Categories
гадаад мэдээ

Испанийн эрх баригч нам олонхийн суудлаа алдлаа

Испанид өнгөрөгч ням гарагт парламентын сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Улмаар өчигдөр сонгуулийн санал хураалтын дүн гарч, эрх баригч нам олонхийн суудлаа алдлаа. Сонгуулийн хорооноос мэдээлснээр хэдийгээр Ерөнхий сайд Мариано Рахойгийн тэргүүлдэг эрх баригч Олон нийтийн нам энэ удаагийн сонгуульд улс төрийн намууд дундаа хамгийн олон суудлыг авсан хэдий ч, олонхи болж чадаагүй аж. Тиймээс дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломжгүй болж, бусад намтай эвсэж, эвслийн Засгийн газар байгуулах шаардлагатай тулгарсан байна. Санал тооллогын ажиллагаа бараг дуусч байхад Олон нийтийн нам нийт 350 суудалтай парламентын доод танхимд 123 суудлыг авсан байсан бол Социалист нам 90, Подемос нам 69 суудлыг авч чаджээ.

Харин Либериал Иргэний нам 40 суудлыг авч, дөрөвдүгээрт бичигдэж байна. Сонгогчдын дунд бухимдал, үл итгэх байдал газар авсан энэ үед Либериал Иргэний нам, Подемос гэсэн хоёр нам анх удаагаа парламентын сонгуульд улс төрийн томоохон хүчнүүдтэй өрсөлдсөн нь энэ юм. Сонгуулийн дүнд тус хоёр нам чамлахааргүй амжилт гаргасныг энэ удаагийн дүн харуулж байна. Харин Олон нийтийн нам болон Социалист намын хувьд 30 гаруй жилийн турш Засгийн газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа билээ. Сонгуулийн дүн нэгэнт гарсаны дараа Подемос намын төлөөлөгч Иниго Эррижон мэдэгдэл хийж, энэ үеэр “Сонгуулийн санал хураалтын дүн Испанийн хоёр томоохон улс төрийн хүчний эрин үе дуусч буйг харууллаа” хэмээн мэдэгджээ. Эрх баригч намын хувьд энэ сонгуульд 176 суудлыг авч байж, дангаараа Засгийн газар байгуулах боломжтой болох байв. Тэд өмнө нь парламентад 186 суудлыг эзэмшдэг байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *