УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Гадаад орчны амаргүй нөхцөл байдал шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хэдий ч манай улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөн байна. Нүүрсний экспорт эрчимжиж, тээвэр, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл сайн байсан нь нийт өсөлтийг голлон тэтгэсэн аж. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг энэ онд уул уурхайн салбар голлон тэтгэж, өсөлт 6 орчим хувьтай байх, экспорт саадгүй үргэлжилбэл ирэх онд энэхүү өсөлтийг хадгалах бололцоотой гэсэн тооцоолол гарчээ. Инфляцыг дунд хугацаанд 6 хувийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тус тогтоолд тусгажээ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд тогтвортой өсөх, хувийн секторын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн хөшүүрэг болох юм. Цаашид Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг тодруулсан юм. Түүний асуултад Монголбанкны зүгээс “Ипотекийн зээлийн хөтөлбөр нь 2013 оноос эхлэн хэрэгжсэн. Өнгөрсөн хугацаанд 115 мянган өрхөд 7.2 их наяд төгрөгийн зээлийг олгосон байна. Үндэсний орон сууцны корпорацийг байгуулах хүртэл уг хөтөлбөрийг төв банк хэрэгжүүлж явах шийдэлд хүрсэн. Иймд УИХ-аас тус банканд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх олгосон тогтоол, түүнтэй адилтгах түвшний эрх зүйн шийдвэрийг гаргаж өгөх шаардлагатай.
Хэрэв тус шийдвэрийг гаргасан тохиолдолд төв банк ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Одоогийн байдлаар арилжааны банкуудад ойролцоогоор 17 мянга орчим зээлийн өргөдөл хүлээгдэж байна. Уг зээлийн хөтөлбөр хэвийн хэмжээнд хэрэгжсэн тохиолдолд нэг жилд 600-700 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдох юм. Ингэснээр нийгэмд үүсээд буй хүлээлт тодорхой хэмжээнд шийдэгдэх бололцоотой” гэсэн тайлбарыг өглөө.