Германы олон хотод болсон палестинчуудыг дэмжих жагсаалын дараа Берлинд Германы канцлер Олаф Шольц болон муж улсын Засгийн газрын тэргүүнүүдийн шөнө дунд өнгөртөл үргэлжилсэн хуралдаанаар цагаачлалын бодлогоо чангатгах тохиролцоонд хүрч, цагаачдад өгөх нийгмийн халамжаас жилд нэг тэрбум евро хэмнэх, тэдэнд олгодог нэг удаагийн мөнгөн тусламжийг 7500 евро болгож бууруулснаар ирэх онд муж бүрийн санхүүгийн дарамтыг бараг 3.5 тэрбум еврогоор багасгах шийдвэр гаргав. Хэдийгээр Эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд ордог Ногоон намынхан цагаачдад үзүүлдэг нийгмийн халамжийг бууруулахыг эсэргүүцсэн ч энэхүү улс төрийн зөвшилцлийг Герман улсын хувьд “түүхэн мөч” гэж Шольц тодорхойлсон байна. Харин энэ тухай Ногоон намын цагаачлалын мэргэжилтэн Юлиан Палке “Энэ бол нийгмийн зөрчлийг улам нэмэгдүүлж, цагаачдыг нийгэмшүүлэх үйл явцыг улам хүндрүүлэх шийдвэр юм” гэж хэвлэлд шүүмжлэн ярьжээ.
Маргааш нь ажлын цаг эхлэнгүүт Германы парламент болох Бундестаг уг асуудлаар бас хуралдав. ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд хатагтай Нанси Фаезер парламентад “Сүүлийн 12 жилийн хугацаанд Германы төр засаг юу гээчийг хийснийг, германчууд тэдэнд юу хийхийг зөвшөөрч тэд юуны тухай дуугүй өнгөрсөн нь манай улсын түүхэнд цаашид хэзээ ч давтагдах ёсгүй зүйл. Иймээс бид 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн лалын алан хядагчид Израильд хийсэн шиг еврейчүүд халдлагад өртөн амь насаа алдах явдал гарвал цаашид нүдээ аниад чимээгүй байж огт болохгүй” гэж мэдэгдэв.Холокостоос хойш ганцхан өдрийн дотор ийм олон еврей, еврей эмэгтэйчүүд алагдаж байгаагүй гэж тэр тэмдэглэв. Гэвч энэ аймшигт явдлыг Германы зарим оршин суугчид гудамжинд баяр болгон тэмдэглэж, антисемитийн уриа лоозон барьж жагсан энэ баяр хөөр өнөөг хүртэл үргэлжилж байна. Иймээс Германы еврейчүүд өөрсдийгөө мэдэгдүүлэхгүйг хичээж, киппагаа өмсөхгүй, Давидын одтой гинжээ нууж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахаас айж байна. Иймээс ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ амлаж, “Хядлагыг зөвтгөгчид, эрх чөлөөг ашиглан бусдыг үзэн ядахыг уриалж байгаа хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн ард нуугдах ёсгүй” гэж хэлжээ. Хатагтай Фезер Палестиныг дэмжигч олон улсын Самидун сүлжээний Герман дахь салбарыг аль хэдийн татан буулгаж, энэ сүлжээг дэмждэг бусад бүх байгууллагыг хориглох тушаал гаргасан гээд Герман дахь еврейчүүд болон тэдний байгууллагуудын аюулгүй байдлыг бэхжүүлэх болно гэж амласан байна.
Германы сөрөг хүчний Консерватив намын CDU/CSU фракцын төлөөлөгч Александр Добриндт парламентын индэр дээрээс “Германд болж байгаа исламистуудын жагсаалын эсрэг улс төрийн хатуу хариу үйлдэл хаана байна?” гэж засгийн газрын хэсэгт суусан Нэнси Фезерээс асуугаад “Таны ярьсан, хийсэн хангалтгүй байна” гээд “Социал демократ, Либерал, Ногоон намаас бүрдсэн Засгийн газраас илүү шийдэмгий, тодорхой арга хэмжээ авахыг бид хүлээж байна” гэж мэдэгдэв.Тэрбээр хэд хэдэн арга хэмжээг санал болгож, антисемитизмыг үндэстэн ястны үзэн ядалтыг өдөөх онцгой ноцтой хэлбэр гэж тунхаглах, Израилийг үзэн ядах үзлийг өдөөсөн хүмүүсийг дор хаяж зургаан сар хорих, антисемитийг гэмт хэрэг гэж үздэг болох, иргэншилгүй байгаа гадаадын иргэдийг Германаас нэн даруй албадан гаргах, давхар иргэншилтэй хүмүүсийн Германы паспортыг хүчингүй болгох ёстой гэсэн байна. Добриндт мөн “Израильтай зэрэгцэн оршихыг хүсдэггүй, еврейчүүдтэй хамт тайван амьдрахыг хүсдэггүй хүн Германд амьдрах ёсгүй” гэж хэлжээ. Мөн Бундестаг дахь AfD фракцын Беатрис фон Шторч “Германы зүүн жигүүрийн намын лобби Ойрхи Дорнодоос Герман руу шинэ антисемитизм оруулах үүд хаалга болсон. Германд Палестиныг дэмжсэн жагсаалын үеэр исламистууд болон Германы зүүний үзэлтнүүд хөл нийлэн явж байгаа нь онцгой аюултай үзэгдэл. Еврейчүүдийн амь нас, Израилийн оршин тогтнолд заналхийлж буй энэ антисемитизм Германы хөдөлмөрч хүн амын дундаас гарахгүй. Антисемитизм Исламын сүм хийд, холбоо, байгууллагууд, зүүн жигүүрийн их дээд сургуулиудаас гарч байна. Улс төрийн антисемитизмын энэ тэнхлэг нь Хамасаас эхлээд “Ирээдүйн төлөөх Баасан гараг” гэх хүрээлэн буй орчныг хамгаалах хөдөлгөөн, Хезболла-гаас эхлээд “Өнгөт арьст хүмүүсийн амьдрал ч чухал” хөдөлгөөн хүртэл үргэлжилдэг. Фон Шторч “Еврейн үзэн ядалтаар дүүрсэн, баруунд үл итгэгчид болох залуу, түрэмгий исламын шашинтай олон зуун мянган эрчүүдийг нээлттэй хаалганы бодлогоор Германд оруулж ирсэн Канцлер асан Ангела Меркел энэ бүхэнд буруутай” гэсэн бол фон Шторчийн AfD-ийн хамтран зүтгэгч Гётц Фромминг “Герман дахь еврейчүүдийг хамгаалах хамгийн сайн хамгаалалт бол антисемитүүдийг тус улсад нэвтрүүлэхгүй байх, Германы паспортгүй бүх хүнийг хөөж гаргах явдал” гэсэн байна.
Бусад фракцуудын төлөөлөгчид эдгээр баруун жигүүрийн популистуудыг буруутгаж, Либерал намын Кристиан Дуэр “Германы парламентын төлөөлөгчдийг еврейн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж, гөрдөж байгаа ганцхан нам Бундестагт сууж байна. Энэ бол хэт барууны үзэл бүхий Германы альтернатив нам” гэж онцолжээ. Үнэхээр ч зарим олон улсын судлаачид Европын хэт барууны намуудыг Кремль санхүүжүүлэн гаргаж ирсэн гэж үздэг юм. Кристиан Дуэрр хэдийгээр эрх баригч намын төлөөлөгч боловч Засгийн газрын цагаачлалын бодлогод байгаа алдаа дутагдлыг засч залруулах шаардлагатай гээд “Бидний үндсэн үнэт зүйлийг үл хүндэтгэдэг цагаачид манай улсад оршин суух зөвшөөрлөө эрсдэлд оруулж байгаа бөгөөд тэд ямар ч тохиолдолд Германы иргэн болох ёсгүй” гэж хэлсэн байна.
Хуучин коммунист, одоогийн хэт зүүний намын фракцын гишүүн Дитмар Бартч Герман дахь антисемитизм 1938 оны Кристаллнахт эсвэл 1923 оны еврейчүүдийн анхны томоохон хэлмэгдлээс эхлээгүй гэж дурдаад “Христийн Европ угаасаа еврейчүүдийг ад үздэг байсан бөгөөд энэ танхимд байгаа олон хүн үүнийг мартсан байна. Тиймээс өнөөдөр зөвхөн импортын антисемитизмийн талаар ярих нь ичмээр зүйл” гэсэн нь олон депутатын дургүйг хүргэсэн байна.
Цагаачлалын асуудал Германы эрх баригчдын хувьд томоохон сорилт болж байгаа бөгөөд 2015 онд канцлер Меркелийн засаглалын үед тус улс нэг сая гаруй дүрвэгчийг Ойрхи Дорнодоос хүлээн авсан юм. Мөн энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сарыг хүртэлх хугацаанд Германд оршин суух хүсэлт гаргасан цагаачдын тоо өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсч, 250,000 гаруйд хүрчээ.Үүнээс гадна Оросын эзлэн түрэмгийлэх дайны улмаас нэг сая гаруй дүрвэгч Украинаас Германд ирээд байгаа юм.Германд дүрвэж ирэгсдийн дийлэнх хэсэг Сири, Афганистан, Турк улсаас гаралтай байдаг бөгөөд зарим олон улсын шинжээчид “Барууны улсуудын гудамжинд дэлхийн III дайн дэгдэж магадгүй болов” хэмээн бичиж байна.
Г.АМАРСАНАА