Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Идэр есийн хүйтэнд хүнээ халдаг төрийн байгууллага байтугай цайны газар ч байхгүй

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлээс 186 албан тушаалтны цалин, холбогдох зардлыг төсвөөс хасч баталсан аж. Нэг үгээр хэлбэл нийслэлийн хэмжээнд 186 орон тоог цомхотгоно гэсэн үг. Хөхөө өвлийн хүйтэн хөр цасны хайрууд тэднийг явуулах юм байна л даа. Идэр есийн хүйтэнд хүнээ халдаг төрийн байгууллага байтугай цайны газар ч байхгүй. Ингээд бодохоор энэ төр засаг чинь ямар харгис юм бэ. Төр төмөр нударга гаргаж болно л доо. Гэхдээ үүн шиг сэрүүдсэн шийдвэрээр нударганы амт үзүүлж болохгүй байлтай.

Адаглаад эдийн засаг хямарсан энэ үед халагдсан хүмүүс чинь хаашаа явах юм. Хаана очиж амьдрах юм бэ. Ингэж халах л байсан юм бол анхнаас нь яах гэж авсан юм бэ.

Нийслэлд ажиллаж байгаа албан хаагчид “Яанаа халагдах 186 дотор орчихсон юм биш байгаа. Ингээд ажилгүй болчих юм биш биз” гэсэн айдас тээн ажлаа хийж байна. Нийслэл шиг сайн ажиллаж байгаа яам тамгын газар алга гээд чухам л магтаад байсан цаг саяхан биз дээ. Ирэх жил Нийслэлийн ажил олигтой үр дүнд хүрэхгүй бол гайхах юм алга. “Өмнө нь ажил хийж байсан 186 цомхотголоор явчихсан хө” гээд сууж байхад нэг их гайхаад байхгүй л болж байх шиг. 10 гаруйхан хоногийн дараа дүн өвлөөр 186 албан хаагчид “Дүн” хийтэл цомхотголд орсон гэх мэдээ идэр есийн хүйтнийг мэдрүүлэн очих юм байна.

Нийслэлд ажилладаг хүмүүс “Манай дээр цомхотгол явагдана” гэдгээ юмыг яаж мэдэхэв гээд ар гэрийнхэндээ хэлсэн л байж таараа. Цомхотголд орох 186-гийн ард хичнээн хүн давхар жиндэж байгаа бол гэх бодол төрнө. Эдийн засаг сэргэхийн тулд худалдан авалт хийж мөнгийг эргэлтэд оруулах ёстой. 186 хүний цалинг хэмнэж нийслэлд 56.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана гэж байгаа ч үүнээс илүү борлуулалт хязгаарлагдах юм.

Төрийн албан хаагчдын цалинг халагдсан хүмүүсийн цалингаар нэмэх сураг дуулдаад байгаа. Үүнийхээ оронд хэмнэлт гаргах мөнгөөрөө олон хүнийг цалинжуулаад явбал үр өгөөж нь эдийн засагтаа нэмэртэй баймаар. Урь унаж цас гэстэл ядаж энэ хүмүүсээ цалин цавагтай нь ажиллуулаад байж болмоор доо.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *