Энэ оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 45 минутын орчимд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч, олон хүний сэтгэлийг зовоосон.
Тус компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүслээ.
Галын мэдээ монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан.
Богино хугацаанд үйлдвэрээ засварлаж үйл ажиллагаагаа эхлүүлж чадаж байна гэдэг бол гадаад болон дотоодын захиалагч, хэрэглэгчдийнхээ захиалгыг цаг хугацаанд нь нийлүүлэх боломжтой болж байна гэсэн үг гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Галын голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Ус суваг удирдах газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар төмөр зам, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тусламжийн гараа сунган туслалцаа үзүүлсэн албан байгууллагуудад тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан талархал илэрхийллээ.
Мөн “Говь” компанид туслах хандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана гэж тэрээр хэллээ.
“Говь шатлаа” гэсэн мэдээллийг нийт монголчууд сэтгэл зовж хүлээж авсан. Манай хамт олон нийт ард түмэндээ талархаж байгаа. Үйлдвэрээ хурдан хугацаанд засварлаж ашиглалтад оруулснаа монголчууддаа барьж буй бэлэг гэж бодож байгаа.
“Бид улам хичээж ажиллана” гэж компанийн хамт олон энэ үеэр хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.