Өнгөрсөн баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд татварын асуудлаар мэдээлэл хийсэн. Тэр үеэр УИХ-ын гишүүд уг асуудлаар асууж тодруулахын зэрэгцээ саналаа хэлж байв. Ж.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлж УИХ-ыг тарааж, улс төрийн шинэ нөхцөлд шилжих хэрэгтэй хэмээсэн юм.
Тэрээр “Бид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд эвслийн Засгийн газар байгуулан ажиллаж байна. Эвслийн Засгийн газарт УИХ-д суудалтай бүх намууд орсон. Засгийн газрын оруулж ирж байгаа бүх бодлого, зорилт хөтөлбөрүүд УИХ дээр дэмжлэг авахгүй болсоор хагас жил боллоо. Ажил чинь явахгүй байна. Хамгийн сүүлд АН-ын Гүйцэтгэх зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа. МАХН бас улс төрийн шийдвэр гаргаж байна. Ийм нөхцөлд байгаад байх нь улс оронд улам хортой тусч байгаа. Бодит мэдээлэл нийгэмд очихоо больсон байна. Та асуудлыг аргацаах гэж оролдож байна. Засгийн газрын аргалах оролдлого юуг илэрхийлж байна вэ гэвэл ямар нэгэн аргаар алтаа, нүүрсээ, төмрөө ухъя. Стратегийн ордууд дээр буулт хийгээд ч хамаагүй цааш нь явуулъя. Нөгөө талаар ямар ч үнэтэй эх үүсвэрээр хамаагүй зээл авъя. Дутагдаж байгаа мөнгөний нийлүүлэлтийг зээлээр хангаад, аргалаад явъя гэсэн бодлого л харагдаж байна.
Өнөөдрийн уул уурхайтай холбоотойгоор, уул уурхайн бүтээгдэхүүний супер цикль дуусч байгаатай холбоотойгоор, цаашид буюу ойрын таваас 10 жил уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхгүйтэй холбоотойгоор энэ бодлогоо явуулж байна. Уул уурхайгаас Монгол Улс хамаатай болчихсон. Импорт нь, валютын орлого нь, гадны хөрөнгө оруулалт нь гэх мэтээр. Сургамж аваагүй байна та нар. Уул уурхайн цаана цөөхөн хэдэн томоохон гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд бий. Аж ахуйн нэгжүүд чинь эргээд Монгол төрийг дарамтлах, шахалт үзүүлэх арга зам руу орж байна. Зөвшилцлийн гэрээ гэнэ үү, эвлэрлийн гэрээгээр ямар нэгэн аргаар буулт хийхийг шахаж байна. Түүнд нь Засгийн газар хөтлөгдөх хэлбэрт орж эхэлж байна. Ингэж арьсаа хамгаалж байхын оронд эртхэн мэдэгдэл хийгээд, улс төрийн нөхцөл байдлыг шинээр эхлүүлж болдоггүй юм уу. Монгол Улсын гадаад өр 20 тэрбум ам.доллар давлаа. Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгөний гуравны нэгийг танай Засгийн газар хэрэглээд дууслаа. Дотоодын бонд чинь дөрвөн их наяд төгрөг давахаар болчихлоо. Арилжааны банкинд эргэлдэж байгаа нийт 12 их наяд төгрөгийн зээлийн гурван төгрөгийн нэгийг та нар хэрэглэж байна. Эдийн засгийн онц дэглэм тогтоох, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсоох, төсөв орон тоогоо хэмнэх, валютын онц дэглэм тогтоох, шаардлагатай эм, хүнс, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүнээс бусад шаардлагагүй импортыг хязгаарлах эрс шийдэмгий арга хэмжээг яагаад авахгүй цаг алдаад байгаа юм. Амьжиргаа унаж байгааг харж байгаа биз. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодоос хийгдсэн бүх хөрөнгө оруулалт Монголд үр ашиггүй болоод хувирчихлаа. Нүүрсний салбар уначихлаа. Төмөрлөгийн салбар амиа тавьж байна. Өнөөдөр ноолуур яагаад 40 мянган төгрөгөөс дээшээ гарахгүй байна вэ. Дээрээс нь монгол төгрөгийн худалдан авах чадвар 50 хувь уначихсан. Үүнийг дагаад арилжааны банкнаас малчдын авсан зээл төлбөр гээд иргэнээс эхлээд өрх гэр, аж ахуйн нэгж, засаг төр, Монголбанк, арилжааны банк гээд нийтдээ өрийн сүлжээний гинжин хэлхээнд орчихсон. Ийм асуудлыг бид өнөөдөр ярих ёстой болохоос татварыг тойроод аргалаад байх шаардлагагүй. Хариуцлагагүй л байна. Нийгэм өөр зүйл хүлээж байгаа. Таван толгойг тойрсон улстөрчдөө хар. Нийгмийг хэд хуваагаад хаячихлаа. Орой болгон захиалгатай кино, нэвтрүүлэг гарах юм. Энэ нийгэм цаашаа явахгүй болчихлоо гэдэг нь тодорхой болсоор байна. Тэгэхээр би таныг шийдэл гаргаасай гэж бодож байгаа юм.
Нөгөө талдаа эдийн засгийн уналтын гол буруутнууд нь УИХ-ын гишүүд бид. Гурван жилийн хугацаанд эдийн засаг унахыг харсаар байгаад, цаашдаа улам гүнзгийрэхийг мэдсээр байж цаг нөхцөөсөөр байна. Нэг бол УИХ нь хугацаанаасаа өмнө яаралтай тарах асуудлыг ярь. Дараагийн улс төрийн нөхцөл байдлыг үүсгэж сонгуулийг явуул. Систем чинь нурж байна. Намууд чинь, төр чинь, эдийн засаг чинь, нийгмийн ёс зүй нурж байна. Эргээд Монголын нийгэм хүнд зөрчилд орж ард түмнээ хуваагаад байна. Улс орны нөхцөл байдал туйлын хүнд байдалд хүрлээ” хэмээн хэлсэн юм.