулд улс орнууд шаардлагагүй зардлыг бууруулж, нийгмийн хамгааллын зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн улс орнууд өрийн дарамтад орох эрсдэл өндөр байгаа тул төсвийн ухаалаг зарцуулалт, татварын бааз суурийг төрөлжүүлэх, байгаль орчны татварын орлогыг нэмэгдүүлж, орлогыг ядуурлыг бууруулах хөтөлбөрт зарцуулах хэрэгтэй байгаа аж. Эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замуудыг улс орнууд хамтаар эрж хайх хэрэгтэйг анхааруулж байлаа.
-Бага хурлын анхаарал татсан нэг салбар хуралдаан бол эрчим хүчний асуудал байлаа. Ер нь бүс нутагт ойрын жилүүдэд эрчим хүчний ямар асуудал тулгарах вэ. Даван гарах боломжуудыг хэрхэн харж байна вэ?
-Миний хувьд энэ асуудлаас нэлээд хөндий. Гэхдээ хуралдааны хэлэлцүүлгийг ажиглаж байхад, бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цэвэр эрчим хүчний эрэлт, үйлдвэрлэл өсөх бөгөөд БНСУ, БНХАУ, Япон, ОХУ сэргээгдэх эрчим хүчний техник, технологи, ноу-хау, инновацийн талаар хамгийн сүүлийн үеийн ололт, үйлдвэрлэлийг нэвтрүүлж байгаа, манай улс сэргээгдэх эрчим хүчний өндөр нөөцтэйг оролцогчид үнэлж байв. Гэвч улс хоорондын хоёр ба олон талт яриа, хэлэлцээ, эрчим хүчний түгээх, дамжуулах байгууллагуудын хамтын ажиллагаа, төлөвлөлт, геополитикийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын дутагдал, ашиг-өртгийн хандлага, харилцан ашигтай байх нөхцөл, хөгжиж буй орнуудын эрчим хүчний дотоод үйлдвэрлэл, дамжуулах сүлжээний дотоод холболтын өнөөгийн байдал зэрэг нь хамтын ажиллагаанд саад учруулсаар байгааг онцолж байсан.
-Уламжлал болон зохион байгуулж ирсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”бага хурлаас манай улс юу хожих вэ. Ямар үр дүн хүлээж болох вэ. Ер нь хойд солонгосчууд өөрсдийнх нь талаар ингэж улс орнууд хэлэлцдэгийг тоодог юм уу?
-Манай улсын хувьд олон талт хамтын ажиллагаанд маш идэвхтэй оролцох учиртай. Ялангуяа, өнөөгийн цаг үед буюу их гүрнүүдийн хооронд геополитикийн өрсөлдөөн, сөргөлдөөн даамжирч, улс орнуудын гадаад бодлогын орон зай хумигдаж байгаа. Ийм үед бид олон улсын байгууллага, НҮБ, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, АСЕАН-ы Бүсийн чуулга зэрэг байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс орондоо олон улсын оролцоотой арга хэмжээг маш идэвхтэй зохион байгуулж, олон улсын тавцан дахь байр суурь, нэр хүндээ өргөх учиртай. Хэдийгээр геополитикийн зөрчилтэй байгаа ч, манай улс олон улсын энхийг сахиулахын “Хааны эрэлд” сургуулиа хийлээ. Дэлхийн 30-аад улсын төлөөлөл оролцсон НҮБ-ын эмэгтэй энхийг сахиулагчдын хурал хийлээ. “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээ уламжлал ёсоор зохион байгууллаа. Хоорондоо зөрчилтэй байгаа бүх улс орнуудын төлөөлөл манай оронд ирж, нэг арга хэмжээнд оролцлоо. Энэ бол манай ахмад дипломатын санаачилсан, суурийг нь тавьсан чухал бодлогын үргэлжлэл. Бид аль нэгэн улсын шахалтад орж тасалдуулж, сулруулж болохгүй бодлого. Боломжийг ашиглан, энэ хурлыг хамтран зохион байгуулсан ГХЯ, мөн энэ арга хэмжээнд өөрийн улсын судлаачид, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулах тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан гадаадын улс орнуудын ДТГ-ын хамт олонд талархал илэрхийлмээр байна.