2023 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах боловч, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.