Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр сонслоо. Асуулгын хариуг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр, Хүний хөгжил сангаас шилжин ирсэн өр төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгаснаар Ирээдүйн өв санд хуримтлал үүсэж эхэлсэн хэмээгээд, 2022 оны жилийн эцсийн байдлаар тус санд 2,7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн гэв.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2020 онд, сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулах тухай, 2022 онд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилна гэж заасан. Үүний дагуу 2023 онд тус санд 550 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд 2024 онд 1.3 их наяд төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэхээр байгааг Сангийн сайд мэдээлэлдээ дурдав.
Сангийн яам нь тус сангийн хөрөнгийн удирдлагын хэрэгжүүлэхдээ хуримтлуулсан хөрөнгийн найдвартай, аюулгүй байдлыг хангахад анхаарч байгааг тэрбээр онцлоод, хуульд заасны дагуу 2024 оны 12 сарын 31 гэхэд бий болох 4.3 их наяд төгрөгийн хуримтлалыг 2025 онд Ирээдүй өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацид хүлээлгэж өгөхөөр бэлтгэл ханган ажиллаж байна гэлээ.