Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Интермед” эмнэлэг өнгөрсөн жилийн хугацаанд 10 мянга гаруй хүнд үйлчилжээ

Гадаадад эмчлүүлэх урсгалыг багасгахын тулд дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ явуулдаг “Интермед” эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхлээд нэг жил болжээ. Ойн хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө” уриалга гарган эрүүл мэндийг дэмжих гурван сарын аян эхлүүлсэн байна. Аяны хүрээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор хоногийн үнээ 90-100 мянган төгрөгөөр хямдруулжээ. Мөн сайн үйлс хийхийг уриалан эмзэг бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийхийн зэрэгцээ тоглоом, ном, хувцас зэргийг бэлэглэсэн байна. Хүүхдүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй иргэнд үнэ төлбөргүй үзлэг хийн оношилжээ. Бүтэн жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа иргэдээс онц үнэлгээ авсан тус эмнэлэг дээр очлоо. Өвчтөн хүлээж авах танхим нь дотно сэтгэгдэл төрүүлэхээр дизайнтай юм. Бүртгэлийн ажилтан орж ирсэн хүмүүсийг бүртгэж аваад карт нээж өгөх ажээ. Карт нээлгэснээр тухайн өвчтөний түүх үүсэж байгаа гэсэн үг. Үүнийхээ дараа биеийн өндөр, жингээ хэмжүүлж цусны даралт, захын мэдрэлийн судсан дахь хүчилтөрөгчийн хэмжээгээ үзүүлээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлдэг юм байна. Ингээд эмч нар шаардлагатай үйлчилгээгээ хийгээд явах ажээ.

Тус эмнэлгийн давуу тал нь урьдчилан сэргийлэх үзлэгийн төвтэй. Энд нүд, чих, ходоод, бүдүүн гэдэсний дуран, ЭХО, зүрхний бичлэг, уушгины үйл ажиллагаа, биеийн бүтэц тогтолцооны шинжилгээ, цус, шээс, өтгөний зэрэг бүх төрлийн шинжилгээ хийдэг. Ямар ч насны хүмүүс тус төвд хандаж шинжилгээ хийлгэж болох бөгөөд эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулж хавдар зэрэг далд явцтай өвчнийг эрт илрүүлэх боломжтой юм байна. Тухайлбал, тус төвийн шинжилгээнд хамрагдсанаар хавдрыг эрт үед нь илрүүлэх, элэгний В, С вирусыг эрт оношлох боломжтой ажээ. Нэг жилийн дотор тус төвөөр 10 мянга гаруй хүн үйлчлүүлсэн бөгөөд тэдний 80 орчим хувь нь ямар нэгэн өвчин эмгэгтэй байсан гэнэ. Урьдчилан сэргийлэх төв нь үзлэгийн, чиглэсэн, бусад гэсэн гурван төрлөөр багц шинжилгээ хийлгэх боломжтой бөгөөд төрлөөсөө хамаарч 216 мянгаас 3.5 сая төгрөгийн үнэтэй юм байна. Бас нэг онцлог нь байгууллагад зориулсан багц шинжилгээ хийх юм билээ. Тухайн байгууллага ажилтнууддаа шинжилгээ өгөх захиалга өгвөл үйл ажиллагааны онцлогт тохируулан оношлох ажээ. Тус төвийн тасгийн эрхлэгч Ц.Батхишиг “Манай төвд хийгдэж байгаа шинжилгээг хийлгэхээр гадагшаа явах хүмүүс их байсан. Харин манайх нэг дор төвлөрсөн үйлчилгээ явуулж эхэлснээр гадагшаа явах урсгал багассан байх. Иж бүрэн шинжилгээнд ороход дээд тал нь дөрвөөс таван цаг болно. Шинжилгээний хариу төрлөөсөө хамаарч тухайн өдөртөө юмуу 2-3 хоноод гарна. Нэмж хэлэхэд манай эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар гадаадын өндөр хөгжилтэй улсад мэргэжил дээшлүүлсэн хүмүүс байдаг. Тэгэхээр шинжилгээний хариуг дүгнэж оношлох бүрэн дүүрэн чадвартай” гэв.

Бас нэг давуу тал нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй дүрс оношилгооны тасагтай. Дэлхийд тэргүүлэгч “Siemens” брэндийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж эднийд бий. Соронзон резонанст томографи, компьютерт томографи, хөхний рентген аппарат, ясны сийрэгжилтийн аппарат, өнгөт болон допплер ЭХО аппарат, зөөврийн ЭХО аппарат, хагалгааны зөөврийн рентген аппарат, шүдний дэлгэмэл аппараттай. Шинжилгээний мэдээлэл эмнэлгийн серверт 70-90 жилийн турш хадгалагдах тул хүссэн үедээ ирээд шинжилгээнийхээ хариуг авч болох ажээ.

“Интермед” эмнэлэг гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Дотроо хэвтэн эмчлүүлэх 90 ортой. Мэс засал, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, бөөр, уушги, дотоод шүүрэл, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн үндсэн тасаг, нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, арьс, харшлын нарийн мэргэжлийн кабинетуудтай ажээ. Лаборатори нь клиник лаборатори, молекул, биологи, нян судлал, эд эсийн шинжилгээ хийдэг. Бүх тоног төхөөрөмж нь Япон, ХБНГУ, БНСУ, Швейцарь зэрэг өндөр хөгжилтэй улсын хамгийн сүүлийн үеийн брэндийнх юм байна. Харин удирдлагын бүтцэд гадныхан ажиллаж байгаа бөгөөд Америкийн “United family” эмнэлгийн сүлжээнд нэгдэн тэдэнтэй ижил түвшний үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Тус эмнэлгийн бас нэг давуу тал нь гишүүнчлэлийн үйлчилгээтэй. Хэрэв та гишүүнчлэлд хамрагдвал долоо хоногийн аль ч өдрийн хүссэн цагтаа дуудлагын үйлчилгээ авч болно. Бас зарим үйлчилгээг төлбөргүй авах, хөнгөлөлт эдлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад хамрагдах гэхчлэн үйлчилгээг авах эрхтэй болох юм байна. Гишүүнчлэлд хамрагдах бол хувь хүнийх эсвэл гэр бүлийнхийг сонгох боломжтой. Хувь хүн гишүүнчлэлийн төрлөөс хамааран 700 мянгаас 1.7 сая төгрөгийн төлбөр төлөөд бүтэн жилийн турш дээрх үйлчилгээг авч болох юм. Харин гэр бүлийн гишүүнчлэлд 2-6 хүнтэй айл хамрагдаж болох бөгөөд 1.4-5.1 сая төгрөг ажээ.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *