Дөнгөж сая Хууль зүйн байнгын хороо хуралдаж байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсоноор тус байнгын хорооны даргын суудал эзгүйрээд байгаа. Түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал АН дотор багагүй зөрчил үүсгээд байгаа юм.
АН-ын бүлгээс Д.Ганбатыг ХЗБХ-ны даргаар санал болгож байгаа боловч УИХ-ын гишүүн О.Баасанхүү танхимаас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлсэн. Гэтэл Ж.Батзанданг нэр дэвшингүүт Ардчилсан намын бүлгээс “Нэг намын бүлгээс хоёр хүн нэр дэвшиж байгаа тул бүлгээр ярилцах шаардлага үүслээ” хэмээн завсарлага авсан.
Харин өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-аас нэр дэвшсэн хоёр гишүүний талаар бүлгийн хурлаар онцгойлон хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн. Гишүүд хоёулаа хуульч мэргэжилтэй, гэсэн хэдий ч АН-ын бүлгийн зүгээс энэ удаад Д.Ганбат гишүүнийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр санал нэгдлээ, Ж.Батзандан гишүүний хувьд дараагийн удаад бол” гэв.
Бүлгийн даргын энэхүү тайлбарын дараа Ж.Батзандан гишүүн үг хэлсэн бөгөөд тэрээр “Бүлгийн хурлаар ийм шийдвэр гарсан нь үнэн. Нэг талдаа бүлгийнхээ шийдвэрийг хүндэтгэж байгаа хэдий ч нөгөө талдаа хуулийн дагуу би байнгын хорооны даргад нэр дэвшиж өрсөлдөнө” хэмээсэн юм. Тэрээр мөн өөрт нь бүлгийн шийдвэрийг дагах эсвэл Үндсэн хуулийг дагах гэсэн хоёр сонголт байсан гэдгийг хэлсэн. Намынхаа шийдвэрээс зөрж Байнгын хорооны даргад өрсөлдөнө гэдгээ хэлснийхээ дараа Ж.Батзандан гишүүн “Манай улс бол парламентын тогтолцоотой улс, тиймээс улс төрийн аливаа томилгоо фракцын, тулгалтын бус ардчилсан зарчмаар хэрэгждэг байгаасай гэж хүсч байна” гэлээ. Түүнчлэн өөрт нь фракцын шийдвэрийг тулгаж байгаа бүлгийн удирдлагуудаа солигдоосой гэж хүсч байна гэв.
Ийнхүү санал хураалт явуулах болоход МАН-ын бүлгийн зүгээс ажлын тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ талаар “Эрх баригчдаас нэр дэвшүүлсэн хүнийг дэмжинэ гэж бодож байсан. Гэтэл ингээд хоёр хүн өрсөлдөхөөр болж байгаа учраас цөөнхийн бүлэг хэнийг нь дэмжихээ бүлгийн хурлаар хэлэлцэж байж шийдэх шаардлагатай байна. Тиймээс ажлын тав хоногийн завсарлага авч байна” гэсэн юм. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.