МҮИС-ийн АЖГХС-ийн Аялал жуулчлалын II курсын оюутан Ж.Энхжаргалтай ярилцлаа
-Сайн байна уу? Уншигчдад өөрийгөө танилцуулаач
– Намайг Жамсрангийн Энхжаргал гэдэг. Ховд аймгийн Мөнххайрхан суманд арван жилээ төгссөн. Улаанбаатар хотод Монголын Үндэсний Их Сургуульд аялал жуулчлалын мэргэжил эзэмшиж байгаа. Одоо Япон улсын YuKai resort сүлжээ амралтын газар дадлага ажил хийж байна.
-Яагаад аялал жуулчлалын мэргэжлийг сонгосон бэ?
– Бага насанд минь гадаадын жуулчдыг дагуулсан машин төрсөн нутгаар минь аялахад хэзээ нэгэн цагт ийм л мундаг “Аялал жуулчлалын мэргэжилтэн болно доо” гэж мөрөөддөг байлаа. Их сургуульд энэхүү мэргэжлээрээ суралцах амархан, харин өөрт хэрэгтэй мэргэжлийн ур чадвар, үнэ цэнд суралцах л чухал. Манай аялал жуулчлалын салбар удахгүй зорьсон зорилгуудаа биелүүлж, улам ахисан зорилгууд дэвшүүлэн ажиллаж, салбарт ажиллаж байгаа бүх хүний урам зоригийг дэмжиж, эх орон даяараа, ард түмэн бүгдээрээ жуулчдыг хүлээн авч чанартай, сайн үйлчилгээгээр үйлчлэхийн төлөө ажиллахыг хүсэж байгаа. Энэ мөрөөдөл маань ч удахгүй биелж, миний зорьсон, тэмүүлсэн зүйлс удахгүй биеллээ олно гэж боддог доо.
-Танай мэргэжлийн давуу тал болон хүнд хэцүү зүйл юу вэ?
– Оюутан залуус, энэ мэргэжлийг сонгох гэж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд ямар нийгэмд эрэлт, хэрэгцээ ихтэй мэргэжлийг сонгон суралцаарай гэж хэлмээр байна. Монгол улсын “Эрэлттэй мэргэжлүүд”-ийн жагсаалтад аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлүүд орсон байгаа. Энэ салбарт суралцаж, сайн мэргэжилтэн болоход давуу талууд маш олон гарч ирсэн. Багаасаа дуулж бүжиглэдэг, биелгээ хийдэг, хөөмийлдөг ардын авьяас маань хүртэл давуу тал болж байна. Хүн бүрд авьяас бий. Гагцхүү хичээл давтлага, хүмүүжил, хөдөлмөрч зүтгэлтэй байдал маань давуу тал юм. Ямар ч сул талыг давуу талаараа нөхөж болно гэж боддог.
-Тэтгэлэгт шалгарсан тухайгаа сонсоод төрсөн сэтгэгдэл ямар байв?
-Аялал жуулчлалын салбарын сайн мэргэжилтэн болохын тулд нэг даваагаа амжилттай давлаа, гуравхан сар хичээгээд ийм амжилтад хүрчихлээ гэж үү? Гээд л анх сонсоод баярласандаа уйлсан. Өөрт байгаа бүх зүйлдээ, өөрийг маань дэмждэг, дэмжсэн хүн бүхэнд талархсан.
-400.000.000 төгрөгийн тэтгэлэгт дадлагын тухайд?
– Аялал Жуулчлалын Боловсрол, Хөгжлийн Нийгэмлэг (АЖБХН)-ийн санаачилгаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны дэмжлэгтэйгээр өнгөрсөн 2023 онд аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулсан 400.000.000 төгрөгийн тэтгэлэгт дадлага Улсын Уралдаанд 130 орчим оюутан оролцсон. 10 оюутанд БОАЖЯ-ны Сайдын нэрэмжит тэтгэлэг олгосон. “Шилдгийн шилдэг” 2 оюутанг шалгаруулсан. Дадлага ажлын тайлангаа илтгэсний дараа намайг “Шилдгийн шилдэг оюутан”-аар шалгаруулж, тус улсын уралдааны ивээн тэтгэгч “Шинэ соёл тэлмэн” ХХК-иас Хайнаньд аялах “Эрхийн бичиг”-ээр шагнасан. 3 сарын туршид аялал жуулчлалын байгууллагад үр дүнтэй, чин сэтгэлээсээ ажилласан миний хувьд Хустайн БЦГ-ын Хустайн жуулчны бааз дээр хувиарлагдаж очсон. Менежер Б.Батзаяа, ерөнхий менежер Э.Жаргалтуяа эгчдээ болон баазын нийт ажилчдад талархсанаа илэрхийлэх гэсэн юм аа. Улсын уралдаанд шилдгийн шилдгээр шалгарахад түлхэц болсон уралдааныг зохион байгуулагч нарт болон нийт аялал жуулчлалын салбарын багш нартаа талархсанаа илэрхийлмээр байна.
-Хайнаньд аялаад ирсэн шүү дээ. Ганцаараа аялахад хүндрэл тулгарсан уу?
– “Шинэ Тэлмэн Соёл” ХХК-иас Хайнаньд аялуулсан. Өмнө нь гадаад улсад гарч үзээгүй байсан болохоор паспортоо захиалаад, үлдсэн ажлыг тус компани хариуцсан. Маш их баярлаж байгаа шүү та бүхэндээ. – Хамтдаа аялж байсан гэр бүлүүд, хосуудаараа аялж таарсан. Бид бүгдээрээ нэг групп байсан. Гэхдээ өрөөндөө, зарим зүйлс дээр ганцаардаад л байсан. Үнэндээ би багаасаа 2 эгчтэйгээ, сурагч, оюутнуудын дунд, найз нөхдийн дунд “Олуулаа” байсаар байгаад аяллын үед ганцаардсан байх. Гэхдээ энэ жил тус уралдаан 1.000.000.000 төгрөгийн тэтгэлэгт дадлага болон өргөжиж байна. Зохион байгуулагч багш нараа “Хэрэв энэ жилийн шилдэг оюутнуудаа гадаад руу аялуулбал хамтад нь аялуулаасай” гэсэн хүсэлт байгааг уламжилж байна.
Аялал жуулчлалын мэргэжлийг сонгох суралцах гурван шалтгаан нэрлэвэл?
Гуравхан шалтгаан гэж үү? Үнэндээ маш олон боломжууд бий. Бид өөрсдөө л хичээж, зүтгэж, оролдож чадвал “Бидэнд чадахгүй зүйл нэг ч байхгүй” гэж боддог. Гурван шалтгаан хэл гэвэл.
“Эрэлттэй мэргэжил” болсон. Улсын болон ТББ-ууд, их, дээд сургуулиуд бүгд л дэмждэг. Харилцаа, хандлага зөвтэй, гадаад хэлтэй сайн мэргэжилтнүүдийг бэлтгэж чадвал Улс орны хөгжил урагшилна. Аялал жуулчлалаар суралцаж буй оюутан залуучуудын дунд зохион байгуулагддаг GRAND TOUR гэж Улсын олимпиад жил бүр болдог. Хавар, намар тус бүр 3, 3 тэмцээн болдог. Үнэндээ сайн оролцвол мэдлэг, ур чадвар дагаж өсдөг, сайхан тэмцээн. Энэ тэмцээн энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа. МҮИС нь 9 удаа тэргүүлсэн амжилтаар тэргүүлдэг. Сайхан олимпиад. Салбарын оюутнуудын ихэнх нь оролцдог. Хүнийг хөгжсөн байдлыг хардаг зүйл бол хүмүүжил, төлөвшил. Гадаад хэлний мэдлэг, сурах орчин хамгаас чухал. Аялал жуулчлалын салбарын боловсон хүчний дутагдал их байгаа өнөө үед энэхүү мэргэжлээр сайн мэргэшвэл ажил олдох нь элбэг гэж харж байгаа.
-Гэр бүл, эрхэм хүмүүстээ хандаж юу хэлмээр байна?
Талархал илэрхийлэх хүмүүс маш олон байгаа. Хайрт аав, ээж, эгч нартаа баярлаж явдаг. Хайртай шүү та нартаа. Мөн МҮИС-ийн АЖГХС-ийн багш нар, тэр дундаа үргэлж, урам хайрлаж, заримдаа үнэн байдлыг маань хэлж, чиглүүлдэг Н.Энхмагнай багшдаа болон АЖБНХ-ийн нийт багш нартаа, дадлага ажлыг маань хийлгэсэн Хустайн жуулчны баазын хамт олонд, өө нээрээ одоо арлын Япон оронд INTERNSHIP хөтөлбөрөөр дадлага ажил хийлгэж байгаа Yukai Resort компаний хамт олонд: Бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Монгол орны аялал жуулчлал мандан бадраг.
Б.Ану
One reply on “Ж. Энхжаргал: Бид өөрсдөө хичээж, зүтгэж, оролдож чадвал бидэнд чадахгүй зүйл нэг ч байхгүй”
Залуус аа зорилготой хичээж байгааг харах үнэхээр сайхан байна