Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах санал гаргажээ.
Тодруулбал, Ковидын хуулийн дагуу айл өрхүүдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг энэ он дуустал хойшлуулаад байгаа билээ. Уг асуудалд УИХ-аас ажлын хэсэг гарган уг шийдвэрийг үргэлжүүлэх эсэхийг судалж буй юм. Тэгвэл ажлын хэсгээс 2023 оны долдугаар сарын 1 хүртэл шийдвэрийг үргэлжлүүлэх саналтай байгааг илэрхийлжээ. Шийдвэрийг энэ долоо хоногт эцэслэн шийдэх аж.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Ипотекийн зээлийн хөтөлбөр бол амжилттай явж байгаа хөтөлбөр. Цар тахал болон геополитикийн нөхцөл байдлаас болж өмнөхөөс өөр нөхцөл байдалтай байна. Хуулийн хугацаа дууссан ч ямар нэг байдлаар ипотекийн зээл авах гэж байгаа хүмүүсийг хохироохгүйгээр шийдээд явна” гэжээ.