Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг олон улсын туршлага, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд хойшлуулахаар Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн корпораци, Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК болон арилжааны банкууд хамтран дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд:
1. Орон сууцны ипотекийн 8, 6 болон таван хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаснаар зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх
2.Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө харилцагч банкиндаа цахим хэлбэр (цахим хуудас, имэйл, гар утасны банкны апликэшн, утас зэрэг)-ээр гарган төлбөрөө хойшлуулах боломжтой.
3. Зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй бөгөөд хойшлуулсан хугацаанд хүү тооцогдохгүй. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуултад өгсөн хариултыг https://www.mongolbank.mn/documents/news/communication/Mortgage-11.20.2020-last-version-1.pdf энэ холбоосоор орж уншина уу.