Categories
мэдээ цаг-үе

Их зохиолчийн сэтгэл буюу “Жаргаагүй нар” жүжиг

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, УДЭТийн түүхт 85 жилийн ойн хүрээнд бүтээгдсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг нээлтээ хийлээ. Тэртээ нэгэн зууны өмнө хорвоод мэндэлж, цаг үеэсээ түрүүлэн алхсаар өдгөөгийн бидний өмнө үйл хэрэг, үзэл санаагаараа тайзнаа дахин амьдарч буй хохь тайж Дашдоржийн Нацагдорж хийгээд тухайн үеийн байдлыг мэдэрч сууна гэдэг энэ цаг үеийн аз завшаан гэлтэй. СГЗ зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазарын зохиол, драмын театрын найруулагч СТА Ч.Түвшингийн найруулгаар бүтсэн уг жүжгийг үзсэн хүний хувьд бяцхан задлал хийж уншигч олонтойгоо хуваалцахыг хүслээ.

Магад эгээрэхҮйнсэтгэл

Сэтгэлийн тухай өгүүлж буйгаас нь үзвэл жүжгийн багийнхан “Жаргаагүй нар” жүжигтээ ихээхэн сэтгэл зүтгэл гаргасан нь эхний үзэгдлээс тодорхой болов. Яагаад гэвэл хүний сэтгэл гэдэг их ярвигтай зүйл шүү дээ. Тэгтэл “Жаргаагүй нар” жүжигт их зохиолч Д.Нацагдоржийн сэтгэлийг үзэгч олонд таниулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Сэтгэл гэгч чухам ямар дүртэйг бид мэдэхгүй. Энэ бол сэтгэл шүү гэсэн гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм байдаггүй. Гагцхүү түүнийг мэдэрч л болох билээ. Тэгэхээр Д.Нацагдоржийн сэтгэл ямар байвал зохих вэ гэдэг асуудал тулгарна. Магад зохиол шигээ сайхан, өөрийнх нь дүр төрх шиг нүдэнд дулаахан байвал илүү үнэмшилтэй биш үү… Тийм ээ, ингээд, Д.Нацагдоржид тоглосон залуу жүжигчин Б.Шинэбаярын өмссөнтэй яг ижилхэн хувцас чимэглэлтэй “Магад эгээрэхүйн сэтгэл” гэх нэгэн бие даасан бодит дүр жүжигт гараад ирэх нь тэр.

Хүний сэтгэлийг дүржүүлсэн тохиолдол хэд хичнээн байдаг юм бүү мэд. Ямартай ч “Жаргаагүй нар” жүжигт “Магад эгээрэхүйн сэтгэл” гэх дүр гарч буй нь олзуурхам агаад ихийг бодуулна. “Жинхэнэ сэтгэлийг үнэн сэтгэлээр танин мэдэрч болдог” гэх эртний үг бий. Гэтэл бас сэтгэл гэдэг чинь үнэн, худал, жинхэнэ, хуурамч гэсэн хэлбэрүүдтэй байх нь. Тэгвэл тэднийг хооронд нь хэрхэн ялгаж таних юм бол?.. Физийн хичээлийн энгийн жишээнээс харахад ижил цэнэгүүд түлхэлцэж, эсрэг цэнэг таталцдаг шиг чин сэтгэлийг үнэн сэтгэл дагаж, жинхэнэ сэтгэл, хуурамч байдалтай түлхэлцдэг ажээ. Үүгээр хүний сэтгэлийг таньж болох ч юм шиг… гэсэн шүү юм бодон, элдвийг эргэцүүлж суутал Нацагдорж, Пагмадулам тэргүүтэй сэхээтнүүд маань

“…Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ ээ” гээд алс холын Герман орныг зорин одлоо.

Сурч боловсрох нь хүний эрх чөлөө. Гэвч “Гав гинжний дуутай холилдоогүй эрх чөлөөний дуу гэж нэгээхэн ч үгүй” (Дарма Батбаяр) шиг Нацагдорж, Пагмадулам, Намдаг нарын сурахаар одсон нь ч араасаа нэхэл дагуул, хараа хяналттай байсан ажгуу. Энэ нь ч “Төр, өөртэйгөө нэг орооцолцсон хүнийг дуулгавартай зарц байлгахын тулд мөлхүүлдэг, эсвэл цовдолдог” хэмээн Цэвээн багшийнх нь сануулж байсанчлан Нацагдоржид илүү хамаатай гав гинж байв. Нацагдоржийн Германд зэгсэн сайн боловсрол эзэмшье гэсэн хүсэл Бурууны хамсаатан гэж чичлүүлэх таатайхан хөрс болсон агаад, тайж угсаа, мөн язгууртан гаралтай эхнэр Пагмадуламыг нь түүний эсрэг ашиглаж болохоор байж. Тийм ч учраас Пагмадулам нөхрөө хөсөр орхид явчихаж байна. Үүгээр Пагмадуламын Нацагдоржийг гэсэн чин сэтгэлийг илтгэнэ. Хагацал гуниг, хоосон ханхай гэр, тал талаас нь чичлэх элдэв хэл амны дунд ч Нацагдорж мөнөөх “магад эгээрэхүйн сэтгэл”-ээ гээлгүй түүнтэйгээ ярилцаж, өөрийгөө чагнаж явсан нь өдгөө бидний үед тулж ирсэн чансаатай бүтээл туурвих хүч зориг нь болж байжээ. Урвагч нөхрийнхөө хуурамч сэтгэл, үнэнч найзынхаа сэтгэлийн үг хоёрын дунд ч тэр мөнөөх л “магад эгээрэхүйн сэтгэл”-ээ барьж явж. Энэ бол “Жаргаагүй нар” жүжгийн жанжин шугам байв.

Аз жаргалын

увдис

Их зохиолчийн цэл залуухан үеийн амьдралыг хоёрхон цаг үргэлжлэх жүжгээр үзүүлнэ гэдэг зохиолч, найруулагч төдийгүй, жүжгийн нийт багийнхнаас нөр их хөдөлмөр шаардсан нь дамжиггүй. Зовлон гуниг, баяр жаргалтай үе гээд хүний амьдралд тохиодог, тэр дундаа, Д.Нацагдоржид тохиолдсон бүхнээс түүвэрлэн жүжигт шигтгэжээ. Тэрхүү үйл явдлуудын нэг бол Д.Нацагдорж Нинатайгаа учирч буй хэсэг. Нацагдоржид “магад эгээрэхүйн сэтгэл”-ээс нь өөр хань нөхөр үгүй, ханхай хүйтэн гэртээ ганцаар унтаж байхад нь Нина орж ирдэг. Өөдгүй эрийнхээ гэрээс хөөгдөж, үнсэнд хаягдсан шалз шиг явахдаа Нацагдоржийг гэж зорьж ирсэн нь энэ. “Жинхэнэ сэтгэлийг үнэн сэтгэлээр танин мэдэрч болдог” гэх үгийг энд дахин хэлүүштэй. Учир нь Нацагдорж, Нина хоёр хэдий өөр өөр үндэстэн боловч, хэн нэгэн хүний халуун дулаан нөмөр нөөлөг, хайр энэрлийг үгүйлсэн чин сэтгэл нь адилхан болохоор нэгэн галыг асааж байна. Чингээд тэд Ананда Шири гэх охинтой болжээ. Нацагдоржийн цээжинд харанхуйлан байсан хагацал гунигийн бараан сүүдэр өөр нэгэн итгэл найдвар, баяр баяслын гэрэл дор улам бөгтөрсөөр байсан нь тэр биз. Өөрийн ганц баяр баясгалан болсон охиндоо өгсөн нэрийн Ананда гэдэг нь аз жаргал, Шири гэдэг нь увдис гэсэн утгатай санскрит үг ажээ. Үүнийг тэр үзэгчдэд тайлбарлан баясаж амжаагүй байтал гэргий Нина нь Ананда Шири охиныг нь аваад ор сураггүй алга болжээ. Бодвол Нацагдоржтой амьдрахад нь гадны нөлөө, заналхийлэл байсан болоод л тэр биз ээ. Яг л Пагмадулам шиг Нацагдоржийг орхин одлоо тэд. Нина, Ананда Шири, аз жаргалын увдис. Аз жаргал гэгч үнэхээр увдислаг биш үү. Нэг хүнийг орхивч өөр нэгэнд аж жаргал хэвээрээ л очих нь жинхэнэ увдис биш гэж үү.

Ананда Шири гэх санскрит үгийн утгыг тайлж үзэгчдэд таниулсан нь “Жаргаагүй нар” жүжгийн бас нэгэн өгүүлэмж байв аа. Энэ бүхний эцэст хүний жаргал ч, зовлон ч түрхэн зуурынх гэдгийг ойлгон ухаарч, эгээрэн гэгээрч буй цэл залуухан Нацагдорж: “Холхи газраас гялалзан харагдагч өнгөт од оо…” хэмээн “Од” шүлгээ уншсаар сансар хорвоогийн уудмыг зорин одном. Ингээд “Жаргаагүй нар” жүжгийг өөрийн нүдээр үзэж, сэтгэлээр тахих сэдлийг бага ч болов төрүүлсэн болов уу хэмээн үүгээр жаргаая.

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *