Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь огт тендер явуулдаггүй гэв


АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ, Прокурор, ШШҮХ гэхчлэн Монгол Улсын хуулийн байгууллагууд 60 тэрбумын асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй.Энэ нь хууль, хяналтын байгууллагууд авлигад хүчтэй идэгдсэнийг харуулж байгаа юм. 60 тэрбумын бичлэг Эрүүгийн хуулийн 19.2, 19.9-р заалтуудыг ноцтой зөрчсөн.

Энэ заалтуудыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1-д үндэслэн Тагнуулын Ерөнхий Газар ажиллах ёстой. Гэтэл зөвхөн авлигал авахыг завдсан гэх зүйлчлэлээр зөвхөн АТГ шалгаж, төрийн албанд томилогдсон хэдэн хүмүүсээс тайлбар авсан болонгуутаа нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргачихсан. Тиймээс АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 60 тэрбумыг асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар шалгах ёстой гэж үзэж байна” гэж тодотголоо.

Мөн тэрээр “УИХ-ын дарга М.Энхболд уг схемийн талаарх яриаг сонссон. Гэхдээ би дэмжээгүй” гэсэн байдлаар байр сууриа илэрхийлчихсэн байхад үүнийг зохиомол хэрэг гэж үзсэн. Дээрээс нь 60 тэрбумын хэргийг шалгуулахыг шаардсан хүмүүсийг шалгаад байгаа нь буруу. Монгол Улс бол эрхзүйт төртэй орон. Гэтэл хуулийн дор иргэд нь тэгш эрхтэй амьдарч чадахгүй байна. АТГ-ыг авлигачидтай тохиролцдог газар гэж нэрлэдэг болсон. Бид ажлаа авснаас хойш АТГ руу нийт 156 бичиг явуулсан. Гэтэл АТГ-д нэг бичгийг нь ч шийдэж чадсангүй. Тиймээс бид өнөөдөр АТГ-д бичиг өгөөд, огт асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа иргэдийн төлөөлөл оролцож байна” гэсэн юм.

Зөвшөөрлийг цуцалсан байсан ч дахин сэргээсэн

Мэдээллийн үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн н.Энхбат “Ард иргэдээс ирсэн гомдлын дагуу уул уурхайн тодорхой нэгжүүдэд ажиллаад ирлээ. Зөрчлүүд маш их илэрсэн. Тухайлбал, Баянхонгор аймгийн Жаргалант суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн зөвшөөрөл урт нэртэй хуулиар цуцлагдсан байсан ч дахин сэргээсэн байна.

Ингэж ажиллахдаа оператор компанитай гэрээлж, Байдрагийн голын усны эх Бөөрөлжүүтийн гол дотор олборлолт байсан. Үүнийг бид бичлэгээр баримтжуулан авсан. Уг асуудал дээр эрүү үүсгэн шалгаж байгаа билээ. Байгаль хамгаалагч нь удаа дараа Цагдаагийн байгууллагад хандсан ч үйл ажиллагаагаа явуулсаар байсан юм байна. Ажлын хэсэг лацдаад, ломбодоод явсан ч эргээд ажилласан талаар бидэнд өчигдөр мэдээлэл ирсэн.

Бөөрөлжүүтийн гол Засгийн голтой нийлээд,Бөөнцагаан нуурыг тэжээдэг учраас маш аюултай. Аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч өнөөг хүртэл тодорхой байдлаар гацаж байгаа учраас АТГ-д шалгуулах хүсэлтээ бид өгч байгаа” гэсэн юм.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийн талаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Одоо тендерийн асуудал бас хэрээс хэтэрчихээд байна. Аймгийн засаг, ИТХ-ын дарга нар нийлчихээд, дураараа идэж байдаг болчихсон байна. Жишээ нь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь огт тендер явуулдаггүй.

Шууд ИТХ-аар гаргасан шийдвэрийг өөрийнхөө дураар өөрчилж, машин аваад уначихсан байх жишээтэй. Аймгийн ИТХ-аас автобус авахаар 165 сая төгрөг төсөвлөсөн байхад Г.Батсуурь жижиг тэрэг аваад уначихсан байна. Уурын зуухны шинэчлэл дээр мөн л тендер зарлахгүйгээр 2 тэрбум төгрөг идчихсэн ноцтой гомдлууд манай дээр ирсэн” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *