Categories
мэдээ цаг-үе

“Их Богд” дэвжээний наадмын сорилго барилдаанд цэргийн арслан Д.Цэрэнтогтох түрүүлж, улсын харцага Д.Батболд үзүүрлэв

Баянхонгор аймгийн Их Богд дэвжээний “Наадмын сорилго-2017” барилдаан өнгөрөгч долдугаар сарын 1-ний бямба гаригийн 14 цагт “Боорчийн өргөө” жуулчны баазад болох тов сонсоод зорьж очлоо. “Боорчийн өргөө” амралтын газар бол Улаанбаатар хотоос зүүн аймгууд руу явдаг замд 60 орчим километрт төв замын хойно 200 метрт байдаг. Үндсэндээ Чингис хааны хөшөөт цогцолбороос цааш таван зуухан метр газарт гэсэн үг л дээ. Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний бөхчүүд Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базаадаг байж байгаад энд хоёр дахь жилдээ гарах болсон. Дүнхийсэн арваад гэрт бөхчүүд байрлаж байна. Баруун талаас гуравдахь өргөөнд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага даш-Очирын Батболд тухалжээ. д.Батболд харцагыг бөхөд хайртай монгол түмэн андахгүй сайн мэднэ. “аврагч” спорт хороо, аврагч тусгай ангиар овоглодог тэрээр хэдхэн хоногийн өмнө хошууч цолтон болоод байгаа.

Аймгийн арслан Ц.Шийрэв багшийнхаа удирдлагаар 1997 оноос улсад барилдаж эхэлсэн түүхтэй. “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн тэрээр шуудагдаж татах дархан мэхтэй нэгэн. д.Батболд 1999 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын баяр наадамд түрүүлэн сумын заан, 2000 онд Баянхонгор аймгийн баяр наадамд үзүүрлэн аймгийн заан, 2001 онд Баянхонгор аймгийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан, 2005 онд ардын хувьсгалын 84 жилийн ойн үндэсний их баяр наадамд улсын харцага Мөнгөнцоожоор тав даван улсын начин цол хүртэн, 2009 онд зургаа даван Монгол Улсын харцага цолтон болсон байдаг.

Харцагын гэрт хэдэн хүн байна. Мэнд амраа мэдэлцэн, хөөрөг зөрүүлэн танилцацгаав. Баянхонгор аймгийн, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Олонбаярын Мөнх-Эрдэнэ гэх ажил хэрэгч залуу, “PC mall” компанийн захирал Ганбат, “Сэлба сервис” компанийн захирал, Жинст сумын уугуул С.Сэрээтэр нар нутгийн бөхчүүдийнхээ наадмын сорилго барилдааныг үзэж сонирхохоор ирцгээсэн нь тэр аж. Харцага хүрэн өнгийн монгол гутлаа өмсөж, суран тоногоор ногтолж сууна.

Монголчууд гутлыг малгай, бүстэйгээ адил хэмээн ихэд дээдэлдэг. “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал эрдэнэ” гэж хүртэл сэцлэх нь бий. Харцагын гутал нэлээд элэгдэж эдэлгээндээ бүр торго шиг зөөлөрчээ. Бөх болсноос хойш өмсөж байгаа гуравдахь гутал нь гэнэ. “Би ер нь найман жил болоод гутлаа сольдог юм. Бүүр цол ч ахина гээч. Та их сайхан асуулт тавилаа. Энэ жил гутал маань наймдахь жилээ болж байгаа юм байна” гэж ихэд бэлгэшээж байна. “Их Богд” дэвжээний галын бэлтгэл эл амралтын газарт зургадугаар сарын 18-наас жигдэрч, дөчин найман бөх бэлтгэл сургуулилт хийж байгааг “Хасу жуулчин” компанийн “Боорчийн өргөө” жуулчны баазын захирал С.Дарамсүрэн намуухан хүүрнэнэ. Улсын цолонд ойрхон яригдаж байгаа аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү, Золбоо, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох нарын олон бөх бэлтгэлд гарчээ. Батболд харцага “Энэ жил миний хувьд бэртэл гэмтэл гайгүй байгаа. Сүүлийн хэдэн жил гэмтэлтэй учраас олигтой зодоглож чадаагүй. Ер нь бөхчүүд бэртэл гэмтэлгүй барилдахын тулд бие биеэ хайрлаж байх хэрэгтэй. Бөхийн холбооноос гарсан өмсгөлийн стандартыг сайтар хангаж шалгах ёстой. Элэг бүсний уяаг хатуу мяндсаар хийх биш сүлжсэн бүс байх учиртай. Тэгэхэд зарим бөхчүүд хүний гар ч орохын аргагүй хатуу мяндсаар элэг бүсний уяа хийдэг нь тоогүй” гэж ярьсан нь бодууштай л үг.

Харцагаас “Энэ жилийн наадамд хэн хэн өнгөлж барилдах бол” гэж асуутал “Улсын наадмын дээд даваануудад бараг шинэ бөхчүүд гарч барилдах байх. Арслан, гарьд, аварга цолтон төрөх байх” гэж байна. Зочдод үйлчлэх хоёр хүдэр залуу бол Баянбулаг сумын заан Азбаяр, харцага Батсүмбэр нар юм. Тэд ноднингийнхоосоо сайхан хувирчээ. Б.Эрдэнэхүү арслангийн хувьд Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Орхон аймгийн “Эрин гүрэн” компаниар овоглож явдаг бөх. Нэг метр 91 сантиметр өндөртэй Монголын том биетэй бөхчүүдийн нэг түүний биеийн жин 145 кг. Түүний аав аймгийн хурц арслан Болд улсын наадмын тавын даваанд Монгол Улсын аварга Одвоогийн Балжинням, улсын арслан Ганбат нарыг ид байх үед амлуулан өвдөг шороодож байсан, улсын наадамд гурван удаа дөрөв давсан бөх. Болд арслан нутгийнхаа бөхчүүдийн гал дээр бас хүрэлцэн иржээ. Наадам дөхөхөөр сэтгэл нь догдлоод эдэн дээрээ ирж мэх зааж өгдөг аман ажилтай болжээ. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Монгол Улсын далай даян даяар дуурсагдах дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох аваргатай овог, нэр амьдай бөх бол Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох. Жудо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль зүүж байсан тэрээр 2007-2012 онд Япон улсын Нагояа хотын жудогийн сургуульд таван жил суралцаж байсан хүү.

Цэрэнтогтох арсланг Загийн гол, Хүрэн бэлчирээр нутагтай Залаа, Чандмань овооныхон “Улсын цол аваасай” гэж цай сүүнийхээ дээжийг өргөж л суугаа. Тэрээр нэг метр наян долоон сантиметр өндөр, 130 кг-тай. “Их Богд” дэвжээнд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотоос гурван залуу ирж бэлтгэлд гарч байгаа аж. Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний наадмын сорилго барилдаанд улсын харцага Даш-Очирын Батболд, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, аймгийн хурц арслан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, аймгийн арслан М.Отгонням, Д.Энхбат, Б.Бат-Орших, Б.Бат-Амгалан, Ч.Баасанбат, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат аймгийн арслан Даваажанцангийн Батбаяр, цэргийн арслан Д.Цэрэнтогтох, аймгийн заан М.Батцэнгэл, Д.Бямбасүрэн, харцага А.Отгонбаатар, Жаргалант сумын уугуул аймгийн харцага Батбаатар нарын улс, аймаг, сумын цолтой 48 бөх зодоглосон. Цол чимгээ дуудуулсан бөхчүүдийн онгод хийморь бадарч үнэн хүчийг үзэн барилдах нь бахархмаар. Хүндэт зочдын асарт “Ийст даймонд дрийлэнг” компанийн захирал, “Их Богд” дэвжээний нарийн бичгийн дарга Ц.Олдохбаяр нутгийн айраг сөгнөн хууч хөөрч суусан. Тэрээр “Энэ Дүүрэнсаран гэдэг бөх чинь манай аймгийн алдарт арслан Төмөрийн хүү шүү дээ” гэх ч юм уу, “Энэ дэвжээнд Орхон аймгийн харцага Батзул бэлтгэл хийж байгаа” гэх мэтийн сонинг дуулгав. Мөнөөхөн гурван буриад бөхийн талаар ч мань эр л чихний үзүүрт сонсгосон хэрэг. Баянхонгор аймгийн удирдлагууд энэ жилээс бөхчүүддээ ихээхэн сэтгэл гаргаж тусалж дэмжиж байгаа юм байх. Тавдугаар сард болсон Монгол Улсын арслан Пагмын Аюушийн нэрэмжит барилдааныг Монгол бөхийн өргөөнд өргөн дэлгэр хийсэндээ “Их Богд” дэвжээнийхэн баяртай байгаа нь илт.

Наадмын сорилго барилдаан бэсрэг наадмын хүндэт зочноор Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд, “Мөнхийн үсэг” группийн ерөнхий захирал Батмөнхийн Батцэцэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Дашзэвэг нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн харагдана. Батцэцэг сайд гэхэд “Мөнхийн үсэг” группийнхээ бөх аймгийн хурц арслан Н.Золбоод хүндэтгэл үзүүлж байсан. Био энергийн эмчилгээ судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Дамдинсүрэн нутгийн бөхчүүддээ сайн сайхныг хүсэж, үнэ төлбөргүй шинжилгээ, эмчилгээ хийх гэрээ байгуулсанаа гардуулж байсан. Бөхийн барилдааны үеэр Монгол Улсын филармонийн дуучин Номин-Эрдэнэ “Уяхан замбуутивийн наран”, “Асрын өндөр” зэрэг уртын сайхан дуугаараа мялаасан бол бэсрэг наадмыг үзэж сонирхохооор Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн их туурвилч Чойгивын Сангидоржийн хүү хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх АНУ-аас, Япон улсаас их аварга Ама Бямбадоржтой хамтран үзэсгэлэнгээ гаргаж байсан зураач Заяасайхан, “Улстөрч.мн” сайтын ерөнхий захирал, “Улстөрч” хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч Борын Ганзориг нар хүрэлцэн ирсэн байлаа. Дөчин найман бөхөөс Заг сумын харьяат цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох түрүүлж, Баянбулаг сумын харьяат улсын харцага Д.Батболд үзүүрлэж их шөвгийн гуравт Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү шалгарлаа. Дунд шөвөгт аймгийн хурц арслан Н.Золбоо, аймгийн харцага А.Отгонбаатар, аймгийн нэмэх начин Г.Жамбалдорж нар үлдэж хүчийг үзлээ. Сорилго барилдааны дараа бөхчүүд ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүлэн оройн тоондоо жагсах үеэрээ “Баянхонгор миний нутаг”, “Халуун элгэн нутаг” “Хонгор нутгийн хүчтэн” зэрэг дуунуудыг нийтээр дуулцгаав. Монгол Улсын гавьяат жүжигчин, төрийн соёрхолт Догмидын Сосорбарамын шүлгэнд “Морин хуур” наадмын тэргүүн шагналт хөгжмийн зохиолч Түзэлийн Ганболд аялгуу зохиосон дуу Баянхонгорынхны сүлд дуу гэдэгтэй хэн ч маргашгүй билээ.

“Хөх Монголын амин тасархай

Хонгор нутгийн түмэн минь

Алт эрдэнэсээр элбэг баян

Амьдрал тэмцлээр дүүрэн хийморь

Ус агаар нь насан дэлгэрсэн

Уран байгалийн өнгө нь алагласан

Түмэн олноо ариусган ундаалсан

Түй, Байдраг, Шаргалжуут рашаан

Мөнх тэнгэрийн нарны цацраг доор

Хүмүүн заяаны сэтгэл нь цагаахан

Тал, хангай, говь газартаа

Тавилан төөргийн жам нь гэгээхэн

Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий

Баянхонгор миний нутаг аа” гэж хүнгэнэтэл дуулах хүдэр эрчүүдийн сүрлэг сайхан дуунд агаар тэнгэр ч баясан баярлав гэлтэй хурын цагаан үүлсээ урин, чийгийн үнэр ханхлахуй монгол түмний бахархал баярын дээд үндэсний их баяр наадамдаа Хонгор нутгийн “Их Богд” дэвжээнийхэн өнгөлөг сайхан барилдах нь ээ гэсэн бэлгэшээл төрж байв. Цонжин болдогийн товцогт толгойн тэндээс их эзэн Чингис хааны маань ч сүрлэг хөшөө оройн жаргах улаан нарнаа алтран туяарч эрийн тэнгэр бөхчүүдээ хурайлан гийгүүлэх шиг санагдвай.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *