Categories
мэдээ цаг-үе

Ж.Чинзориг : Тариаланчид буудайныхаа чанарыг сайжруулах тал дээр дорвитой ажил хийх хэрэгтэй байна

Гурил үйлдвэрлэгч компаниуд ОХУ-аас сайн чанарын улаан буудай импортлохоор болсон. Үүнийг тариаланчид эсэргүүцэж,30 гаруй мянган тонн улаанбуудайг худалдаалжчадахгүйд хүрээд байгааг мэдэгдсэн. Дээрх асуудлуудтай холбоотойгоор”Милл хаус” компанийн захирал Ж.Чинзоригтойярилцлаа.

Энэ жил “Милл хаус” компани хэдэн тонн улаанбуудай худалдан авч, нөөцөлсөн бэ. Эндээс яриагаа эхлэх үү?

-“Милл хаус” компани хоногт 220 тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай. Гэхдээ өнөөдрийн байдлаар үйлдвэрийнхээ 70-80 хувийг л ашиглаж байна. 2014-2015 онд манай компани 33 мянган тонн улаанбуудайг гурилүйлдвэрлэхээр худалдан авсан.Дээр нь ирэх намрын ургац хураалт хүртэл 15 мянган тонн улаанбуудайны хэрэгцээ байгаа. Одоогоор манай нөөцөд 14 мянга гаруй тонн улаанбуудай байна.

Монголын үйлдвэрлэгч компаниудыг чанар муутай гурил үйлдвэрлээд байна гэх иргэдийн гомдол тасрахгүй байгаа. Юунаас болоод гурилын чанар муу гараад байна вэ?

-Аливаа бүтээгдэхүүний түүхий эдийн чанар ямар байна эцсийн бүтээгдэхүүн тийм л гардаг. Гурилын цавуулаг, чанар гэдэг өөрөө буудайны цавуулаг, чанар л гэсэн үг. Ямар цавуулагтай буудай тээрэмдэж байна тийм л гурил гарна. Өөрөөр хэлбэл, буудайны чанар гурилын чанартай шууд холбоотой. Технологийн хувьд одоо монголчуудын гурил үйлдвэрлэж байгаа бараг бүх технологи дэлхийд тэргүүлэх зэргийнх болсон. Технологиос гурилын чанар хамаарах тал байгаа ч хамгийн гол нь түүхий эд. Манай компанийн хувьд “Талх Чихэр” компанид талхны гурил түлхүү өгдөг. Энэ жилийн хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхнээс эхлээд талхны гурил нийлүүлж чадсангүй. Энэ нь улаанбуудайн чанараас шалтгаалсан хэрэг. Өөрөөр хэлбэл, улаанбуудайн цавуулаг талхны гурил үйлдвэрлэх хэмжээнд хүрэхгүй байна. Иймээс “Талх Чихэр” компани бүтээгдэхүүнээ гаргахын тулд импортын цавуулаг өндөртэй гурил худалдаж авч байна.

Улаанбуудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангадаг болсон гэж ярьдаг. Гэтэл яг чанарын хувьд хангалттай биш байгаа нь таны ярианаас илэрхий байна. Энэ нь юутай холбоотой юм бол?

-Засгийн газраас явуулсан “Атрын III” аян зэрэг газар тариаланг дэмжсэн бодлого,үйл ажиллагаа явуулснаас хойш улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрсэн нь үнэн. Өнгөрсөн жилийн хувьд 350 мянган тонн хүнсэнд зориулсан улаанбуудайн ургац хураасан. Нэг талаас харахад дээрх мэт тоон үзүүлэлтийг гурилын хэрэгцээнд хуваагаад үзэхээр бүрэн хангахаар харагдаад байгаа юм. Гэвч хураасан буудай болгон гурил болдоггүй. Яагаад гэхээр улаанбуудай өөрийн гэсэн стандарттай. 23-аас доош цавуулагтай буудайгаар спирт, малын тэжээл хийнэ, 25-аас дээш цавуулагтай буудайгаар гурил,талх хийнэ гэх мэт стандарттай. Гэтэл хүмүүс нийт ургацын дүнгээ хараад хүнсний улаанбуудайн хэрэгцээг хангах боломжтой болчихсон байна гэж хараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, 350 мянган тонн улаанбуудай хураасан ч Монголд гурил үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийнхээ хэрэгцээг бүрэнхангахуйц чанартай буудай нь дээрх тооны хэдэн хувийг эзэлж байгаа нь тодорхой бус байна. Үүнээс гадна мөн хураасан ургацын хэдэн хувийг малын тэжээлд, хэдийг нь юунд зарцуулах тооцоогоо урьдчилан гаргадаггүй. Яагаад ингээд байна гэхээр гурилын үйлдвэрийн тоо нэлээдгүй нэмэгдсэн. Олон гурилын үйлдвэрийн улаанбуудайны хэрэгцээ их болохоор чанарын шаардлага хангахгүй буудайг ч худалдаад авчихдаг. Үүнээс үүдэн тариаланчид ямар ч асуудалгүйбуудайгаа борлуулчихдаг юм чинь гээдбуудайныхаа чанарыг сайжруулах тал дээр дорвитой ажил хийхгүй байна. Нэг талаар тариаланчдын тарьж буй буудайныхаа чанарыг сайжруулах нөхцөл, боломжийг бас сайн бүрдүүлж өгөхгүй байгаатай ч холбоотой юм.

Таны бодлоор чанартай улаан буудай тариалах нөхцөлийг яаж бүрдүүлж өгөх вэ?

-Нэгэнт буудай худалдан авах эрэлт нэлээд их байгаа юм чинь буудайн стандартад суурилж урамшуулал олгох ч юмуу, эсвэл ийм стандартын буудай тариалбал техник, технологийн туслалцаа үзүүлнэ гэдэг ч юм уу ийм байдлаар хамтарч, эрс шинэчлэл хийх цаг нь болсон. Яг өнөөдрийнхөөрөө явах юм бол дараа жилийн ургац өнөө жилийнхээс чанарын хувьд бүр муу болно. Учир нь тариаланчдын дийлэнх хувь нь хөрсөө бордохгүй байна. Хөрсний үржил шим болоод үрийн шинэчлэлд анхаарахгүй байна. Хатуу үрийн ч юм уу, талханд зориулсан цавуулаг сайтай буудайн үр тариалахгүй байна. Хураасан буудай нь бүгд борлочихоод байгаа болохоор сайжруулах, чанаржуулах тухай бодохгүй байна л даа. Энэ асуудлаар хөдөө ахуйн салбараас бодлогоо улам сайжруулж, чанарыг шаардлага болгохгүй бол тариаланчид ургасан буудай болгоноо хүнсний буудай гэж бодоод, түүнийгээ өөртөө хорогдолгүй өгөх сонирхолтой болж байна. Улаанбуудайн чанарыг сайжруулахад ямар бодлого хэрэгтэй байна, түүнийг нэн даруй боловсруулж, тариаланчдад буудайг зүгээр нэг тарьдаг, борлуулдаг зүйл биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.

Хэрэгцээгээ хангахын тулд гурил үйлдвэрлэгчид тариаланчдаас цавуулаг багатайбуудай худалдаж авч байгаа. Тэгээд яаж сайн чанартай гурил үйлдвэрлэх болж байна вэ?

-Цавуулаг багатай улаанбуудайг гурил болгохын тулд яах ёстой вэ. Ганц гарц нь цавуулаг сайтай улаанбуудай холих. Цавуулаг нэмэгдүүлэгч гээд тусгай нэмэлт бодисууд байдаг. Гэхдээ энэ нэмэлт бүтээгдэхүүн нь нэгдүгээрт, гурилын чанарыг сайжруулдаггүй. Хоёрдугаарт, маш өндөр өртөгтэй болдог. Тийм болохоор бид аль болох цавуулаг сайтай, чанартай буудай хольж байж хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн гурил болгодог. Тэгээд ч гурилын чанар цэвэр түүхий эдээс шалтгаалдаг. Үүний тулд импортын сайн чанарын улаанбуудай худалдаж авъя гэдэг юм. Оросууд бол улаанбуудайны чанарыг маш сайн барьдаг. Гэхдээ Сибирь орчмын буудайны дийлэнх нь малын тэжээлийн буудай байдаг. Үүнийгээтариаланчид нь мэддэг учраас шууд тэжээлд явуулж байх жишээтэй. Тиймээс бид нийт ургацын хэдэн хувь нь гурил хийхэд тэнцэх хэмжээний чанартай вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Ингэхээр өнгөрсөн жилийн ургацын 350 мянган тонн буудайны хэд нь гурил, хэд нь малын тэжээл болох вэ гэдэг нь гараад ирнэ дээ.Тэгэхээр гурил үйлдвэрлэгчид төчнөөн тонн буудайг сайжруулах ёстой юм байна гэсэн багцаатай болно. Харин чанарыг сайжруулах боломжийг үйлдвэрлэгчдэд нээлттэй орхих хэрэгтэй. Чанар муутай улаан буудай байхад дээр нь дахиад чанар муутай буудай импортлох сонирхол хэнд ч байхгүй нь ойлгомжтой. Үйлдвэрлэгчид өөрсдөө чанартай буудайгаа сонгоод авчирчихаж чадна. Гэтэл сүүлийн үед импортын буудай оруулах гэж байна гэх хэл ам нэлээд гарч байна. Хамгийн гол нь нэгдүгээрт, 350 мянган тонн буудай нийт гурил үйлдвэрлэгчдийн хэрэгцээг хангахгүй. Хоёрдугаарт, чанар муу байгаатай холбоотойгоор импортын асуудал хөндөгдөж байгааг ойлгох хэрэгтэй.

Манай тариаланчдын тодорхой хувь гурилын бус малын тэжээлийн стандартад нийцэхээр буудай үйлдвэрлээд байна гэж ойлгож болох уу?

-Манайд буудайгүй болж байсан үе бий. Тэр үеийг бодоход буудайн нөөцтэй болох хэмжээнд хүрчихлээ. Гэхдээ одоо чанар дээрээ анхаарахгүй бол эргээд тэр үеийн хэмжээнд хүрэх магадлалтай юм. Тариаланчдын тодорхой хувь нь улаанбуудайныхаа чанарт огт анхаарахгүй байгаа нь үнэн. Жишээ нь, дэлгүүрт байгаа талхнаас хүмүүс шилж авсаар байгаад муу нь үлддэг. Түүн шиг буудайн чанарт ч ийм шаардлага тавих цаг нь болсон. Чанаргүй буудай тариалагчдын буудайг худалдаж авах үйлдвэр олдохгүй болоод ирэхээр гаргасан зардалдаа өөрсдөө шатна. Тиймээс чанарт л анхаарах ёстой. Тариаланчид зорилготой байхгүй л бол алсдаа хөлс, хөдөлмөр, хөрөнгөө зарж хийсэн бүхэн чинь малын тэжээл болон хувирна л гэсэн үг юм даа.

Танай үйлдвэрт хадгалагдаж байгаа улаанбуудай яг хэдэн хувийн цавуулагтай вэ?

-Харилцан адилгүй. Лабораторийн шинжилгээгээр 40 хувь нь стандартад нийцсэн, 60 хувь нь 16-20 хувийн цавуулагтай буюу шаардлага хангахгүй түвшинд байгаа.Тэгэхээр манай компанийн хувьд дээрх буудайгаар дангаар нь гурил үйлдвэрлэх бололцоогүй. Цавуулаг сайтай будааны эрэлд гарахаас өөр аргагүй болчихоод байгаа юм. Тэгэхгүй бол манай гурилын нэр хүнд унана, худалдаж авахаа байна. Тодруулбал, манай компанийн энэ жил худалдан авсан улаанбуудайны 40 гаруй хувь нь стандартад нийцэж, үлдсэн нь нийцэхгүй байна гэсэн үг. Гэхдээ цавуулаг сайтай гурил холиод ч талхны гурил гаргаж чадахгүй. Талхны гурилын хэрэгцээ өнөөдөр ямар байгааг талх үйлдвэрлэгчид бүгд мэдэж байгаа. Та нар гурилаа хийж чадахгүй байгаа бол бид импортын гурилаар талхаа хийлээ гэж байгаа юм. Бид хийж чадахгүй байгаа юм чинь юу гэх вэ дээ.

Тариаланчдын хувьд хөлс, хөдөлмөр гаргаж тариалсан буудайг нь үйлдвэрлэгчид нь голоод, бүр гаднаас буудай импортлох тухай яриад ирэхээр эсэргүүцэх нь ойлгомжтой байх. 30 гаруй мянган тонн улаанбуудайг хэн ч авахгүй байна гэж тариаланчид хэлээд байгаа шүү дээ?

-350 мянган тонн улаанбуудайн ургац авсан гэсэн албан ёсны тоо бий. Уг буудайг тариалсан тариаланчид бүгд урамшуулалд хамрагдаж байгаа. Гэхдээ дээрх буудай бүгдээрээ гурил үйлдвэрлэгчдэд очоогүй байгаа ч гэрээ хийгдсэн явж байгаа. Энэ жилийн хувьд бүр нэг тонн буудай үлдээлгүй гэрээ хийгдсэн байсан. Агуулах сав, зоорины асуудлаас болоод багахан хувь нь үйлдвэрлэгчид очоогүй зүйл байгаа байх. Гэхдээ гурил үйлдвэрлэгч компаниудтай тариланчид бүх буудайгаа худалдаалах гэрээ хийгдсэн, авах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, тариаланчид буудайгаа бүгдийг ньхудалдаалчихсан гэсэн үг. Харин тариаланчдын агуулах савнаас хэзээ авах, мөнгийг нь хэзээ өгөх гээдцаг хугацааны асуудал байгаа. Миний ойлгож байгаагаар импортын буудай орж ирэхгүй бол тариаланчид урьдчилсан байдлаар гэрээ хийгээд худалдаалчихсан агуулах савандаахадгалж байгаа улаанбуудайныхаа үнийг өсгөх гэж л ийм зүйл яриад байгаа байх. Эрэлт нэгэнт бий болчихвол үнэ өсөх нь тодорхой шүү дээ. Дээр нь нэмж хэлэхэд ОХУ-аас чанартай улаан буудайг хямд үнээр худалдан авах боломж байна. Улаанбуудайг худалдан авснаар нэмүү өртөг шингээгүй хямд үнэтэй байна. Мөн гурилын үйлдвэрийн ажилтнууд ажлын байраа хадгалж үлдэх давуу талтай юм. Хариншууд гурил худалдаж авах юм бол иргэдэд өндөр үнэтэй гурил очно гэсэн үг юм. .

Тариаланчид ойрын хугацаанд улаанбуудайн стандартдаа шинэчлэл хийж, сайн чанарын буудай тариалж чадвал гадагш нь экспортлох боломж хэр байдаг юм бол. Дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна шүү дээ?

-Газарзүйн байрлал болоод зах зээлийн нөхцөлийг харвал тийм боломж бий. Хятадын хувьд хэрэгцээ, эрэлт маш их бий. Хятад, Орос хоёр хоорондоо гурилын буудай болон малын тэжээл өгч, авалцах гэрээ хэлэлцээр одоохондоо алга. Мөн Орост хямд үнэтэй буудай байна уу байна. Монгол энэ хоёр улсын дунд оршиж байна. Тодорхой хугацааны дараа манайх дотоодын хэрэгцээгээ сайн чанарын буудайгаар хангадаг болно. Гэхдээ энэ хугацаанд бид Оросоос сайн чанарын буудай оруулж ирж, нэмүү өртөг шингээж үйлдвэрлээд, гуравдагч оронд гурил, малын тэжээл худалдах боломж бидэнд 100 хувь байна. Өнөөдөр бид Оросоос нэг тонн улаанбуудайг 220-230 ам.доллараар худалдан авдаг. Харин бид малын тэжээлээ Хятад руу 220-230 ам.доллараар худалдаж чадаж байгаа. Гэтэл Монголоосоо бид улаанбуудайгаа 300 ам.доллараар худалдаж авчихаад, гурил болохооргүйг нь 220 ам.доллараар худалдаалж байгаа нь алдагдалтай наймаа байгаа биз дээ. Үүний цаана Оросоос хямд үнээр худалдаж авах, Хятадад өндөр үнээр худалдаалах боломж байгааг бид олж харах, ашиглах хэрэгтэй. Өрсөлдөөн их байх тусам гурил их болно. Гурил их байх тусам гурилын үнэ хямдарна гэсэн үг, дотооддоо. Гадагш бол тогтсон тодорхой үнээр л гаргана шүү дээ. Гэтэл үүнд нэг хориг байгаа. Үндэстний хоорондын хилийн хорио цээртэй холбоотой асуудал одоогоор гурилан дээр хаалттай байгаа. Малын тэжээлийг нээчихсэн. Одоо гурилыг нээвэл одоо Монголд зарагдахгүй байгаа гурил болон дээр ярьсан зүйлүүд Хятад руу гарах боломжтой. Монголын хөрсөнд тарьсан улаанбуудай, түүгээр хийсэн гурил бол хятадуудын хувьд эко бүтээгдэхүүн юм. Үүнийг ч хятадууд сайн мэдэж байгаа болохоор худалдан авах сонирхол их байна. Хятадын газар тариалангийн хөрс олон жил бордсон болохоор шим тэжээл ялзмаг нь их муудчихсан байгаа. Мөн сүүлийн үед газар тариалангийн бүс нутагт усны үер их болж ургац алдсан.

Ер нь Хятадын талаас эрэлт их байгааг бизнесийнхэн мэддэг ч зарим нэг хорио цээрийн улмаас бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй байгаа юм байна.

-Тухайлбал, Хятадын талаас манай хоёрдугаар гурилыг 600, малын тэжээлийг 410 төгрөгөөр авъя гэж байна. Гэтэл өнөөдөр Монголд хоёрдугаар гурилаа 600 төгрөгөөр худалдаж чадахгүй л байгаа шүү дээ. Авъя гэсэн хэрэглэгч байна. Тиймээс үүнийг нээхийн тулд МХЕГ, ҮХААЯ зэрэг холбогдох газрууд зах зээлийн ийм орчныг мэдэрч, шийдвэргаргаж, эргэлтийг түргэсгэх тал дээр анхаарах хэрэгтэй. Ингээд ирвэл тариаланчдын ч улаанбуудайн эргэлт түргэснэ.

Тариаланчдад улаанбуудайныхаа чанарыг сайжруулах дэвшил, хөгжил өөрөөр илэрхийлбэл сэтгэл дутагдаад байгаа нь зарим зүйлээс анзаарагдлаа. Буудайн чанарыг сайжруулах асуудал зөвхөн үйлдвэрлэгчдийн ч бус монголчуудын хувьд нэн чухал зүйл. Таны бодлоор юу дутагдаад байна вэ?

-Энэ жил гэхэд нийт дүнгээр 200 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 30 гаруй тэрбум төгрөгийнулаанбуудайн урамшуулал тариаланчдын гарт очиж байна. Энэ бол Хөдөө ах ахуйн яамны үе үеийн бодлогын үр дүн юм. Тариаланчид өмнө нь ийм хэмжээний мөнгө авч үзээгүй. Гэтэл өнөөдөр “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” гэдэг шиг тариаланчид яам руугаа дайраад байж болохгүй байхгүй юу. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжтехникийг нь хямд үнээр хүү багатай зээлээр өгч байна.Мөнүр, бордоог нь өгчихөж байна. Хавар, намарт нь тариалах, хураахшатахууныг нь урьдчилаад зээлээр өгчихдөг.”Та нар буудай тарьчих. Бид буцаагаад өндөр үнээр худалдаж авъя” гэж бүх талаас нь дэмжиж байна. Хурааж авсан бууудайг нь худалдаж аваад зогсохгүй дээр нь нэмээд чанартай, чанаргүй гэлтгүй бүх улаанбуудайнд урамшуулал өгч байна.Засгийн газар, яамнаас ингэж дэмжиж байхад тариаланчид айлын эрх хүүхэд шиг аашилж, байнашүү дээ.”Та нар юм өгсөнгүй. Илүү өндөр үнээр худалдаж авсангүй” гэж байна. Ингэж популизм хийж, яам руу дайрч боломгүй байгаа юм. Эцсийн эцэст энэ чинь бизнес ш дээ. Нэг үеэ бодоход тариаланчид тодорхой түвшинд хүрчихлээ. Одоо өөрсдийгөө аваад явчих чадалтай болсон бол буудайнхаа чанарт анхаарч, бусдаас биш өөрсдийнхөө хийж байгаа ажлаас болж бүтэхгүй байгааг олж, засаж, залруулах хэрэгтэй. Өнөөдөр газар тариалан эрхэлдэг цөөн тооны томоохон компани байгаа. Эзэд нь дандаа томчууд, хөрөнгө чинээтэй. Одоо шинэчлэл хэрэгтэй байна. Яамны зүгээс улаанбуудайн тариалалтад маш том дэвшил, шинэчлэл хийгээд өглөө. Одоо тариалан эрхлэгчид нь өөрсдийн үйлдвэрлэл, хөгжлийнтөлөөцааш нь авч явах цаг нь болсон.

Г.БАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *