Categories
мэдээ цаг-үе

Ж.Амгалан: Улстөрчид, төрийн албан хаагчдын улс, эх орон, үр хойчоо бодох мэдлэг, чадвар нь дутаад дүр эсгэгчид олширвол хэцүү дээ

Төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратеги судлаач Ж.Амгалантай ярилцлаа.


-Монгол Улсад эдийн засгийн хүндрэл, утаанаас эхлээд бидэнд сэтгэл чилээх асуудал бишгүй л байна. Та улсын аюулгүй байдлыг хангах чиглэлийн судлаач хүний хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?

-Иргэд аюулгүй байдалдаа, нийгэмдээ, байгаа орчиндоо санаа зовно гэдэг бол улс дотоод аюулгүй байдалд, үндэсний бахархалд, эрхэмлэх зүйлд тодорхой эрсдэл бий болсныг харуулж байгаа юм. Тэгэхээр нийгмийн ёс суртахууныг дээшлүүлж, энэ олон асуудлуудыг шийдэхэд иргэд оролцдог итгэл сэтгэл, дэмжлэгийн холбоос бий болгох хэрэгтэйг харуулж байна. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс ард түмний хүслийг уудалж үздэггүй, амьд холбоогүй, эрүүлээр сэтгэж бодитоор гүйцэтгэх чадавхи, ёс суртахуун нь ард түмний шаардлагыг хангахгүй байгаа нь ингэж илэрдэг байх. Төрд мэдлэгээс гадна ёс суртахууныг оруулж ирэх хэрэгтэй. Төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ёс суртахууны байдалд судалгаа хийхэд 74 хувь нь нэгдүгээрт хувийн эрх ашгаа хамгаалах байр суурь баримталдаг гэж гарсан байна лээ. Тэр нь хөрөнгө санхүү захирах, албан тушаалын томилгооны эрх, шийдвэр гаргах эрх мэдэл, албаны унаа хэрэглээ, ажлын байрны тав тух гэж харагдаж байна. Ийм сонирхлоор дарга төрүүлээд байвал тэр чинь сүйрэл дагуулна. Нийгмийн, цаг үеийн шаардлагыг төр эргэж харахгүйгээр, судалж анхаарахгүйгээр цаашаа явах боломжгүй. Олны хүлээлтийн хариу гэж нэг их том зүйл хайгаад хэрэггүй.

-Ер нь бол төрд алба хашиж буй хүмүүсийн авлигын асуудлаас эхлээд иргэдийг бухимдуулдаг зүйл олон. Энэ чиглэлд төр засаг анхаарал хандуулж байгаа гэх хэдий ч үр дүн хамгийн чухал л даа. Үр дүн гарах болов уу?

-Авлига улсын нийгэм-эдийн засгийн системд далд байдлаар мөнгө, хөрөнгөний ашиг сонирхлын сүлжээ үүсгэж материаллаг үнэт зүйлийг хуулийн аргаар хууль бусаар завших замаар улсын төр, нийгмийн байгуулал, эдийн засгийн чадавхийг сулруулан чөдөрлөж байна. Энэ нь нийгмийг дотроос нь чимээгүй хордуулахаас эхлээд олон талын сөрөг үр дагавартайг иргэд мэдэж байна, мэдэрч байна. Тэгээд л бухимдаад байгаа юм. Төрийн удирдлага авлигын торон сүлжээний бодлогод татагдан орох, улсын хөрөнгө мөнгө-санхүү, материаллаг үнэт зүйлийн нэгээхэн хэсэг авлигын далд эргэлтэд орж, хэсэг бүлэг хүмүүсийн зохицуулалттай бааз бий болох аюулыг гаргаж болохгүй л дээ. Авлига амь бөхтэй, өргөн сүлжээтэй, залгамж чанар, санах ой-нууцлал өндөр, тэр бүр яриад олонд түгээд байх нь ховордож, элитарный хэлбэрт орвол нэн хэцүү юм тэр. Хээл хахууль авлигад идэгдсэн улс оронтой, тийм удирдлагатай шударга нийгэм, эдийн засаг-хөгжил цэцэглэлт, ард түмний нийтлэг сайн сайхны тухай ярих утгагүй. Цаашлаад хөрөнгө оруулалт, баялаг, шударга тогтолцооны тухай, улс орноо батлан хамгаалах тухай ярихад хүндрэлтэй. Эдгээр нь хүндрэлтэй болоод ирэхлээр үндэсний аюулгүй байдлын асуудал босч ирнэ. Ийм юмыг л олон түмэн тэвчин назгайрч болохгүй гээд байна шүү дээ. Хэрсүү, холч бодолтой ард түмэн хөгждөг нь жам ёсны хэрэг байх.

-Сүүлийн үед ард түмний анхаарлын төвд 60 тэрбумын гэх асуудал орчихоод байна. Эхэндээ ард түмэн гайхаж, эргэлзэж хүлээж авсан. Одоо бол үзэн ядалтын хэлбэр рүү шилжчихлээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ч гэх юм. Энэ асуудлын нарийн цаад зангилааг хэрхэн харж байна вэ?

-Эдийн засаг-хөгжил, аюулгүй байдлын асуудалд олон талаас нь гүнзгий судалгаа, тооцоо хийхгүй, тэр эрсдлүүдийг олж харж гаргаж чадахгүй урсаад байвал тодорхой цаг хугацааны дараа улам хүнд байдалд орно. Улс орон хөгжих, ард иргэд нь сайн сайхан байх олон боломжуудыг авлигын сүлжээ халхалчихаар бид урагшаа явахгүй. Оросын “какая кормушка, такая и избушка” гэдэг үг байдаг. Манайх дотоод аюулгүй байдал талдаа тийм ч сайн биш, хариуцлага, сахилга бат муу байна. Хэн ч байсан ялгаагүй хуулийн дагуу татвар төлдөг, харин албан тушаалын татвар бий болгоно гэдэг бол төрийн байгуулалтын эсрэг, улсын хөгжлийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Төрийн эрх мэдлийн төлөө ингэж болохгүй, олон түмэн мэддэггүй, хардаггүй гэж эндүүрч болохгүй. 60 тэрбум гээчийн схемыг сайн уншвал муу үр дагавар дагуулах юмнууд их олон харагдаж байна лээ. Ёс суртахуунаа цэвэрлээч л гэмээр байна даа.

-Үүнээс ч дутахгүй асуудал нь оффшор болчихлоо. Оффшорын асуудлыг та юу гэж үздэг вэ?

-Ямар ч хүн хөрөнгө, мөнгөтэй болох хялбар арга хайдаг. Тухайн оронд, нийгэмд, салбарт нь авлигын сонголт, гарц шийдэл байвал түүнийг ашиглаж, зардлаа хяналтгүй өсгөж авах нь ойлгомжтой. Зарцуулснаа буцааж өсгөж авахад эвтэйхэн хаалт, ашигтай хувилбар бол авлига гэж судлаачид үздэг. Эрх зүйт төрд хуулийн лобби хүртэл авлига халхлах эрсдэлтэй. Олон улсад “Great Game” манайхаар их өрөг буюу том тоглолт гэж ярьдаг ойлголтод бид татагдаад орчихсон. Төрийн нөмөр нөөлгөөр орлого ихтэй бизнес хийгээд үзчихсэн, түүнтэйгээ бүх юмаараа холбогдчихсон, эх орон ард түмнээ гэх сэтгэлгүй хүмүүс улс төртэй, шийдвэр гаргах түвшингийн ажилтай бараг амиа тавьтал зууралддаг жамтай эд. Оффшорыг сайн ойлгож, мэдэж байж шийдэхгүй бол тийм ч амар биш. Уурхай баялгийн маань хамаг орлого тэнд эргэлдэж, гадны банкуудыг хөлжүүлээд байгаа бол тун харамсалтай байна.

-Манай улсын эдийн засгийн аюулгүй байдал алдагдсан гээд шуугиж байгаа. Бид яагаад ийм байдалд орсон гэж харж байгаа бол?

-Ямар ч улс эдийн засгаа олон тулгууртай байлгах сонирхолтой, хөрөнгө оруулалтын аюулгүй байдал, төсвийн аюулгүй байдал, төсвийн орлогын аюулгүй байдал, төсвийн зарлагын хяналтын тогтолцоог чанга барьдаг. Манайд төсвийн тогтвортой байдлын хууль бий. Б.Чимид багш нэг удаа Засгийн газар гэдэг чинь цалин тавихын төлөө биш хууль биелүүлэхийн төлөө байдаг юм шүү гэж хэлж байсан. Хууль биелүүлэх, хууль сахиулах гэдгийн зааг ялгааг ойлгож, заавал биелүүлж байж улс, нийгмийн аюулгүй байдал хангагддаг, заавал сахиж байж хамгаалагддаг олон асуудлыг эрх зүйт төртэй улс хатуу мөрдөх шаардлагатайг л орхигдуулчихсан юм.

-Сонгуулиудаас харж байхад иргэдийн төрдөө итгэх итгэл маш их суларсан нь ажиглагдсан. Үүний шалтгаан юу вэ?

-Манай олон нийт нийгмийн зүгийн дэмжлэг, үнэнд, шударга ёсонд итгэх эрмэлзэл өндөр байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь улстөрчид, төрийн албан хаагчдын улс, эх орон, үр хойчоо бодож тооцоолох мэдлэг, чадвар, тийм оюуны бяд нь дутаад, дүр эсгэгчид олширч, дээд албан тушаалд хүрээгээ тэлээд байвал хэцүү дээ. Тэр авлига, хээл хахууль, офшорыг жирийн иргэн бий болгоогүй. Манай нэг мундаг хашир дарга “Манай улсын гурван хүн тутмын нэг нь хулгайч болох нь байна шүү” гэж 1995 онд хэлсэн байдаг. Одоо хардаа яг үнэн байгаа биз дээ. Энэ онигоо биш холыг харсан ухаантай хүний үг байж гэдэг нь улам тодорхой болж байна даа.

-Төр мэдээж иргэдийн бухимдал юунд байна гэдгийг хардаг л байх. Тиймээс олны шүүмжлэл, санал, санаачилга, оролцоог ажил хэрэг болгох тал дээр төр ер нь ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Ажил хийх хууль, заавар, журам нь аль ч салбарт хангалттай бий. Олны санал, санаачилгыг ажил хэрэг болгох, тэр нь бодит үр дүнгээ өгөх тал дээр төрийн албан хаагчид нэг зүгт харах хэрэгтэй. Хувийн эрх ашиг, нам, бүлэглэл, явцуу эрх ашиг боддог хүмүүс бүх шатанд байна, тэд энэ аргаар ажилд очдог нь нууц биш. Тэд энэ бодлоосоо салахгүй бол цаашаа явах амаргүй. Нэг үгээр хэлбэл цаашаа явахгүй гэсэн үг. Хүний итгэл олоод ажилд очсон бол хулгай хийж, мөнгө зөөж биш шударга ажиллаж хүнд хань болж, хүн чанараа хадгалах нь хамгийн чухал. Дарга нарыг аргалж байгаад сайд болдог жишиг манайд бий болсон. Сайдын ажил сайхан гэж эндүүрэх хүмүүс олон болсон. Тэд алдаагаа засчихдаг тийм оюун санааны чадвартай болчихвол төрийн ажилд шударга ёс тогтож, улс хөгжих боломж бий болно. Үүнийг хийж эхэлмээр байна. Энд хөрөнгө мөнгө хэрэггүй, цаг хугацаа, хүний ухамсар, ёс суртахуун л шаардагдана. Монгол хүний зан үйлийн горим, ёс суртахуун тун нарийн уялдаа холбоотой учир тэнгэрлэг монголчууд гэдэг. “Ерөөсөө болье, зөвхөн улсынхаа төлөө” гээд санаа бодлоо нэгтгэвэл бид чадна. Монгол проблемуудаа ялна. Тийм нөөц /manpower and humanresources/-тэй, өөрийн брендтэй ард түмэн шүү дээ бид чинь. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн үнэт зүйлээ алдаагүй байгаад их бахархсан шүү. Хүн бүр хичээх цаг ирчихлээ, цаашид худлаа даа худлаа гээд суугаад байвал биднийг сөнөх, мөхөх хувь заяа угтана, тэгж л итгэлээ алдаж болохгүй шүү. “Улс төр бол тоо юм, тоо хүч юм, хүч мөнгө юм” гэж Японы алдарт Танака Какүэ зүгээр ч нэг хэлээгүй байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *