Categories
мэдээ нийгэм

Итгэлцлэлд үүссэн аман гэрээ


Иргэд, тэр дундаа оюутан залуус цагийн ажил эрхлэхэд хөдөлмөрийн эрх зүйн мэдлэггүйн улмаас хөдөлмөр эрхлэлтийн золиос болох тохиолдол их байна. Хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогчдын эргэн тойронд тохиолдсон кэйсүүд, хууль зүйн үндэслэл, гаргалгааг тойрсон эрэн сурвалжлага хийлээ.


Манай улсын хүн амын гуравны нэг хувийг хөдөлмөрийн насныхан эзэлдэг бол тал хувийг нь залуучууд эзэлдэг байна. Залуучууд буюу хөдөлмөрийн насныхан олон байна гэдэг нь манай улсын хүн амын бүтээмж ихсэж, үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийн төвшин сайн байх боломжтой гэсэн үг юм. Тэгвэл манай улсад нийт ажиллах хүчний оролцооны төвшин 62.1 хувь байдаг бол нийт залуучуудын хөдөлмөр эрхлэх төвшин 6.0 хувьтай байдаг байна. Үүнээс эрэгтэйчүүдийн 3.4 хувь, эмэгтэйчүүдийн 2.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоон судалгааг Үндэсний Статистикийн Хорооноос гаргажээ.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Хөдөлмөр эрхлэлт нь иргэн бүр ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай тухтай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг хангахад чиглэх бөгөөд иргэдийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, орлогын төвшин, амьдралын чанараа дээшлүүлэх үндсэн баталгаа, улс орны хөгжлийн үндэс болдог. Тэгвэл манай улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүст нийтлэг тохиолддог асуудал бол цалин хөлс, урамшууллаа цаг тухайд нь авч чаддаггүй мөн хууль зүйн мэдлэггүйгээсээ болж ажлаа итгэлцэл дээр буюу аман тохиролцоогоор хийн гэрээ байгуулдаггүй байна. Үүнээс үүдэн хохирол амсах тохиолдол их байгаа юм. Тухайлбал, шүүхийн байгууллагаар хянан шийдврэлэгдэж буй хэрэг маргааны эхний гуравт нь хөдөлмөрийн маргаан ордог талаар “Глоб Интернэйшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн дурдсан юм. Ийнхүү бид 81 хүнийг түүвэрлэн сонгон судалгаа авсан юм.

Судалгаанд оролцогчдын 61.7 хувь буюу 50 хүн нь оюутан гэжээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд оюутан залуус зуны амралтаараа амрахаас илүүтэй хагас болон бүтэн цагийн ажил хийх тохиолдол түгээмэл болсон. Энэ үед зарим байгууллага тухайн оюутанд ажлын хөлсийг нь өгөхгүй, цалингаас нь суутгаж өгөх эсвэл бүр туршилтын журмаар ажиллуулах нэрэн дор хөдөлмөрийн мөлжлөгт оруулах зэрэг олон зөрчил гардаг нь нийтлэг үзэгдэл байсаар байна. Үүнийг ажил олгогч болон ажилтан нь аль аль талаасаа хууль журмаа дагалгүйгээр буюу гэрээ хийлгүйгээр амаар тохиролцдогтой ихээхэн хамаардаг гэж үзэж болох юм.

Харин ажил олгогч, ажилтан хоёр ямарваа нэг ажлыг бүтэн болон хагас цаг хэмээн ялгалгүйгээр, ямар ч тохиолдолд гэрээ байгуулснаар ажилтан цалин хөлсөө хууль журмын дагуу бүрэн авах, цаашлаад олон давуу талыг эдлэх боломжтой юм. Мөн “Глоб Интернэйшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнгийн хэлж буйгаар шүүхийн байгууллага дээр хянан шийдэгдэж буй хөдөлмөрийн маргааны тухайд ажил олгогч, ажилтан хоёр ямар нэг гэрээ байгуулсан тохиолдолд аливаа асуудал үүслээ гэхэд тухайн хэрэг 90 хувьтай ажилтны талд шийдэгддэг гэсэн байна. Шүүхийн шийдвэр дийлэнхдээ ажилтны талд шийдэгддэг учир нь ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн харилцааны суурь ойлголтыг мэддэггүй мөн зөв хэргэлдэггүй болж таарч байгаа юм. Судалгаанд оролцогчдоос хөдөлмөрийн гэрээний тухай асуухад сонирхолтой үр дүн гарчээ.

ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ТУХАЙ

Хөлсөөр ажиллуулах гэрээг цагийн ажилтан, оюутан, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй улирлын шинж чанартай байгууллага мөн тогтмол ажил эрхэлдэггүй хүн зэрэг хүмүүс хоёр талд амаар тохиролцоод бичгээр үйлдэхэд гэрээ хүчин төгөлдөр болдог байна. Энэхүү гэрээг хувь хүн хооронд, хувь хүн байгууллага хооронд, байгууллага байгууллага хооронд хийх бололцоотой.

Хөлсөөр ажиллах гэрээний хувьд ажилтаны зүгээс тохиролцсон ажил, үйлчилгээг заасан хугацаанд гүйцэтгэх, харин нөгөө талаас ажил олгогч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг хоёр талт гэрээ юм.

Энэхүү гэрээ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөр эрхлэгч ажил олгогч хоёрын хооронд үүсдэг нийгмийн түгээмэл харилцааг болж байдаг. Гэрээний зүйлд бүх төрлийн ажил үйлчилгээ байх боломжтой. Тухайлбал, хэн нэгний гэрт тодорхой хугацаанд хүүхэд асрах, хуулийн болон өмгөөлийн үйлчилгээ үзүүлэх, эсвэл бүр хэсэг хугацаанд барилга дээр шороо зөөх ч орж болох юм. Мөн иргэдийн дунд түгээмэл тохиолддог нэг төрлийн ажил нь сонгуулийн ажил юм. Бид тэгэхээр сонгуулийн ажиллахдаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг байна. Харин сонгуулийн ажил хийхдээ гэрээ байгуулсан хэрнээ цалингаа авч чадаагүй тохиолдлууд нэлээдгүй байдаг. Тэгвэл үүнийг шүүхээр яваад шийдвэрлэж болох уу гэвэл хараахан шийдвэрлэх боломжгүй байдаг байна. Учир нь гэрээний нөхцөлд “ялсан тохиолдолд цалин урамшуулал олгоно” буюу болзолт нөхцөл тавьдаг байна. Иймд ажилтаны зүгээс аливаа гэрээний нөхцлүүдийг ойлгон унших, ойлгомжгүй зүйл байгаа тохиолдолд ажил олгогчоос асууж тодруулах шаардлага үүсэж байгаа юм.

11 ажил олгогч нартай холбогдон үзэхэд бүгд хөдөлмөрийн гэрээ байгуулдаг, ирж уулзаж мэдээлэл авна уу гэцгээж байсан. Гэтэл бодит байдал дээрээ ямар байгааг судалгааны хохирогчдын тооноос харж болохоор байна.

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ГЭДЭГ НЬ

Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь нэг талаас ажилтан, ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин, хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. Энэ нь талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл юм.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ажилтан хоёр заавал бичгээр байгуулна. Мөн бичгээр байгуулахдаа заавал гарын үсэг зурж баталгаажуулах хэрэгтэй байдаг. Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн тухай хуулиар үндсэн дөрвөн нөхцөлийг заавал тусгасан байх шаардлагатай байдаг байна.

Нөхцөл нэг: Ажлын байр буюу албан тушаалын нэр

Нөхцөл хоёр: Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг

Нөхцөл гурав: Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ

Нөхцөл дөрөв: Хөдөлмөрийн нөхцөл

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд тусгах ёстой чухал зүйл нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох буюу цуцлах үндэслэл юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлд зааснаар ажил олгогч болон ажилчин хоёрын хоорондын санаачлагчаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ба ажилтан, ажил олгогчид 30 хоногийн өмнө бичгээр өгсөн байх шаардлагатай байдаг байна.

Үндсэн хуульд зааснаар монгол улсын иргэн бүр ажил мэргэжилээ чөлөөтэй сонгох цалин хөлс авах гэж заасан байдаг. Цаашид ажил хийхдээ ажил олгогчтойгоо аман тохиролцооноос илүүтэй олон төрлийн цаасан гэрээнээс өөрт тохирох гэрээг нягтлан сонгон авч гэрээ хийх нь дараан гарах олон сөрөг үр дагвараас сэргийлж чадах үндэс юм.

Иргэн бүр ажил хөдөлмөр эрхлэлттэй холбоотой эдлэх эрхээ мэддэг болсон цагт ажлын хөлсөө дутуу авах, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, бусад эрхээ зөрчүүлэхгүй байх боломжтой.

ХИС-ийн Сэтгүүл зүйн ангийн оюутнууд.

“Эрдүнэ” баг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *