Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ойд зориулсан “Алтан нутаг” хүчит бөхийн барилдаан өчигдөр Аса циркэд болж өнгөрлөө. Барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, улсын начин П.Ганхүү, Б.Сангисүрэн нарын тэргүүтэй Өвөрхангай аймгийн харьяат улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос улсын заан Б.Сайнбаяр түрүүлж, улсын начин Б.Сугаржаргал үзүүрлэсан юм.
Барилдааны үеэр “Их Монголын хүчтэн” дэвжээний удирдлагыг өөрчилсөн байна.
Тус дэвжээг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар удирддаг байсан юм. Гэвч дорвитой ажил хийдэггүй, бөхчүүдийн залуу халааг бэлтгэх ажилд санаачлагагүй ажилладаг учир ийнхүү сольсон гэнэ. Нутгийн бөхчүүдийн саналаар УИХ-ын гишүүн, аварга Д.Сумъяабазар тус дэвжээг удирдахаар болжээ.
Тэгвэл тус дэвжээний шинэ удирдлага залуу халаагаа бэлтгэх болон наадмаар улсын цол авах бөхчүүдийн тоогоо нэмэхэд анхаарч бэлтгэлээ хийхээр төлөвлөжээ.