УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсэг 49 хувийн энгийн хувьцааг дотоодын аж ахуйн нэгж худалдан авахдаа Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй хэд хэдэн хуулийг зөрчсөн үйл явцыг нь шалгах юм байна. Тус ажлын хэсэгт Ардчилсан намын бүлгээс Ж.Батзандан орсон бөгөөд намынхаа эсрэг байр суурьтай байгаа юм. Гэсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл гаргаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ардчилсан намын бүлгээс нэг ч гишүүн ороогүй албан ёсоор мэдэгдэж байна гэжээ. Түүнчлэн Ж.Батзандан хувь гишүүнийхээ үүднээс ажлын хэсэгт орсон бөгөөд намын бүлгийг төлөөлөхгүй хэмээн албан бичигтээ дурджээ.