Categories
мэдээ нийгэм

Гудамжинд тарьсан мод хулгайлбал 30 хоног баривчилна

Нийслэлд тарьсан гоёл чимэглэлийн модыг сугалж хулгайлан авч явсан хэрэг өчигдөр /2021.5.30/ гарчээ. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлсэн байна.

Тэрбээр, Энэбишийн өргөн чөлөөнд 220 ширхэг торхтой саванд гоёл чимэглэлийн мод тарих ажил Бямба гаригт /2021.5.29/ эхэлж нийт 150 торхонд монос 366 ширхэг, голт бор 384 ширхэг тарьсан.

Тавдугаар сарын 30-ны 04.31 минут орчимд өндөр ургасан монос модноос нэг ширхэг, голт бор гурван ширхэг сугалан авч хулгайлсан хэрэг гарсныг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мэдэгдэн хэрэгтнийг хайж байгаа аж. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал болохыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр анхааруулжээ.

Зөрчлийн тухай хуулиар 8.6 дугаар зүйлд заасны дагуу хулгайлах бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл хулгайлах буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн ижил хугацаагаар хорих ялаар шийтгэх зохицуулалттай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *