Categories
мэдээ цаг-үе

Ж.Баясгалан: Алт үнэгүйдэх цаг ирнэ гэдгийг “Үргээлэг-2“ киногоороо харуулахыг хичээлээ

Саяхан нээлтээ хийсэн “Үргээлэг 2” киноны гол дүрийн жүжигчин Ж.Баясгалантай ярилцлаа.

-“Үргээлэг 1” кино хууль бусаар орж ирсэн хятад ажилчдын талаар өгүүлдэг. “Үргээлэг 2” өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?

-“Үргээлэг”-ийг бид 2014 онд том төсөл болгож харсан юм. СУИС-ийн кино драмын ангийнхны “A group”, “Uni­tel” компанийн “Prime picture” хамтарч “Үргээлэг” төслийг хэрэгжүүлэхээр анхлан гэрээ хийж байлаа. Энэ төслийг ямар ч салбарт хэрэгжсэн хамтарч ажиллана гэсэн тохироогоор ажлаа эхэлсэн л дээ. Анхны ажил нь “Үргээлэг 1” кино. “Үргээлэг 2” кинондоо мөн л өнөөгийн нийгэмд тулгараад байгаа асуудлыг харуулахыг зорьсон. Олон сэдэв байсан л даа. Т.Бум-Эрдэнэ зохиолчтой зөвлөлдсөний эцэст хууль бус алт тойрсон асуудлаар дуугаръя гэж шийдсэн. Алт хүний шуналыг хөдөлгөдөг учраас алтны дэргэд юм бүхэн үнэгүй байдаг. Тиймээс алттай хэт ойр биш, бизнес гэдэг утгаар харьцах хэрэгтэй. Алт мөнхийн ус, агаар биш учраас дэлхийн зах зээл дээр үнэгүйдэх үе ирнэ. Алтыг орлох нанотехнологи гараад ирвэл алт үнэгүйднэ. Тэр үеэс өмнө алтыг зөв ашиглах хэрэгтэй гэж дуугарахыг хичээлээ. Найруулагчаар нь Г.Эрдэнэбилэг маань ажилласан.

-“Үргээлэг 1” киноны дүрүүд хэвээрээ байгаа юу, эсвэл огт өөр үйл явдал өрнөх үү?

-“Үргээлэг 1” киноны зуун хувь үргэлжлэл биш ч гэсэн дүрүүд нь хэвэндээ явна. “Үргээлэг 1” дээр тоглосон жүжигчдээс гадна өөр олон жүжигчин нэмэгдсэн. Орос, Хятадаас жүжигчид ирж оролцсон байгаа. Би фитнесс сонирхдог болохоор илүү спортлог залуусыг урьж тоглуулсан. Үүгээрээ жүжигчид маань бусдадаа үлгэр дуурайл үзүүлэх байх. Жүжигчдийн хувьд сайн баг бүрдсэн.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Хоёр сар гаруй үргэлжилсэн. Зурагтайгаа зэрэгцээд монтажаа хийж байсан юм. Хүмүүс ийм хурдан кино хийчихдэг юм уу гэж гайхаад байгаа. Киноны 90 хувь нь бэлтгэл шүү дээ. “Үргээлэг 1” киноноос хойш сэдвээ хайж байгаад зохиолыг нь зун бичсэн. Намар зохиол дээрээ ажиллаж, өвөл зураг авалтаа хийлээ. Үндсэндээ бүтэн жилийн хөдөлмөр шингэсэн бүтээл.

-“Үргээлэг 1” өртөг өндөртэй бүтсэн. “Үргээлэг 2” хэр өртгөөр босов?

-Эхний анги дээрээ бид нэг жийп онхолдуулж байсан юм. “Үргээлэг-2”-ын трейллэр дээр гарч байгаа машин бүр бодитой. Хуучин шиг макет хийгээд зураг авдаг үе өнгөрсөн шүү дээ. “Үргээлэг 2” киноны өртөг, маркетинг гээд бүх зардал нь 620 сая төгрөг болж байна.

-“А group”-ийнхэн тэр чигээрээ танай ангийнхан байх аа?

-Тийм ээ, би найз нөхөд, гэр бүл, хамт олноороо бахархах дуртай. Манай ангийнхан өнөө цагийн үлгэрлэл авахаар залуус. Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа, Н.Ялалт, NTV-гийн Ч.Болорчимэг, МҮОНРТ-ийн С.Бямбацогт, Б.Гантигмаа, 25 дугаар суваг телевизийн Т.Баярхүү, “DOZ” entertaiment-ийн А.Мөнгөнзул, СУИС-ийн багш Б.Даваа, жүжигчин Төгсөө, 25 дугаар суваг телевизийн редактор С.Батболд, Увсын MBC телевизийн захирал Д.Мягмарсүрэн гээд бүгдээрээ мэргэжлээрээ ажиллаж, гялалзаж байгаа залуус. Манай ангийнхан ийм мундаг яваа нь С.Сугар багштай маань холбоотой. “Үргээлэг 1” киногоо хийчихээд багшийгаа урихад “Киноны нээлт биш, миний хөдөлмөр алдар болчихлоо” гээд хөөрч байсан нь санаанаас гардаггүй юм. Одоо бидний дунд байхгүй хайртай багшийгаа тэр үед жаахан ч гэлээ баярлуулсан болов уу гэж боддог.

-Та СУИС төгсөөд мэргэжлээрээ бараг ажиллаагүй. Гэхдээ цөөн хэдэн жүжигт тоглосон байх шүү?

-Аав, ээж минь геологийн хүмүүс. Их сургуулиа төгсөөд яалт ч үгүй гэр бүлийн бизнес рүүгээ орсон. Урлагаасаа хэсэг хөндийрч байгаад УДЭТ-ын “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье” жүжигт тоглочихоод дахиад л хөндийрсөн. Хэдийгээр хувийн бизнесээ хийж яваа ч зүрх сэтгэл минь урлагаас урвах аргагүйгээр уяатай учраас хаяж чаддаггүй юм.

-Урлагаас хөндийхөн байсан ч найзуудынхаа уран бүтээлийг спонсорлодог гэж сонссон. Найзууд дундаа баян Баясаа гэдэг нэр автлаа урлагт мөнгө хаясан гэсэн мэдээлэл уншиж байсан юм байна?

-Шар хэвлэлийнхэн л сенсаци үүсгээд тэгж бичсэн байх. Би үүнд их эмзэглэдэг. Би тийм баян хүн биш. Амьдралын төлөө тэмцэж яваа жирийн л нэг залуу. Сайн эцэг, сайн хань байхын төлөө зүтгэж яваа эр хүн. Бид ямар язгууртнууд биш дээ. Монголд удам дамжсан баян хүн гэж байхгүй. Би үр хүүхэд, найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олноороо л баян хүн.

-Хувийн ямар бизнестэй вэ?

-Уул уурхайн компанитай. Би ажилчин ангийн хүүхэд. Тийм болохоор хөдөлмөрлөх ёстой гэсэн ойлголттой. Эр хүн гэр бүлээ тэжээх ёстой. Ямар ч нөхцөлд зохицоод амьдрах ёстой гэдэг утгаараа хүүхэд байхаасаа ажил хийдэг байсан. Оюутан болоод аавтайгаа хамт ажилладаг болсон. Одоо аавынхаа босгож өгсөн компанийг үргэлжлүүлж авч явж байна. Би миний компани гэж ярьдаггүй. Дандаа л манай гэдэг. Гэр бүлсэг системтэй, би биш бид төвтэй ажиллахыг хичээдэг.

-Бага насаа дурсаач?

-Манайх их гэр бүлсэг айл. Уул уурхайн бизнес эрхэлдэг эсвэл анчин хүмүүсийн хувьд хүн л хамгийн чухал байдаг. Ямар ч үнэтэй техник, сайн буу байгаад хажууд нь хүн л байхгүй бол үргэлж ганцаардаж явдаг. Бага байхад “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” гэдэг дууг сонсчихоод цүнхээ үүрээд сургуульдаа явдаг байлаа. Хоёр эгч маань миний хувцсыг байнга индүүдэж цэвэрлэж өгнө. Гутлыг маань гэхэд нүүр харагдахаар шахуу өнгөлж өгнө шүү дээ. Аав, ээж, ах эгч нартаа эрхэлж өссөн болохоор дүүгээ эрхлүүлэх дуртай. Аав, ээж хоёулаа “Хүнийг хайрла” гэж захидаг байсан. Хүнийг хайрлахыг заасанд нь ижий, аавдаа баярлаж явдаг. Ер нь хайр байгаа газар бүх зүйл байдаг.

-Гэр бүлээ танилцуулаач…?

-Эхнэртэйгээ дөрөвдүгээр сарын 10-нд анхны бороотой өдөр телевизийн нэвтрүүлэгт орох үедээ танилцаж байлаа. Адгийн тэнэг эхнэрээ магтана гэдэг үгтэй би санал нийлдэггүй. Гэрийг маань гийгүүлж байгаа сайхан бүсгүйг магтахаас аргагүй. Өдий зэрэгтэй яваа минь эхнэрийн маань ач. Гэрээ сайхан авч яваа эмэгтэй хүнтэй айлын эзэн хүн л санаа зовохгүй ажлаа хийж амжилт гаргадаг шүү дээ. Манайх гурван хүүхэдтэй.

-Таныг “Ирээдүйн мистер 2015” тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлснийг мэдэх юм. Хэр удаан хугацаанд хичээллэж байж үр дүн гаргав?

-Би эхэндээ энэ тэмцээнд орно гэж бодоогүй байсан. Өөрөө өөрийгөө даван дийлэхийн тулд хичээллэж эхэлсэн юм. 2002 онд мотоцикльтой явж байгаад осолд орж нэг хэсэг хэвтрийн дэглэм барьсан л даа. Тэгээд нэлээд таргалсан. Анх 60 кг байсан ч “Бодлын хулгайч” кинонд тоглоход 89 кг болчихсон байсан. Энэ спортыг хүмүүс зөвөөр ойлгоосой гэж боддог. Манай ээж элэгний хүнд өвчин тусаад элэг шилжүүлэн суулгах шаардлагатай боллоо. Энэтхэгт очиж шинжилгээ хийлгэсэн чинь хэнийх нь ч элэг таараагүй. Тэр үед “Чиний элэг хүнд өгөх нь байтугай өөрөө их өөхөлсөн байна. Илүү өөхөлбөл хавдар болох магадлалтай шүү” гэсэн. Тэр үед л өөртөө их гутсан. Дөнгөж 30 гарч яваа хүн ээждээ тус болж чадсангүй гэж. Манай дүү нэг бөөрөө өгч ээж маань элэг, бөөр шилжүүлэх том хагалгаа хийлгэсэн юм. Тэр үеэс хоёр жилийн дараа дахиад шинжилгээ өгтөл “Чиний элэгний өөх хэтрээд хавдар үүсгэж байна” гэсэн хариу сонссон. Гэртээ ирээд бодсон л доо. Нас залуу, гурван хүүхдийн өмнө хариуцлага хүлээсэн аав, эхнэрийнхээ тулж түших хань нь. Ийм байхад өвдөж болохгүй гэж бодоод л маргаашнаас нь бэлтгэл хийж эхэлсэн. Өдөрт хоёр удаа хичээллээд хоолны дэглэм барьсан. Унтах цагаа багасгаж ажиллах цагаа ихэсгэлээ. Зургаан сарын дараа эмнэлэгт очсон чинь шинжилгээний хариу эерэг гарсан. Тэрэндээ урамшаад дахиад хичээллэсэн. Тэгээд л тэмцээнд оръё гэж шийдсэн хэрэг. Цуг бэлтгэл хийдэг хүн бүхэн Баясаа ах гэж хүндэлнэ. Ах хүн бусдадаа үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдэг утгаараа тэмцээнд бэлтгэж эхэлсэн дээ. Мэргэжлийн тамирчидтай, өөрөөсөө өчнөөн дүү хүүхдүүдтэй өрсөлдөөд амжилт гаргах сайхан байсан.

-Та цацагт хяруулын мах зарна гэж ярьж байсан. Хэзээ ажил хэрэг болгох вэ?

-Зөв хоол судалж байхдаа гаргасан санаа л даа. Миний найз сахарын өвчтэй учраас энэ талаар их судалдаг юм. Дэлхийд цацагт хяруулын мах хамгийн сайн нь гэдгийг найзаасаа мэдсэн. Сахарын өвчин, цусны эргэлтэд сайнаар нөлөөлдөг, уураг өндөртэй мах юм билээ.Судлаад үзсэн чинь Монголд ганц нэг айл л зардаг болж таарсан. Тэгээд л Германаас генийн өөрчлөлтгүй цацагт хяруулын мах оруулж ирэхээр болсон. Хоёр жил судалгаа хийсэн дээ. Үйлдвэрээ барьчихсан. Ирэх арванхоёрдугаар сараас цацагт хяруулын мах худалдаанд гаргахаар ажиллаж байна. Монгол цацагт хяруул гэдэг брэндийг гаргаж ирнэ.

-Үнийн хувьд ямар байх вэ?

-Үхрийн махтай тэнцэхүйц хэмжээний үнэтэй байлгахаар ажиллаж байна. Одоо бол зах зээлийн үнэ нь 27 мянган төгрөг байгаа. Хамгийн хямдхан нь гэхэд л 18 мянга. Үхрийн махтай адил үнэтэй болговол монголчууд нийтээрээ хэрэглэх боломжтой болно. Үүний үр дүнд бүгд эрүүлжинэ гэдэг л том давуу тал.

-Ан авд дуртай гэсэн үү?

-Би ан авд явахаас илүү гөрөөнд явах дуртай. Уул хадаар морьтой явна. Уламжлалт аргаар анд явбал зүгээр. Орон нутгаас нь зөвшөөрөл авчихаад морь унаж хээр гал түлсэн шигээ гөрөөлж явах сайхан. Амьтан алаад хийморь сэргэдэг гэдэг худлаа. Хятадаас гарсан үг. Монголчууд малаа хамгаалах гэж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд ан ав хийдэг болохоос биш шуналын сэтгэлээр амьтны амь хөнөөдөггүй.

-Найз нөхдийнхөө тухай яриач?

-Амьдралд гэр бүл, найз нөхөд, ажил гэж чухал гурван зүйл бий. Би гарын арван хуруунд багтахаар шигшмэл сайхан найзуудтай. Бүгдээрээ гэр бүлийн найзууд. Сүүлд танилцсан найз маань “Эхнэрүүд уулзаад суухаар нөхрүүдийнх нь зан харагдах юм” гэж байсан. Нэг нэгэндээ тэгж сайхан ууссан гэр бүлийн найзуудтай. Бид хааяа хүүхдүүдээ хараад эхнэрүүдээ уулзуулдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *