Хавдар судлалын үндэсний төвд “Монгол геном” төсөл, хавдрын генетикийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг зурах ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
-“Монгол геном” төсөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэхүү санамж бичиг нь хавдрын өвчлөлийг багасгахын тулд эрүүл мэндийн байгууллага дангаараа ажилладаггүй. Судалгаа болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг гэдгийг харуулж буй юм. Ийм хэрэгцээ шаардлага өндөр байгаа. Тийм ч учраас бид бүхэн өөрсдөө одоогоор генетикийн болон молекул биологийн аргаа хавдар судлалын салбарт оруулах гээд хичээж ажиллаж байгаа боловч тодорхой дэмжлэгүүд бие биедээ хэрэгтэй байгаа юм. Хувийн болон улсын байгууллагууд ч хөгжин дэвжихэд нэг нэгнээ дэмжлэг хэрэгтэй.
Тиймээс “Монгол геном” төсөлтэй бид бүхэн хамтарч хавдрын геномыг судлах, хавдрын геномын судалгааг эмчилгээ оношилгооны салбарт оруулж улмаар хувь хүнд чиглэсэн тусламж үйлчилгээ, эмчилгээний аргачлалыг хавдар судлал дээр бий болгохын төлөө ажиллаж байна гэсэн үг юм. Ингэснээрээ хэн хожих вэ гэвэл хүн л хожно. Тухайн хүний эмчилгээ өөрт нь тохирсон үр дүнтэй байх боломжтой болж хувирах юм.
-Манайд хорт хавдрын нөхцөл байдал ямар хэмжээнд байна вэ?
-Хавдрын нөхцөл байдал гэвэл та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Хавдар, хавдрын өвчлөл ихэсч байна. Энэ нь олон хүчин зүйлтэй холбоотой. Агаарын бохирдол, хоол хүнс, автомашины бензин, амьдралын хэв маяг зэрэг олон зүйлс бий. Үүний хамтаар өвчлөл ихсэхийн зэрэгцээ харамсалтай нь хавдар дандаа хожуу шатандаа илэрч байгаа юм.
Хожуу шатанд илэрч байна гэдэг нь өвчнөө тоохгүй, өвчнийхөө шинж тэмдгийг мэдэхгүй явдаг зэрэг олон асуудлаас үүдэн өвчтөн үргэлж III, IV шатанд эмчилгээний үр дүн муу илрэх, эмчилгээ хийлээ гэхэд үр дүн муу байх шатанд ирчихсэн тохиолдолд хавдар илэрч байгаа юм. Тэгэхээр бид зөвхөн Эрүүл мэндийн яамны асуудал биш боловсрол, сургалт, багш, оюутан, сурагч, түмний дэмжлэг хэрэгтэй болчихоод байгаа гэдгийг бодох ёстой. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын хавдрын өвчлөл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн байна. Хавдрын өвчлөлийг бууруулах чиглэл дээр Хавдар судлалын үндэсний төв болон эрүүл мэндийн байгууллагууд хичээж ажиллаж байна. Хэдийгээр эмчилгээ, үйлчилгээ хийж байгаа ч урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг гэдэг хамгийн том ажил юм. Бид нэгэнт болчихсон хойно нь өвчлөлийг дарах гэж оролдож буй хэсэг хүмүүс шүү дээ. Тэгэхээр бид эрт илрүүлдэг, урьдчилан сэргийлдэг хатуу хяналтын тогтолцоог гуравхан сая хүн амд хийх бололцоо бий. Яагаад ингэж зоригтой хэлж байна вэ гэхээр бусад хэдэн зуун сая, тэрбум хүн амтай улс орнууд эрт илрүүлгийн хатуу хяналтат тогтолцоог бий болгож чадаж байгаа юм. Гэтэл бид бүхэн зөвхөн умайн хүзүүний хорт хавдрын хатуу хяналтат тогтолцоог байгуулж чадахгүй ажиллаад байдаг. Үүнийг хийе гэхээр эс үйлдэл гэж зүйл байна. Эс үйлдлийг больж, засаг төрөөс дэмжих хэрэгтэй байна. Мөн манлайллын дутуу байгаагаас болохгүй байна. Хоёр, гурван жил хөтөлбөр гаргах гэж үзэж, сайдын тушаалаар батлууллаа. Нэгэнт батлуулсан хөтөлбөрөө өөрсдөө хэрэгжүүл гэдэг зүйл яригдаж буй үед бид яаж эмнэлгийнхээ ажлын цаанаас гарах вэ гэж л бодож байна. Гэтэл улс орон даяар хэрэгжих ёстой хөтөлбөр хэрэгжихгүй байна аа гэдэг нь харамсалтай.
-Тэгвэл хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлж, өвчлөхгүй байх вэ?
-Өнөөдөр ганцхан би ингэж урьдчилан сэргийл гэж хэлээд хангалтгүй юм. Тийм ч учраас цогц хөтөлбөр улс орны хэмжээнд хэрэгжих хэрэгтэй. Улс орны хэмжээнд хэрэгжих хөтөлбөрийг хэн хэрэгжүүлэх вэ гэхээр хариуцсан байгууллагууд хэрэгжүүлэх ёстой юм. Энэ хөтөлбөрийн нэг хүрээнд бага насны, сургуулийн, их сургуулийн боловсролын хөтөлбөрт орох ёстой. Боловсрол дотор өөрийн тань асуусан асуултад буй хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ гэдэг зүйлийг цогцоор нь заах хэрэгтэй юм. Тэрнээс өнөөдөр хоолоо тэгж ид, ийм хүнс хэрэглэ гээд бид амжилтад хүрэхгүй болчихоод байна.
“Монгол геном” төслийг санаачлагч, АУ-ны доктор, дэд профессор Ж.Амарсанаатай ярилцлаа.
-“Монгол геном” төсөл хорт хавдрын генетикийн шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлж, судлах, технологи хуваалцах талаар ХСҮТ-тэй санамж бичиг зурлаа?
-Энэ хамтын ажиллагааг түүхэн хамтын ажиллагаа гэж харж байна. Учир нь “Монгол геном” төслийнхөн Монгол Улсын хэмжээний генетикийн ажлуудыг төлөвлөж яваа. Гэхдээ уг төслийн маш чухал хэрэглээний нэг бол хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, эрсдэлийн үнэлгээ гурав юм. Тэгэхээр энэ гуравт ахиц дэвшил гаргахад яалт ч үгүй Монголдоо цор ганц байдаг Хавдар судлалын үндэсний төвтэй маш сайхан хамтын ажиллагааг өрнүүлж хавдрын генетик гэдэг том салбарыг дэлхийн хамгийн сайн хавдар судлалын хэмжээнд хөгжүүлж, тэр түвшинд хүргэх хэрэгтэй байгаа юм. Учир нь хүний амь нас, өвчин хэзээ ч шинжлэх ухааныг хүлээхгүй. Тиймээс бид бүхэн аль болох өндөр түвшинд хүрэх тусам олон хүний амийг аврах боломж нөхцөл бүрдэх учраас түүхэн хамтын ажиллагаа гэж харж байгаа юм.
-“Монгол геном” төслийн талаар тодруулахгүй юу?
-2017 оноос төслийн санаачилга эхэлж, 2019 оноос анхныхаа хүний генийг уншиж эхэлсэн. Хүний генийг уншихад маш өндөр технологи шаардагддаг. Мэдлэг, технологи, дэд бүтэц шаардагдана. Нэг хүний генийг уншихад гурван тэрбум 200 гаруй сая генийн кодыг тайлах ёстой. Нэг генийн кодны цаана нэг нуклейн хүчил гэж байдаг. Тэгэхээр бүх хромсомууд нийлж хүний генийн сан гурван тэрбум хоёр зуу гаруй сая кодыг агуулж байдаг юм. Энэ гурван тэрбум хоёр зуун сая код нь тухайн хүний амьдралын биеийн онцлогоос эхлүүлэн, хорт хавдар тусах эрсдэл, илүү нарийн бодисын солилцоо, тархи сэтгэн бодох чадвар, нүд, арьсны өнгө зэрэг тухайн хүнтэй холбоотой бүхий л нарийн мэдээлэл байж байдаг юм.
Энэ бүрийг улам задалж, нарийн задлан шинжилгээ хийж байж гаргаж ирдэг учиртай. Түүнээс биш уншаад л бүх зүйл тодорхой болчихдоггүй. Тэр кодны нарийн учрыг нь олно гэдэг амаргүй ажил. Үүнийг бид одоо хүртэл хийсээр л байна. Дэлхийн шинжлэх ухаан одоохондоо хүрээгүй байгаа ч ахиц дэвшил бол маш их байна.
-Геном гэж юуг хэлж байна вэ?
-Ген гэхээр хүмүүс мэддэг хэрнээ геном гэхэд сайн мэдэж, ойлгодоггүй. Хүний удам, эцэг эхээс дамжиж ирсэн мэдээллүүд дотор 22 мянга гаруй төрлийн ген байдаг. Тэгэхээр энэ бүх генийн мэдээлэл болон генээс гадна бусад мэдээлэл бүгдийг нийлүүлэн геном гэж нэрлэдэг. Монголд геном гэж хэлж буйн учир бид зөвхөн цөөхөн генийн шинж чанарыг тодорхойлохоос гадна тухайн хүний удмын бүх мэдээлэл буюу 23 хос хромсом дотор буй мэдээллийг уншихыг геномыг уншина гэж шинжлэх ухааны хэллэгээр хэлдэг. Тэгэхээр бүтэн геном уншина гэвэл гурван тэрбум хоёр зуун сая кодыг хэлж буй юм. Нэг ген гэвэл маш богинохон буюу 10, 20 мянган кодын тухай яригдана. Хүний биед буй бүх генийг унших нь геномын түвшний ажил болж хувирдаг.
-Хамтын ажиллагаанаас ямар үр дүнг хүлээж байна вэ?
-Хамтын ажиллагаагаар бид бодит өвчтөн дээр ямаргенийн өөрчлөлтүүд байгааг илрүүлж, үүнд ямар эмчилгээ хамгийн тохиромжтой вэ гэдгийг тогтоох нь ойрын ирээдүйд гарах бодит үр дүн юм. Монгол хүний хорт хавдар дэлхий дээр судлагдсан бусад хорт хавдраас онцлогтой байна уу үгүй юү гэдэг нь гарч ирэх юм. Бид бүдүүн гэдэсний хорт хавдрын судалгаагаар эхлүүлэх гэж байна. Бүдүүн гэдэсний судалгааг хийсний дараагаар дэлхий дээр бүртгэлтэй байгаа бусад бүдүүн гэдэсний хорт хавдраас генетикийн шинж чанар нь ялгаатай байна уу, адилхан уу гэдэг яригдана. Яг адилхан байвал дэлхий дээрх хийгдэж буй эмчилгээг хийхэд болох юм. Хэрвээ ялгаатай байвал хүнд нь тохируулж эмчилгээг хийх ёстой юм. Учир нь сүүлийн үеийн бай эмчилгээ маш нарийн шинжилгээг шаарддаг болчихсон.