Төрийн албаны зөвлөлийн XXX хуралдаанаар 11 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлдсөнөөс ажлын байрны шалгалтад хамгийн өндөр оноо авсан алба хаагчдыг нэр дэвшүүлсэн байна. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Б.Баярсайхан, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Д.Очирбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд Н.Цагаанхүүг томилуулахаар тус тус нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Б.Баярсайхан нь Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редакторын албыг хашиж байсан юм. Харин З.Мэндсайханы хувьд Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын туслах байсан аж.
Харин Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулах саналаа Хүний эрхийн комисст хүргүүлэхээр болжээ. ТАЗ-өөс есдүгээр сарын 12-нд Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг явуулж таван яамны ТНБД-ыг тодруулсан билээ.