Categories
мэдээ цаг-үе

Ж.Баттөр: С.В.Лавровын айлчлалаас Монгол Улсын ач холбогдол бага багаар ихэсч байна гэдэг нь харагдаж байна

Энэ сарын 14-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчилсан билээ. Уг айлчлалын талаар болон ОХУ-ын гадаад бодлогын тухай Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор профессор Ж.Баттөртэй ярилцсан юм.

-Энэ удаагийн айлчлалын үр дүн юу байв. С.В.Лавров ямар учраас манай улсад айлчилсан юм?

-Европын холбоо Орост хориг тавьчихсан байгаа. НАТО-гийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа. НАТО, ОХУ-ын сөргөлдөөн хурцдаж байна. Байдал ийм болоод ирэнгүүт Оросын гадаад бодлого Ази руу чиглэсэн. Манай орон Азийн төвд байдаг учраас энэ байрлал нь эргээд үнэ цэнтэй болж эхэлж байна. Хамгийн гол нь Европын холбооны ихэнх улс орон хориг тавьчихсан байхад Америкийн холбоотнуудаас БНСУ энэ хоригт нь ороогүй. Мэдээж бусад Азийн орнууд Оростой үйл ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаа. Тийм учраас ОХУ-ын бодлого бол эдийн засгийн ач холбогдол талаасаа нэгдүгээрт, Евразийн эдийн засгийн холбоо байгаа юм. Хоёрдугаарт, Азийн бусад улсууд. Хятадтай харилцах холбоо нь маш чухал ач холбогдолтой болчихсон. Энэ хүрээнд л бид сайн харах ёстой.

-Тэгэхээр Монголыг л зорьж ирээд айлчилжээ гэж харж болохгүй нь ээ?

-Тийм. Азид үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодлогоор л явж байгаа юм.

-Айлчлалын үеэр хоёр тал ямар чухал хэлэлцээрүүд хийв?

-Стратегийн түншлэлийн дунд шатны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Түүнээс илүү юм харагдсангүй. Нарийн ширийн зүйлүүдийг хоорондоо ярилцсан байх. Хамгийн гол зүйл нь Монголын ач холбогдол бага багаар ихэсч байна. Хоёрдугаарт, Монгол өргүй болчихлоо гэдэг нь Оростой үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай талбар харагдаад байгаа юм.

-АСЕМ-ийн үеэр манай талд тусалж, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн?

-АСЕМ-ийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байгаа нь улс төрийн ач холбогдолтой. Манай Төвийг сахих бодлогыг Орос дэмжихгүй байгаа гэж зарим хүмүүс үзэж байсан. Гэтэл харин ч АСЕМ-ийг зохион байгуулахад дэмжинэ гэж байр сууриа илэрхийлж буй нь Монголын явуулж буй бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэх гэсэн илрэл юм болов уу гэж харсан.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины баримталж буй гадаад бодлого өөрчлөгдөж байгаа. Холбооны зөвлөлийн хурал дээр үг хэлэхдээ барууны ишлэлийг түлхүү хэрэглэдэг байсан бол одоо арай өөр болж эхэлсэн. Энэ тал дээр та судлаачийн хувьд юу хэлэх вэ?

-В.Путин Украины хямралаас хойш ерөнхийдөө Оросын эрх ашгийг тэргүүнд тавих, хуучин ЗХУ-ын орон зайд ОХУ-ын нөлөөг алдахгүй байх, болж өгвөл тэлэх бодлогыг баримталж байгаа. Евразийн бодлого, Евразийн эдийн засгийн холбоо гэдгээ өнгөрсөн жил байгуулсан. Үүнд нь хэд хэдэн улс элсэн орчихсон байгаа. Энэ бодлогын хүрээнд татвар, бизнесийн таатай боломж олгох гэдэг ч юм уу ийм байдал харагдаж байна. Евразийн холбоонд Орос улс голлох байр суурьтай явж байгаа. Оросуудын харж байгаа Еврази гэдэг нь хуучин ЗХУ байсан бүс нутгийн орнууд. ЗХУ байхад коммунизм гэдэг үзэл гол гол зүйл нь байсан. ЗХУ унаснаас хойш Орост оюун санааны хоосрол бий болсон гэж үздэг. Хоосролыг даван туулахын тулд Путины гаргаж ирсэн зүйл бол Евразийн үзэл санаа буюу жишээ нь, Л.Н.Гумилевын онолыг их ярьж байна. Л.Н.Гумилевын Пассионарностийн тухай онол байна. Бас Суперэтнос онолыг нь ярьж байна. Эдгээр онолуудыг эргэж сэргээж маш их уншиж байгаа. Оросын философич Н.Я.Данилевскийн үзлийг гаргаж ирж байна. Энэ хүн “Оросын соёл бол өөрийн өвөрмөц чанартай, баруун Европынхоос их өөр. Баруун Европ бол хэзээ нэгэн цагт Оросыг дарах гэж оролдоно. Тиймээс энэ ариун байдлаа алдах ёсгүй” гэдэг зүйлийг хүчтэй тавьсан. Гуравдугаарт, Иван Ильин гэж орос философич бий. Түүний үзлээр “Русский путь” буюу “Оросын зам” гэж нэг зүйлийг яриад байгаа. Энэ нь цэвэр Үнэн алдартныхаа шашныг дагасан бодлоготой байна гэдэг. Үүнийг их хүчтэй тавьж байна. Барууныхан В.Путин яагаад ингээд эргэчихэв ээ гэж гайхаад байна. Юунаас болоод В.Путины бодлого баруунтай өрсөлдөх, тэмцэлдэх байр сууринд оччихов гэж байна. Үүний нэг шалтгааныг ЗХУ-ыг нурж унасны дараа эдийн засаг нь хүнд байх үед америкчууд хангалттай туслаагүй. Түүнээс болсон байх магадлал өндөр байна гэж үзэж байгаа. Тэр битгий хэл хажуу хавиргынх нь улсуудад өнгөт хувьсгал хийх маягаар Орос улсыг ганхуулах бодлогыг баримталсан. В.Путин бол угаасаа тангараг өргөсөн, хүчний байгууллагын хүн. Тэгж л өсч бойжсон хүн учир дайсан болон манайх гэдэг ойлголт нь маш тодорхой. Хэн дайсан бэ, хэн манайх вэ гэдгийг мэддэг. Хоёрдугаарт, Путины бодлогыг барууныхан ингэж үзэж байгаа байхгүй юу. В.Путины шийдвэр гаргалтыг АНУ-ын тагнуул, аналтикууд тайлж чадахгүй байгаа. Түүний Сири рүү онгоц нисгэх гэж байгааг хэн ч мэдээгүй. НАТО-той сөргөлдөх гэж байна, Крымыг авах гэж байна гэдгийг нь урьдчилж мэдэж чадаагүй. В.Путин маш хурдтай сэтгэдэг. Орос улсыг хүчтэй чигээр нь авч үлдэнэ гэдэг бодолтой. Тэрээр саяхан ярилцлагадаа “ОХУ-ын мөнгө 2014 оныхоо хэмжээнд хүрчихсэн. Орос улс гадны санхүүгийн тусламжгүйгээр дөрвөн жил тэсч чадна” гэж хэлсэн. В.Путин энэ бүхэнд бэлдчихсэн байсан.

-Тэгэхээр В.Путины даалгавраар С.В.Лавров Монголд буугаад морджээ гэж дүгнэж болох уу?

-Мэдээж тэгнэ шүү дээ. Харилцаж үзэж Монголын байдлыг мэдэх, тандаж авах зорилготой байсан. Энд нэг зүйлийг сонирхуулаад хэлэхэд Хятад улсын мөнгөний нөөц нь гурван триллион ам.доллар. Орос улс дөрвөн жил гаднаас мөнгө авахгүйгээр амьдарчихна гэж байгаа. Гэтэл Монгол Улсын маань санхүүгийн байдал ямар байгаа билээ. Бидний хувьд энэ хоёр хөршөөсөө сурах юм их байгаа байхгүй юу. Хүнд байдалдаа орлоо гэхэд ядаж л хэдэн жилийн нөөцтэй сууж байх хэрэгтэй.

-С.В.Лавров онгоцноос бууж ирэхдээ жийнсэн өмдтэй байсан. Үүнийг эсрэг, тэсрэг байр сууринаас тайлбарлацгааж байна. “Биднийг үл тоолоо” гэж байхад нөгөө талд “Харин ч оросууд бидэнтэй энгийн найзын харилцаатай гэдгээ харуулж байна” гэх юм. Дипломат ёсонд айлчлалын үеэр жийнс өмсөх нь юуг илэрхийлдэг юм бэ?

-Энэ бол өндөр дээд түвшний албан ёсны айлчлал гэхээсээ илүүгээр ажлын айлчлал байсан. Хоёрдугаарт, бууж мордож байгаа маягтай. Манайд буусан ч гол зорьсон газар нь Япон байсан. Гуравдугаарт, үүнийг мэргэжлийн хэллэгээр трак-2 гэдэг. Өөрөөр хэлбэл хувцсанд нэг их ач холбогдол өгөхөөсөө илүүтэйгээр уулзалт, ажилдаа ач холбогдол өгсөн.

-С.В.Лавров улс орнуудын Гадаад хэргийн сайд нар дундаа хамгийн нэр нөлөө бүхий дипломатч. Мөн дээр нь хувийн зан ааш, төрх байдлаараа хэв маягаа бүрдүүлчихсэн хүн гэдгээрээ алдартай?

-Дээр нь маш гоё шүлэг бичдэг яруу найрагч. Орост ард иргэддээ хүрэхийн тулд маш их ном унших хэрэгтэй болдог. В.Путин өөрийнхөө губернаторууд буюу мужийн амбан захирагчдадаа Оросын философийн номуудыг унших даалгавар өгч байгаа. Ийм маягаар өөрийнхөө үндэстнээс аль болох холдохгүй байхыг хичээдэг. Орос хүний имиж бол мэдлэг. С.В.Лавров бол мэдлэгтэй, чадалтай хүн шүү дээ. Дээрээс нь логик уялдаатайгаар ажил хэргээ явуулдаг. Олон түмэнд үг нь хүрдэг. Төрөлхийн удирдагч маягийн, Путин маягийн хүн. Путин ч тэгж маш логиктой ярьдаг. Энэ завсарт хэлэхэд бид хоёр хөршөө маш анхааралтай судалж байх хэрэгтэй. Ганцхан Монголтой харилцах харилцаа төдийгүй ерөнхийдөө бүс нутгийн бодлого, дэлхийн бодлого, эдийн засгийн бодлогыг нь. Ядаж л мөнгө санхүүгийнх нь байдлыг судалж байх хэрэгтэй. Манай улс сүүлийн үед нэг том ноцтой алдаа хийгээд байна. Монгол Улс дэлхий даяар өөрсдийгөө их өртэйгөө гайхуулаад байна. Үүнд болгоомжтой байх хэрэгтэй. Монгол Улс алган дээр байгаа юм шиг бүх юмаа ил байлгадаг. Үүнийгээ жаахан ч гэсэн цэгцлэх ёстой. Бусад орнууд өрийнхөө байдлыг нуудаг. Тэгтэл манайханд бүх түвшиндээ нууцлал гэж юмгүй, тэр байдлаа хэтрүүлээд байна л даа. Бид аль болох давуу, сайн талаа дөвийлгөх байтал сул, муу талаа гаргаж ирдэг. Энэ байдал гадныхны бидэнд итгэх итгэлийг сулруулна. Өртэй биднийг ашиглаж дарамтална уу гэхээс биш хэн ч туслахгүй. Дараа дараагийн олон улсын хэлэлцээр, гэрээнд ороход гуйсан, царайчилсан давуу бус байдалд орно. Яагаад вэ гэхээр өртэй, доошоо орчихсон хүнтэй тэр түвшинд нь л ярьдаг. Бид өөрсдийнхөө модыг гаргаж ирээд байна. Битгий хамаагүй өр ширээ, урсгал зардлаа зарлаж байгаач ээ. Ингэж зарлаад байвал манай орныг зүглэх гадны хөрөнгө оруулагч олдохгүй болж, Монгол Улс Африкийн ядуу орнуудын хэмжээнд өөрсдийгөө аваачиж харагдуулах болно. Монгол Улсад өөрийн гэсэн хар хайрцагны бодлого байх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *