Categories
мэдээ цаг-үе

Ив Летерми: Ардчиллын тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх итгэл үнэмшлээ алдах хамгийн аюултай

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (Interna­tional IDEA)-гийн хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. 2016 онд манай улс тус олон улсын хүрээлэнгийн даргалагч орноор ажиллаж байгаа юм. Ингээд АСДҮОУХ-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермитэй ярилцсанаа хүргэе.


-Манай оронд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Өмнө нь ирж байв уу?

-Би Монголд гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ. Ноднин Монголд анхны ардчилсан сонгууль явагдсаны 25 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцсон юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард олон улсын хурал Монголд болоход ирж байлаа. Ихэнхдээ Улаанбаатар хотод байсан болохоор хөдөө орон нутгаар нь явж чадаагүй. Гэхдээ хүмүүсийн хоорондын харилцаа, ёс заншил, уламжлалын талаар тодорхой мэдээлэлтэй болсон. Монгол Улсыг ахиц дэвшил тогтмол харуулж, амьд хөгжиж буй орон юм байна гэж хардаг. Европын улс орнууд эдийн засаг болоод нийгмийн хөгжлийн хувьд тодорхой түвшинд хүрээд тогтчихсон байдалтай бол Монгол тийм биш. Байнга хөгжөөд урагшаа яваад байх хэцүү. Бас дээшээ, доошоо савлах юм байдаг. Монгол Улсын хувьд харьцангуй жигд урагшилж байгаа орон юм болов уу гэж боддог. Өөр нэг онцлог нь Хятад, Орос гэсэн хоёр том хөрштэй. Наашаа ирэхээсээ өмнө болон ирээд хүмүүстэй ярьж байхад Монгол Улс гадаад ертөнцтэй илүү ойртох, зөвхөн хоёр хөршөөр зогсохгүй гуравдагч, дөрөвдөгч гээд олон улс орнуудтай геополитик, ардчиллыг хөгжүүлэхээр хамтарч ажиллах, нөхөрсөг байх гэсэн тийм эрмэлзэлтэй орон юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Монголд ирэхээсээ өмнө НҮБ-ын чуулганууд дээр уулзаж байсан. Үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч хүн гэж боддог. Мөн ардчилал болоод ардчиллын үнэт зүйлсийн талаар хүмүүст маш итгэл үнэмшил төрүүлэхүйц сайхан ярьдаг хүн учраас сайн мэднэ.

-Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн байгуулагдах болсон шалтгаан нь юу байв. Үйл ажиллагааных нь талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Манай хүрээлэн 21 жилийн өмнө буюу 1995 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Энэ байгууллагыг үүсгэн байгуулах санаачилга Скандинавын улс орнуудын тэргүүнүүд, манлайлагчдын зүгээс гарсан юм. Тэр үед ЗХУ задраад удаагүй байлаа. Мөн Өмнөд Африкт арьс өнгөний дэглэмийг халаад багахан хугацаа өнгөрч байсан. Ийм өөрчлөлтийг хийсэн орнууд цаашид ардчиллын замаар хөгжиж төлөвшихөд нь тусдаа дэмжлэг хэрэгтэй юм байна. Тэр орнуудыг зөнгөөр нь үлдээх юм бол цаашдаа ардчиллыг хөгжүүлэхэд бэрхшээл гарна гэж үзээд энэ байгууллагыг үүсгэсэн. Байгууллага маань ардчилсан процессыг дэмжих зорилготой үүссэн гэсэн үг. Улмаар олон улсын Засгийн газар хоорондын бүрэн эрхт байгууллага гэсэн статустай болсон. Одоогоор 29 гишүүн оронтой. Дэлхийн өнцөг булан, тив бүрээс төлөөлөлтэй. Бидний үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл байдаг. Эхнийх нь ардчиллын процессыг аль болох дэмжих үүднээс мэдлэгийн цөм төв нь болж ажиллах юм. Ардчилал болоод ардчилсан сонгуулийн процессын талаар ном товхимол, тайлан, судалгааны материалуудыг хэвлэж гаргадаг. Түүнээс улс орнууд санаа авах боломжтой. Мөн бид эрдэмтэн, судлаачид энэ чиглэлийн хүмүүсийг үзэл бодлоо солилцож илэрхийлэх талбар болж ажилладаг. Сайн засаглалын чиглэлээр шилдэг арга, практикийг дэлгэрүүлэх талаар улс орнууд харилцан саналаа солилцох боломжийг бүрдүүлж байгаа. Түүнчлэн ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр улс орнуудад тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх боломж байдаг.

Манай байгууллага нийт 200 орчим ажилтантай. Төв оффис нь Шведийн Стокгольм хотод байдаг. Латин Америк, Африк, Азид бүсийн оффисууд бий. Бидний үйл ажиллагааны үзэл баримтлал бол аль нэг улс оронд ардчилал цорын ганц ийм хэлбэрээр хөгжих ёстой гэж зөвлөх ёсгүй. Ардчиллын хөгжлийн янз бүрийн түвшин шатууд байж болно гэдгийг хүлээн зөвшөөрч энэ бүх хэлбэр болон үе шатуудад яаж улам боловсронгуй болгож болох арга байна гэдэг дээр мэдлэгийг хуваалцах зорилготой. Засгийн газар хоорондын байгууллага гэдэг утгаараа жил бүр байгууллагыг даргалах улс орнууд нь ээлжилж байдаг. Өнгөрсөн жилийн хувьд Швейцарь улс байсан. 2016 онд Монгол Улс байгууллагыг даргалж байна. Хойтон жил Перу халааг нь аваад үргэлжлүүлэн ажиллана. Тухайн жилдээ байгууллагыг даргалах явцдаа өөрийнхөө ардчиллын үйл явцын талаар мэдээллийг бусад ардчилсан орнуудад хүргүүлэх, туршлагаа солилцох боломж гарч ирдэг. Энэ боломжийг ашиглаад Монгол Улсаас Стокгольмд хэд хэдэн арга хэмжээнүүд санаачилж явуулж байна. Ер нь олон улсын анхаарлын төвд өөрийн улсын ардчиллын процессыг харуулах сайхан боломж юм.

-Манай улс бүс нутгийнхаа хэмжээнд харьцангуй ардчилсан гэж хэлж болохуйц ганц орон. 26 жил ардчилсан нийгмийн замаар явж байна. Нөгөө талаас социализмаас ардчилсан системд шилжсэн болохоор хүмүүсийн сэтгэлзүй өөрчлөгдөх явц явагдаж байгаа. Баян, ядуугийн ялгаа улам холдох хэрээр зөв зам мөн байсан уу, манай улсад ардчилал зохих уу гэсэн асуулт нийтийн дунд гардаг тал бий?

-Таны ярьж байгаа асуудлууд дээр манай байгууллагын зүгээс яг ийм байх ёстой гэж огт хэлдэггүй тухай дээр хэлсэн. Тийм ч учраас бид ардчиллыг шугаман хэлбэрээр нэг чигтээ хөгжинө гэж боддоггүй. Ардчилал өөрөө олон бартаатай замыг туулж байдаг. Энэ нь юугаар харагдаж байна гэхээр ардчилал хөгжөөд олон зуун жил болж байгаа орнуудад ч хүндрэл бэрхшээлтэй асуудлууд байдаг. Монгол Улсын хувьд анх 1990 онд чөлөөт ардчилсан сонгууль явагдаад түүнээс хойш долоон удаагийн УИХ-ын сонгууль, зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Сонгуулиар нэг намаас нөгөө намд засгийн эрх нь энх тайвны замаар шилжиж байгаа явдал ардчиллын хамгийн чухал нэг илрэл юм. Нөгөө талаас ардчилсан орнуудад тулгамдсан асуудлууд нэлээд нийтлэг байна. Жишээлбэл, тэгш бус байдал буюу баян, ядуугийн ялгаа ихэсч байгаа гэсэн асуудал их олон газарт гарч ирж байгаа. Харьцангуй хүмүүсийн амьдрал нь жигд гэж тооцогддог Шведэд хүртэл баян, ядуугийн тухай яригдаж байна. Чили, Мексик гээд манай гишүүн орнуудад ч яригддаг. Гэхдээ миний бодлоор тухайн улсын засаглал ардчилсан байгаа эсэхээс үл шалтгаалан баян, ядуугийн ялгаа дэлхий даяар үүсч байна. Энэ нь дэлхийн зах зээл өөрөө даяаршсан, зах зээл чөлөөлөгдөж либераль болсонтой холбоотой. Мөн мэдээлэл технологийн хөгжил дэвшлийг дагаад эдийн засагт өөрчлөлт орсноор ийм үр дүн гарч байгаагаас биш улс орны төр засаг ардчилсан байснаас болж байгаа юм биш. Ер нь ардчилсан засаг яагаад хамгийн үр дүнтэй хэлбэр вэ гэвэл тухайн улс орныг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд хүмүүсийн эрх, эрх чөлөөг хангах чухал байдаг. Үүнийг бүрдүүлснээрээ ардчилсан засаг давуу талтай.

Хоёрдугаарт нь, ардчилсан засаглалыг хүмүүс нь дэмжиж байж улс орондоо үр дүнтэй байж чадна. Харин хүмүүсийн итгэлийг олж авахын тулд ялангуяа хуулийн засаглалтай буюу парламентын тогтолцоотой улс орнуудад улс төрийн намуудад иргэд нь итгэдэг байх нь хамгийн чухал. Улс төрийн намуудын санхүүжилт, үйл ажиллагаанууд нь тунгалаг хариуцлагатай байж хүмүүс итгэнэ. Улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны оновчтой эрхзүйн орчинг бүрдүүлэх замаар иргэдийн итгэлийг олж авна. Энэ тал дээр улс төрийн намууд анхаарсан нөхцөлд ардчилсан засаглалыг хөгжүүлэх зөв алхам болно. Ийм нэг үг байдаг. “Итгэл явган ирдэг. Хэрвээ итгэлийг алдах юм бол морь унаад давхиад явдаг” гэдэг. Түүнтэй л ижил.

-Сонгууль болгоны дараа булхай, луйвартай боллоо гэсэн хэл ам гардаг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийг жижиг мажоритар системээр явууллаа. Үүнийг ухралт болсон гэж шүүмжлэх хүмүүс бий. Сонгууль ямар хэлбэрээр явагдвал хамгийн тохиромжтой байдаг вэ?

-Монголын практик дээр дүн шинжилгээ хийгээгүй учраас ерөнхий зүйлийг л хэлье. Аливаа улс оронд сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлыг хугацааны хувьд сонгуультайгаа тулгаж хийх нь тохиромжтой биш байдаг гэсэн туршлага харагддаг. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох процесс мэдээж явагдах хэрэгтэй. Гэхдээ өөрчлөлтийг тулгаж хийвэл хүмүүст хүрэхдээ учир дутагдалтай шүү дээ. Мөн системийн хувьд мажоритар, пропорциональ гэхээсээ холимог хэлбэрээр байвал илүү тохиромжтой гэсэн бодолтой байдаг. Ялангуяа тухайн улс орны хүмүүсийн суурьшсан байдал тархай бутархай зэрэг онцлогтой байгаа нөхцөлд холимог байх нь тохиромжтой. Энэ талаар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас ч тайландаа дурдсан байсан. Дараагийн нэг зүйл бол сонгууль явагдаж дууссаны дараагаас улс төрийн намууд хамтраад сонгуультай холбоотой гарсан маргааныг шийдвэрлэдэг тогтолцоо, системтэй болох юм. Ингэвэл сонгуулийн тогтолцоо илүү бат бөх, тогтвортой болж чадна.

-Сонгууль дээр нэмээд асуухад эмэгтэйчүүдийн нэр дэвших квот 30 хувь байлаа. Өнгөрсөн сонгуулийн өмнө 20 хувь болгосон. Ер нь эмэгтэйчүүдийн нэр дэвших квот хэдэн хувьтай байх ёстой юм бэ?

-Тухайн улс орны засгийн эрхийг барьж байгаа хүмүүс нь нийгмийнхээ төлөөлөл болно гэдэг утгаараа тэнцвэртэй байх нь тухайн улс орны ардчилал тогтвортой байхад хамгийн гол нөлөөтэй. Энэ утгаараа эмэгтэйчүүд улс төрд байх эсэх дээр ямар ч маргаан байхгүй. Тухайн улс орон авьяас чадвар, оюун ухааны 50 хувь нь эмэгтэйчүүд гэдэг утгаараа түүнийг огт ашиглахгүй байна гэдэг зохимжгүй. Яагаад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо доогуур байна гэхээр олон зуун жил эрх мэдлийг эрэгтэйчүүд гартаа авдаг байсан учраас процесс нь удаан байгаатай л холбоотой. Тухайлбал, Швейцарь улс харьцангуй ардчиллыг хөгжүүлж байгаа орон гэхэд тэнд эмэгтэйчүүд нь сонгуульд оролцож саналаа өгөх эрхийг дөнгөж 20 дугаар зууны хоёрдугаар хагаст олж авсан байх жишээтэй. Энэ бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх л оронд тулгамдаж байгаа асуудал. Тиймээс нийгмийн сэтгэлгээг өөрчилж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэхийн тулд квотын систем шилжилтийн үеийн гол арга хэрэгсэл гэж олон оронд ашиглаж байгаа. Квотын системийг нэвтрүүлж ашиглахдаа хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, нь квотын тоо өндөр байх тусмаа зүгээр. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн нэр дэвших эрх 20 биш ядаж 30 хувь байх юм бол тохиромжтой. Хоёрдугаарт, хэрвээ пропорциональ тогтолцоотой бөгөөд намын жагсаалт гаргаж байгаа тохиолдолд эмэгтэйчүүд тэр жагсаалт дээр ямар байр суурьтай байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Жагсаалтын хамгийн сүүлд эмэгтэйчүүдийг тавилаа гэхэд төрийн эрх барих байгууллагад орох магадлал багасна шүү дээ. Мөн Засгийн газрын гишүүнээр эмэгтэй сайд томилох гэж байгаа тохиолдолд аль болох чухал салбарууд дээр байлгах тусмаа зөв зүйтэй.

-АСДҮОУХ-ийн өмнөх хуралдаан Швейцарьт болсон. Өнөөдөр манай улсад эхэлж байгаа хуралдаан ямар онцлогтой болох бол?

-Монголын талаас зохион байгуулж байгаа хүмүүс маш их хүчин чармайлт тавьж байна. Ялангуяа уулзалтын дэд сэдвүүд нь их өргөн хүрээтэй байгааг хэлэх хэрэгтэй. Мөн хуралд дэлхийн өндөр түвшний энэ чиглэлийн мэргэшсэн экспертүүдийг урьж оролцуулахад хүчин чармайлт гаргасны хүчинд олон улсын гол гол байгууллагууд бүгдээрээ иржээ. Энэтхэг, Индонези гээд энэ бүс нутгаас мөн өндөр түвшний экспертүүд ирж санал бодлоо хуваалцах гэж байгаад баяртай байгаа. Энэ хурлын гол ач холбогдол бол улс орнууд ардчиллыг хөгжүүлж байгаа процессынхоо хамгийн шилдэг практикаа хуралд гаргаж ирж хуваалцах юм. Ингэснээр харилцан бие биенээсээ суралцах боломж байгаа учраас олон улсад оруулж байгаа хувь нэмэр гэж үзэж болох юм. Манай байгууллага энэ хурлаас гарсан дүгнэлтийг олон улсад хэвлэл мэдээллээр хүргэнэ.

-Та манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Ардчиллын замаар замнах бааз сууриа бий болгоод цаашаа урагшилна гэсэн итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Эдийн засгийн хүндрэл бэрхшээл аль ч оронд тохиолддог. Дэлхийн олон оронд ядуурал, ажилгүйдлийн асуудал бий. Түүнийг даван туулж болдог. Харин ардчиллын тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх итгэл үнэмшлээ алдах юм бол хамгийн аюултай. Тийм учраас монголчуудын хувьд цаашдаа ардчиллыг хөгжүүлэх чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллана гэж итгэж байна.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *