Индонез Улсын Ерөнхийлөгч Жоко Видодо дотооддоо авлигатай тэмцэх тусгай нэгж байгуулах цагдаагийн байгууллагын санаачилгыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Тус нэгжийг байгуулах санаачилгыг өнгөрсөн сард парламентын сонсголын үеэр цагдаагийн байгууллага анхлан тавьсан бөгөөд ирэх оны эхээр албан ёсоор ажиллаж эхлэхээр төлөвлөж байна.
Ерөнхийлөгч шинээр байгуулагдах нэгж нь улс орны авлигатай тэмцэх хүчин чармайлтыг урагшлуулах чадвартай байх ёстойн дээр Авлигатай тэмцэх хороо, Ерөнхий Прокурорын газартай нягт уялдаа холбоотой ажиллах ёстой хэмээн зөвлөжээ.
Өнгөрсөн сард Индонезийн Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлтийн газрын дэд дарга Бамбанг Сунарвибовогийн мэдээлснээр цагдаагийн байгууллагын бүтэц дэх авлигатай тэмцэх нэгж нь авлигын хэргийн сэжигтнийг байцаах, мөрдөн шалгах үүрэг бүхий байгууллагуудыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Индонезийн Авлигатай тэмцэх хороо нь өнгөрсөн жилүүдэд авлигын хэрэгт холбогдуулан төрийн олон өндөр албан тушаалтныг баривчилсан. Тус хорооны томилсон тусгай тасгийн багууд албан тушаалтнуудыг авлига өгч авалцаж байхад нь газар дээр нь баривчилсаар ирсэн юм. Индонезийн хуулиар авлига өгсөн, авсан аль аль тал нь ял шийтгэгддэг.