УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн өөрчлөлтийг хаврын чуулганы хаалтын хуралдаанаар баталсан. Ингэснээр Сөүлийн чиглэлд нислэгийн чөлөөт өрсөлдөөн бий болох сайн шийдвэр боллоо гэж нийгэм үзэж байна л даа. Энэ чиглэлд хичнээн компани орж ирэх боломжтой вэ?
-Бээжин, Сөүлийн чиглэлд нэг тээвэрлэгч байна гэсэн хатуу заалтаар иргэний агаарын тээврийн салбарын хөгжлийг илтэд боомилсон байв. Ийм монополь байдлыг дархалсан зохицуулалттайгаар нэлээд хэдэн жилийг үдсэн. Үүнийг өөрчлөхгүйгээр урагш алхах ямар ч боломжгүй байсан. Харин Их хурал бодлогын баримт бичгийн өөрчлөлтийг дэмжиж баталлаа. Ингэснээр нислэгийн тоо нэмэгдэж, тийзийн үнэ буурах боломж бүрдэж байгаа юм. Одоо долоо хоногт зургаахан нислэг хийж байгаа. Яагаад гэвэл зургаа хүртэлх нислэгт нэг тээвэрлэгч байхаар зохицуулалт хийсэн учраас урсгал нэмэгдэх боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бээжин, Сөүлийн чиглэлийн нислэгт нэг тээвэрлэгч байна гээд заачихсан байсан. Цаад талдаа буюу Солонгост зах зээлээ хуваах зарчим үйлчилдэг. Хэрвээ зургаан нислэгтэй байвал нэг компани ашгаа аваад, зургаагаас дээш нислэгтэй бол дараагийн компани орно гэдэг байдлаар тухайн чиглэлд зах зээлээ ингэж аж ахуйн нэгжүүддээ хуваарилж өгч байна шүү дээ. Тэр зарчмаар хоёрдогч тээвэрлэгчийг нь оруулж ирье гэхээр УИХ-ын тогтоол тээг болдог байв. Гэтэл өнөөдөр зургаа битгий хэл 3-4 дахин их нислэг хийх шаардлага байгаад байдаг. Үүнийг л нээж өгөхийн тулд сая хаврын чуулганы хаалттай зэрэгцэн УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулсан асуудал юм. Гол зорилго нь хоёр дахь компани орж ирэх гарцыг нээж байна.
Солонгосын талаас аль нэг компани нь орж ирэх биз. Манай талаас “Бид ниснэ” гээд авиакомпани гараад ирвэл болохгүй зүйлгүй. Хэрэв чадахгүй бол МИАТ дангаараа ниснэ шүү дээ.
-Чөлөөт өрсөлдөөн бий болсноор долоо хоногт хэдэн удаа нислэг үйлдэх боломжтой вэ. Тийзийн үнэ хэр зэрэг хямдрах бол?
-Тооцооллоор билетийн үнэ 20-40 хувиар буурах боломж бүрдэж байгаа юм. Жишээлбэл, Солонгосын талтай хэлэлцээр хийж байхад дараагийн компани үйлчилгээ, үнээ буулгаад орж ирнэ гэж байгаа. Яг энэ Улаанбаатар-Сөүлийн чиглэлтэй адилхан зайнд Солонгос дотроо авиа компаниуд хямд үнээр нисч байгаа. Өнөөдрийн байдлаар есдүгээр сар хүртэл билет дуусчихсан байна. Яагаад заавал бид ингэж барьж байх ёстой юм бэ. Хоёр дахь компанийг нь оруулъя л даа.Тасалбар нь чөлөөтэй болог л дээ. Ингээд ороод ирэхээр дараагийн орж ирэх компани өрсөлдөөд тийзнийхээ үнийг буулгаад явна. Гэтэл өнөөдөр долоо хоногт 22 нислэг хийх бололцоотой тийм их хүн нисч байна.
-Монголчуудын ихээр зорчдог орнууд болох Улаанбаатар-Токио, Бусан гэх мэт чиглэлд хүндрэл үүсдэг үү. Энэ олон компани өрсөлдөх боломж байгаа юу?
-Бусад чиглэлд бол тийм заалт байхгүй. Бусан, Япон гэх зэрэг бусад чиглэлд хоёрдогч тээвэрлэгч нь орж ирээд явах боломж нээлттэй байгаа.
-Бас “Турк эйрлайнс”-ийг монополь байна гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ. Энэ чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Энэ асуудлыг нээлттэй болгоод ирнэ гэхээр нэг л асуудал тулгардаг. Тэр нь МИАТ компанийн хувьд хүндрэл үүснэ гэдэг зүйл дандаа яригддаг. “Сөүл рүү нээчихье” гэхээр “МИАТ хүндэрчихнэ”, “Турк рүү, Берлин рүү нисэхээр МИАТ алдагдалтай” гэхчлэн бүх л чиглэлүүд МИАТ-аас болоод байна шүү дээ. Жишээлбэл, Берлинийг Франкфурт дээр шилжүүлье гээд ярьдаг. Яагаад гэхээр Берлин нисэх нь алдагдалтай гэдэг. Тухайн чиглэлд МИАТ компани алдагдалтай болохоор болих ёстой юм уу. МИАТ компани байхгүй бол өөр хэн ч биш гэдэг байдлаар асуудалд хандаад байна шүү дээ. Мөн Туркийн чиглэл байна. Туркийн чиглэл алдагдалтай болбол Туркийг нь болиулъя гэдэг ч юмуу. Эсвэл дундаа зогсоолтойгоор нислэг бууж хөөрөх ёстой гэдэг ч юмуу. Туркийн хувьд нэг л асуудал байгаа. Замдаа заавал Бишкек дээр бууж, жижиг онгоцоор нисч, зорчигчдоо хүндрүүлэх ямар шаардлагатай юм бэ. Хүмүүсээ унтлагын цагаар нь сэрээж буулгаад, хил гаалиар оруулаад л. Хэний төлөө ийм үйлчилгээ хийгээд байгаа юм бэ гэдэг асуудал үүснэ л дээ.
-МИАТ компанийн хувьчлалын асуудал олон жил яригдаж байгаа. Хувьчлалыг ард иргэддээ хүртээмжтэй, шударга байдлаар яаж явуулах вэ?
-МИАТ-ын хувьчлалыг хөрөнгийн биржээр нээлттэйгээр хувьчилна. Энэ хувьчлалыг хэн нэгэн менежмэнтийн багт, эсвэл стратегийн хөрөнгө оруулагчид өгье гэсэнгүй. Хөрөнгийн биржээр нээлттэй хувьчлах учраас жирийн иргэд ч хувьчлалд оролцох боломж нээлттэй.
Ингээд хөрөнгийн биржээр МИАТ-ийн хөрөнгө нь зарагдаад ирэхээр, тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт тэр компанид орж ирнэ. Чадавх нь сайжирна. Менежмэнт нь сайжирна. Онгоц зарж чадахгүй байсан өр ширний асуудал дээрээ тодорхой хэмжээний менежмэнт хийгээд явна. Компанийн засаглал болоод иргэний нисэхийн зах зээл дээр оролцож өрсөлдөх чадвар нь сайжирна.
-МИАТ нислэгийн тийз дуусчихсан гэсэн хэрнээ хоосон суудалтай зорчоод байх юм гэж иргэд бухимдаад байдаг. Үүнийгээ шатахууны даац хэтэрдэгтэй холбож тайлбарладаг нь хэр бодитой юм бэ?
-Бодитой. Манайх том хүнд даацын онгоц биш. Ачаа тээвэрлэх шаардлага их байдаг.Энэ тохиолдолд иргэдийнхээ суудлыг хасдаг. Иргэд бүтэн явсан тохиолдолд тэр тусмаа зуны нөхцөл байдалд бол шатахуунаа ахиухан авах шаардлагатай болдог. Тэгвэл тэр даацандаа зориулаад ганц нэг суудлыг нааш нь татах болно. Тэгээд тийз нь олддоггүй, онгорхой ганц нэг суудал байдаг болохоор иргэд бухимдаад байдаг.
-Онгоцны шатахууныг ганц компани давуу эрхтэйгээр нийлүүлдэг явдал хардлага дагуулдаг. Энэ компани нь онгоц руу шатахуун шахдаг хошуу бүхий өндөр технологитой болохоор тэднээс авдаг гэсэн мэдээлэл байх юм. Олон компани оруулж болдоггүй юмуу?
-Болно шүү дээ. Тендер зарлагдаад шалгарсан компани нь шатахуун нийлүүлж байгаа юм. Одоогийн энэ компани өмнөх Засгийн газрын үед зарлагдсан тендерт ялсан. Тэрнээс тийм шатахуун шахдаг хошуутай энэ тэр гэсэн асуудал байхгүй.
-Дарханы чиглэлийн авто замыг хэдийгээр засах вэ. Ази Европыг холбосон олон улсын хурдны зам болно гэж байгаа шүү дээ?
-Өнөөдөр Дарханы чиглэлийн зам дээр Азийн хөгжлийн банкны зээлээр авто замын шинэчлэлт хийнэ. Улаанбаатараас Алтанбулаг хүртэлх замыг шинэчилнэ. Дархан хүртэл суурийг нь бэхжүүлж, эгнээг нь өргөсгөнө. Ер нь бол Алтанбулаг-Замын үүдийн чиглэлд хурдны авто зам тавих бодлоготой. Гурван хөрш орны хүрээнд бол дамжин өнгөрөх тээврийн хүрээнд яригдаж байгаа. “Чингис девелопмент” гэдэг компани дээр урд өмнө концессийн гэрээ олгогдчихсон байсан. Энэ концессийн гэрээг зургаан сараар сунгасан. Энэ хугацаанд тус компани хөрөнгө орууулалтаа хийгээд ажлаа эхлэх ёстой.
-Дотоодын цементний үйлдвэрлэл илүүдэлтэй байна л гээд байгаа. Хүнд даацын машин явах болохоор Сонсголонгийн зам шиг цементэлж бэхжүүлсэн зам тавьж болохгүй юу?
-Зам ярихаар бид заавал өртгөө бодож байх ёстой. Ер нь бол Сонсголонгийн зам шиг хүнд даацын зам хийж болно.
Өртгөө бид дийлэх юм уу. Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа нөхцөлд 300-гаад км замыг энэ хүнд даацын замаа бэхжүүлчихээр хэдэн төгрөг ийшээ орох уу гэдгийг бодолцох ёстой.
-Өнөө жил орон нутгийн чиглэлд хийгдэхээр төлөвлөсөн ямар замууд байна?
-Хуучин замуудаас баруун таван аймгийг холбосон замууд байгаа. Бүгдээрээ эзэнтэй болчихсон. Нэг замаас бусад нь санхүүжилт хөрөнгө оруулалт нь хийгдээд явж байгаа. Хоёр жилийн хугацаанд дуусгах бодлогыг барьж ажиллаж байгаа.