Иргэн Ж.Одонгоотой ярилцлаа. Тэрбээр Төрийн ордонд болсон нээлттэй сонсголын үеэр бухимдлаа илэрхийлж Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нарыг хулгайч хэмээн цоллоод хөөгдөж гарсан юм.
-Энэ сарын 21-ний өдөр Төрийн ордонд нээлттэй сонсгол болсон. Энэ үеэр та их бухимдаж байна лээ. Ямар асуудал таныг тэгж “шатаав”?
-Нийгмийн сэтгэл зүй тэсрэхэд бэлэн байна. Жаахан тэсээд л яваад байна. Ил гарч байгаа нь л миний жишээ. Ийм нийгэмд хүн бүрийн дотор л шатаж байгаа. Тэр өдөр бухимдсан шалтгаан нь нээлттэй сонсголын үеэр надад үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломж олдоогүй. Гэтэл хамт орсон зарим хүмүүс нь санаагаа хэд хэдэн удаа давтаж хэлж санаатайгаар цаг авч байлаа. 11:00 цагаас хойш орой болтол хүлээтэл надад боломж олгоогүй. Ингээд л зааланд суусан С.Амарсайхан, Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нарт хандаж “Та нар зайл. УИХ тарах ёстой” гэж хэлээд хулгайчаар нь дуудаад хэлэлцүүлгээс хөөгдөж гарсан. Болсон үйл явдал товчхондоо ийм. Хүн бүр үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрхтэй талаар Үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Гэтэл тэд толгой хууль болох Үндсэн хууль дээгүүр давж гишгэж үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хааж байна шүү дээ.
-Хэлэлцүүлэг ямар болов. Үр дүн гарав уу. Та яаж харж байна вэ?
-Залуучууд зөв санаа хэлж л байна лээ. Хажуугаар нь троллууд ч сууж байсан. Ард түмний их хурлыг явуулах санал огт дурдагдаагүй. Намайг “шатаасан” гол шалтгаан нь энэ. Миний тухайд 2020 оноос хойш жагсаал цуглаанд идэвхтэй оролцож ирсэн. Үлдсэн амьдралаа тэмцэл хийхэд зориулмааргүй л байх юм. Тусгаар тогтносон эх орондоо сайхан л амьдармаар байна. Харамсалтай нь хууль тогтоох дээд байгууллагад суусан хулгайч нар ард иргэдийн эсрэг ажиллаж, зарим тохиолдолд хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байна. Нээлттэй сонсгол тодорхой үрд дүнд хүрсэнгүй.
-Та нээлттэй сонсголд ямар илтгэл бэлдсэн юм бэ. Манай индэр танд нээлттэй байна?
-Гол агуулга нь УИХ-ыг тараах. Хулгайч хулгайчаа барьдаггүй. Нүүрсний хулгайн асуудалд эрх баригчид бүгд холбоотой гэж харж байгаа. Жагсаал хийж байсан иргэд Төрийн ордон руу ороход гишүүд бүгд өрөөний үүдэн дэх нэрээ авчихсан байсан. Нүүрсний хулгайд оролцоотой гэх баталгаа нь энэ болов уу. Нүүрсний хулгайн асуудалд сөрөг хүчний цөөхөн хүний нэр зарлаад ард нь том хулгайч нар нь гэмгүй царайлж суугаад үлдэж байна. Эрх баригчид өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хуулийг таван минутад л баталдаг. Ард түмний эрх ашиг хөндөгдөхөд хөдөлж өгдөггүй. Тэд нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллах үүрэгтэй хүмүүс. Эсрэгээрээ хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг. Захын жишээ татаад хэлэхэд, утаагүй түлш гэж юмыг нэвтрүүлснээр хэдэн хүн угаартаж нас барав. Ганцхан жишээ онцлоход л ийм. Утаагүй түлш гэх зүйлд угаартаж олон хүн үхсэн шүү. Энэ хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хүмүүс нь өнөөдөр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг барьж хорих тушаал өгөөд сууж байна.
-УИХ-ыг тараах нь ямар үр дүнтэй юм бэ. Ямар үндэслэлээр тараана гэж та хэлж байна вэ?
-Би олон удаагийн жагсаалд нэгдэж үзэл бодлоо илэрхийлж байсан. Юу ч хийхгүйг нь олон удаа харлаа. Ард түмний онц их хурлыг зарлах нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ажил. Ард түмэн нийтээрээ хүсч байгаа тохиолдолд онц их хурал зарлах нь У.Хүрэлсүхийн үүрэг. Үүнийг онцлоод байгаа нэг шалтгаан нь энэ УИХ хар хайрцагны луйвраар гарч ирсэн нь нотлогдсон. 2020 онд нийгмийн сэтгэл зүй МАН-ыг зүхэж байсан ч илт давуу гарч ирсэн. Төрийн эрхийг хууль бусаар авсан хууль бус Ерөнхийлөгч, хууль бус УИХ тарах ёстой. Энд дурдсан үндэслэлүүд УИХ тарахад хангалттай шалтгаан.
-Ингэхэд таныг цагдаа нар ээрээд байх юм билээ. Ямар шалтгаантай юм бэ?
-2020 онд хятадуудын араас дагаж лайв хийхэд хуурамч мэдээлэл тараасан гэх шалтгаанаар баривчлаад миний цахим хаягийг устгаж байсан. Энэ нэг удаагийн тохиолдол биш. У.Хүрэлсүхийг тангараг өргөх үеэр талбай руу орохыг завдсан гээд л баривчилсан. Залуус талбайд жагсаж үзэл бодлоо илэрхийлж байхад лайв хийсэн гэх шалтгаанаар мөн л миний цахим хаяг руу халдаж устгасан. Миний цахим хаягийг таван ч удаа устгасан байдаг. Энэ бүхэн хүний эрхийг зөрчиж, дарангуйлж байгаа үйлдэл. Хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрийлэхэд л баривчилдаг, цахим халдлага хийдэг энэ бүх үйлдэл нэг намын дарангуйлал тогтсоныг харуулж байгаа хэрэг. Хууль зүйн сайд Х.Нямбаатар гэж хүн эх орны төлөө ам ангайсан бүхнийг захиалгатай байна гээд л шууд ялладаг жишиг тогтоочихож. У.Хүрэлсүх ч хужаа гэж дуугарсан бүхэнд төр төмөр нүүрээ харуулна гэж сүрдүүлж байсан. Тэр бүхэн биеллээ олсон. Г.Тулга, Ч.Мөнхбаяр гээд үндэсний эрх ашгийн төлөө хэн дуугарч байна, тэр бүхнийг барьж хорьсон.
-Сая төв талбайд үзэл бодлоо илэрхийлж байсан залуусыг баривчилсан уу. ЦЕГ-аас эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх мэдээлэл хэлж байна лээ?
-Илтэд худал мэдээлэл тарааж байна лээ. Үзэл бодлоо илэрхийлж тайван замаар жагссан залуусыг эмнэлэгт үзүүлнэ гэж худлаа хэлж авч яваад 111-д хорьсон. Үзэл бодлоо тайван замаар илэрхийлж байгаа иргэдийг тараахаар хэдэн мянган цагдаа ирж баривчилсан. Хүний эрхийг уландаа гишгэсэн. Нээлттэй сонсголын үеэр танхимд сууж байсан П.Оростогоо хурандаагаас үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг баривчилж байгаа шалтгааныг тодруулахад “Тийм асуудал болоогүй” гэж илэрхий худал хэлж байгаа юм. Хэдхэн минутын дараа өнөөх хурандаа гараад явсан. Араас нь гараад ирэхэд л талбайд байсан хүмүүсийг бүгдийг нь баривчилсан байна лээ. Баривчлагдсан залуустай одоог хүртэл холбоо барьж чадахгүй байна. Суллагдсан эсэхийг нь мэдэхгүй.