Categories
мэдээ соёл-урлаг

Гудамжны бүжгийн аварга шалгаруулах тэмцээн болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance festival”-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ жил Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулга хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү фестивал нь орчин үеийн хотын соёлыг дэмжих, түгээх, орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлах, бүжгийн хамтлагуудыг олон нийтэд таниулах мөн жуулчдад Улаанбаатар хотын соёлыг сурталчлах зорилготой арга хэмжээ юм.

Тус фестивалд бүх насны хүмүүс болон чөлөөт бүжгийн хамтлагууд оролцох боломжтой. Оролцогчид рэп, хип хоп, брэк, електро, гудамжны бүжиг зэрэг орчин үеийн чөлөөт бүжгийн төрлөөр өрсөлдөх аж. Шалгарсан хамтлагуудын тоглолт, аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 19-нд “Чингисийн талбай”-д болно. Фестивалд оролцох хүсэлтэй чөлөөт бүжгийн хамтлагууд болон залуусыг энэ сарын 27-ныг хүртэл бүртгэх юм байна. Тэмцээний эхний шатны шалгаруулалт ирэх сарын 5-ны 13:00 цагт “Улаанбаатар чуулга”-д эхэлнэ.

Тэмцээнд Өмнөд Монголын Хөх хот, Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсаас хамтлагууд оролцох бөгөөд Солонгос, Япон, Монголын шүүгч нар хамтран шүүх юм байна. Түүнчлэн өнгөрсөн жил шилдэг гудамжны бүжигчинг 13 сая төгрөгөөр шагнаж байсан бол энэ жилийн хувьд таван сая төгрөгөөр урамшуулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *