Төрийн албан хаагчдын 2019 оны цалин хөлсний талаарх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр өнөөдөр МҮЭ-ийн холбооны байранд боллоо.
Хэлэлцээрт ХНХ-ийн сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын тэргүүтэй гишүүд цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрт хүрлээ.
1. Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авч, 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
2. 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 266.0 тэрбум төгрөгөөс доошгүй эх үүсвэрийг тусгана.
Хэлэлцээрийн талууд гаргасан шийдвэртээ гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ХНХ-ын сайд С.Чинзориг УИХ-д танилцуулна гэдгээ энэ үеэр илэрхийллээ.