Categories
мэдээ нийгэм

Индонезид Монголын соёлын өдрүүдийг тэмдэглэлээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам, Индонезийн Сурабаяа хот дахь Өргөмжит консулын газартай хамтран Монголын соёлын өдрүүд, Монгол Улсын ЭСЯ-ны албан ёсны нээлтийн арга хэмжээг 2015 оны 2 дугаар сарын 25-нд Сурабаяа, 2 дугаар сарын 28-нд Жакарта хотуудад тус тус амжилттай зохион байгууллаа.

Сурабаяа хотноо болсон арга хэмжээг тус хотын Орлогч захирагч Вишну Сакти Буана, Элчин Сайд Ш. Батцэцэг нар нээж үг хэлсэн бөгөөд уг арга хэмжээнд Сурабаяа хотын иргэд болон тус хот дахь гадаадын Консулын, Өргөмжит консулын газруудын төлөөлөл оролцож, Монголын түүх, соёлтой танилцав.

Жакарта хотноо болсон арга хэмжээнд БНИУ-ын Засгийн газрыг төлөөлөн Эмэгтэйчүүдийн эрхийг бэхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах сайд хатагтай Й.Йамбисэ, Үндэсний хөгжил төлөвлөлтийн сайд А.Чаниаго, Гадаад хэргийн дэд сайд А.М.Фахир нар хүрэлцэн ирж, Индонезийн яам, агентлаг, бизнесийн болон Индонезид суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид, мөн тус улсад суугаа Монгол Улсын иргэд идэвхтэй оролцов.

Нээлтийн ажиллагааны үеэр Элчин сайд Ш.Батцэцэг, БНИУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.М.Фахир, Өргөмжит консул Ч.Гозали нар үг хэлж, Монгол, Индонезийн хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоохоос өмнө хоёр орны харилцаа Монголын Эзэнт гүрний үеэс эхлэлтэй байсныг тэмдэглэв.

Соёлын өдрүүдийн арга хэмжээний үеэр “Монгол Костюмс” төвийн загвар өмсөгчид монголын үндэстний хувцас Хүннү гүрний үеэс эхлэн өнөөг хэрхэн өөрчлөгдөн хувьсаж ирснийг харуулсан хэд хэдэн цуглуулга үзүүлэхийн зэрэгцээ индонезийн болон гадаадын зочдод уртын дуу, хөөмий, морин хуурын аялгуутай танилцуулж, цам, бие биелгээ, уран нугаралт, бөөгийн бүжиг зэргийг толилуулсан нь тэдний сонирхлыг ихээр татлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *